logo
logo

Тамхины хуулийн төсөлчдөд: Хүүхдээ өөрсдөө мэдье, халааснаас минь савраа тат

УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн зүгээс тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх замаар хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас хамгаалах уриалга гаргаж, хуулийн зохицуулалтын талаар мэдээлэл хийсэн нь нийгэмд багагүй хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлгийн явцад зарим гишүүдийн зүгээс "Тамхи үйлдвэрлэгчид болон борлуулагчид хүүхдүүдийг маань шууд хордуулж байна" гэх зэрэг сэтгэл хөдлөлд суурилсан, туйлширсан мэдэгдлүүдийг хийж буй. Найман настай балчир вэйп сороод явж байна гэж сенсаацлах нь энүүхэнд. Хөдөөд төдий насны хүүхэд гаанс зуучихсан явааг бид өхөөрдөх нь холгүй л суудаг. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нь хэн бүхний зөвшөөрөх ёстой туйлын зөв зорилго мэт боловч, түүнд хүрэх арга зам нь "Төрийн оролцооны хязгаар хаана байх вэ?" гэх асуултыг дагуулдаг.

Тамхинд өндөр татвар ногдуулах замаар асуудлыг шийдэх гэсэн оролдлого нь хувь хүний эрх чөлөө, гэр бүлийн хариуцлагын зарчим болон зах зээлийн бодит хуулиудтай зөрчилддөг. Үүнийг өнөөгийн мөрдөж буй тамхины хууль бэлээхэн харуулсан.

Санаа зовох нэрээр гэр бүлийн хариуцлагыг булаах нь

Либертари үзлийн гол төлөөлөгч, Нобелийн шагналт эдийн засагч Мильтон Фридман (Milton Friedman) төрийн хэт оролцоог шүүмжлэхдээ, төр өөрийгөө иргэдийн "асран хамгаалагч" буюу эцэг, эхийн дүрд тавих нь хувь хүний хариуцлагыг үгүй хийдэг гэж үзсэн байдаг.

Хүүхдийг тамхи, хорт зуршлаас хамгаалах нь төр засаг татвар нэмж, үнэ өсгөх, эсвэл поп уриа лоозон дэвшүүлж албадлага хэрэглэх ажил огтоос биш юм. Энэ нь хувийн орон зайд буюу гэр бүлийн хүрээнд эцэг, эхчүүдийн анхаарал халамж, хүмүүжлээр зохицуулагдах ёстой үндсэн үүрэг. Хайртай хайртай гэхэд хайчаар тоглуулаагүй ээж минь гэдгийг утга учир тэр. Төр хүүхдийг хамгаалах нэрийдлээр насанд хүрсэн иргэдийн сонголт, эдийн засагт хэт хатуу хяналт тогтоох нь гэр бүл, хувь хүний өөрийнхөө амьдралыг авч явах, үр хүүхдээ хүмүүжүүлэх хариуцлагын ухамсарыг сулруулдаг. Өөрөөр хэлбэл, "Миний хүүхдийг төр хамгаалчихна, тамхи нь үнэтэй юм чинь авахгүй байлгүй" гэх гэнэн сэтгэлгээ нь эцэг эхийн бодит хяналтыг сулруулах эрсдэлтэй. Сургуулийн орчинд тамхи зарахгүй гэдэг ч бүгд нууц байдалд шилжсэн өнөө цагт дунд ангийнхан булан тохойд тамхи татаад зогсож байгаатай та бишгүй тааралддаг биз.

"Нүглийн татвар"-ыг тэнгэр ниргээсэй

Эдийн засагч Людвиг фон Мизесийн хэлсэнчлэн хүн бүр өөрийн үнэт зүйл, субъектив үнэлэмжид тулгуурлан сонголт хийдэг. Тамхи, согтууруулах ундаа зэрэгт өндөр татвар ногдуулахыг эдийн засагт "нүглийн татвар" (sin tax) гэж нэрлэдэг бөгөөд энэ нь төрөөс иргэдийн зан үйлийг "зөв, буруу" гэж зааглан, хүчээр удирдах гэсэн дарангуйлагч шинжтэй оролдлого юм. Харин Мюррей Ротбард татварыг иргэдийн өмчид халдаж буй түрэмгийллийн нэг хэлбэр гэж тодорхойлсон. Татвар өндөр байгаагаас монголчууд нийгмээрээ сульдаж байна. Компаниуд үүд хаалгаа барьж, өрөнд орон дансаа бариулж байна. Насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийн эрүүл мэнд, санхүүд эрсдэл учруулж буйгаа ухамсарлан хийж буй сонголтыг төр татварын бодлогоор шийтгэх нь шударга бус бөгөөд чөлөөт зах зээлийн зарчмыг алдагдуулдаг. Төрийн энэхүү түрэмгий, дарамт шахалтын бодлого зөвхөн онцгой татвараар зогсохгүй бусад салбарт ч илэрч байгааг УИХ-ын чуулган дээр өрнөсөн хэлэлцүүлгээс харж болно. УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн "Өр төлбөртэй ААН-ийн дансанд ямар нэгэн орлого орж ирлээ гэхэд орлогын 70 хувийг Сангийн яам шууд суутгаж авна гэсэн үг үү?” гэсэн асуултад,

ТЕГ-ын дарга Б.Цогтнаран:

-Татварын өрийг үл маргах журмаар барагдуулах зохицуулалттай. Дансанд нь ирээдүйд орж ирэх орлогын 70 хувиар данс битүүмжилж, 30 хувийг үлдээнэ. Тухайлбал данс битүүмжилсний дараа 10 сая төгрөг орж ирвэл 7 сая төгрөгийг татварын өрөнд хураан авна. Дансанд нь 3 сая төгрөгийг үлдээнэ гэж хариулах жишээтэй. "Үл маргах журам" гээд байгаа биз. Төр хувийн хэвшлийнхнийг үг хэлэх, тайлбарлах эрхгүйгээр шууд тонодог, орлогынх нь 70 хувийг дээрэмдчихээд үлдсэн 30 хувиар нь "амь тавилгүй голоо зогоож бай" гэж тохуурхдаг ийм увайгүй тогтолцоо руу бид аль хэдийн алхаад орчихжээ. Компаниудын дансыг улайм цайм ингэж боомилж байгаа төр тамхины татвараар далайлган иргэдийн халаасыг тэмтрэхдээ ичих үү? Сэдэв нь өөр боловч, цаад логик нь яг ижилхэн хувийн өмч рүү халдаж буй төрийн "урт гар"-ын илрэл юм.

Бидний хүүхэд илүү ихээр хордоно

Татварыг өндөр тогтоосноор тамхины хэрэглээ шууд зогсохгүй гэдгийг дэлхийн эдийн засгийн түүх бэлхнээ гэрчилдэг. Либертари эдийн засагчдын анхааруулдаг нэг гол зүйл бол төрийн зохицуулалтын санамсаргүй сөрөг үр дагавар юм. Татвар хэт өндөр болсноор тамхи худалдаа хяналтад орчихдоггүйг лангууны доогуур худалдаанд шилжсэн өнөөгийн борлуулалт бэлхнээ гэрчилнэ. Өнөөдөр Монголд хууль бус худалдаа буюу хар зах хэзээний үүсчихсэн. Ингэснээр албан ёсны татвараас зугтсан, хилээр хууль бусаар орж ирсэн тамхины далд эдийн засаг цэцэглэдэг.

Хяналт тавих гээд байгаа тамхины хэрэглээ ямар ч хяналтгүй болно. Хууль бус зах зээлд зарагдаж буй тамхинд чанарын болон насны хязгаарлалтын ямар ч хяналт байдаггүй учраас хүүхэд, залуучуудын гарт илүү хямд, илүү хортой хэлбэрээр очих эрсдэлийг нэмэгдүүлдэг. Төр хүүхдийг хамгаалах гэж байгаад харин ч хар захын золиос болгох аюултай.

О.Номинчимэг нар бидний хүүхдийг хамгаалах бус хордуулах гэж байна

Хүүхдийг эрүүл орчинд өсгөх нь нийгмийн зүй ёсны шаардлага мөн боловч үүнийг татвар нэмэх, үнийн дарамт үзүүлэх, ААН-үүдийн дансыг хааж боомилох зэрэг төрийн албадлагын аргаар шийдэх нь либертари үзлээр батлагдсан буруу бодлого. Төр үнэхээр энэ асуудлыг шийдье гэвэл хүчээр зохицуулж, "хүүхэд хордууллаа" гэж сэтгэл хөдлөлөөр далайлгах бус эцэг эхчүүд үр хүүхдээ халамжлах, хянах хувийн хариуцлагаа ухамсарлах, иргэний нийгэм болон чөлөөт мэдээллийн урсгалаар дамжуулан хор уршгийг таниулах хариуцлагатай сонголт, соёлыг түгээх нь илүү үр дүнтэй арга. Төр иргэдийнхээ өмнөөс "юу нь зөв, юу нь буруу" болохын шийдэж, халаасыг нь тэмтэчих тусмаа хувь хүний бие даасан байдал, хариуцлагын тогтолцоо нуран унадаг билээ. О.Номинчимэг нарын хуулийн төсөл санаачлагчдын яриад байгаачлан энэ хуулийн төсөл яав ч би бидний хүүхдийг хамгаалахгүй. Харин ч улам хортой, чанаргүй тамхийг хяналтгүй авах боломжийг л бүрдүүлэх аюултай.

1-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...