logo
logo

Б.БАТЦЭЦЭГ САЙДЫН СҮЛЖЭЭ БА 24 ТЭРБУМЫН ГҮЙЛГЭЭ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн нэр тойрсон "хэвлэлийн мафи"-ийн дуулиан дахин дэгдэж, энэ удаад 24 тэрбум төгрөгийн худалдан авалт иргэдийн анхаарлын төвд орлоо. Төрийн үнэт цаас, гадаад паспорт хэвлэх онцгой эрхийг тойрсон энэхүү тоглоом нь шударга өрсөлдөөнийг булшилж, төрийн өмчийг хувийн компанийн "түрүүвч" болгон ашиглаж буй ичгүүргүй жишээ болжээ.


Алтай хотхоны айлын гал тогооноос гарсан 24 тэрбумын тендер

24 тэрбум төгрөг гэдэг бол Монгол Улсын хэмжээнд хэд хэдэн сургууль, цэцэрлэг барих хэмжээний асар их мөнгө. Ийм хэмжээний бараа материал нийлүүлж буй компани дор хаяж олон жилийн түүхтэй, том агуулахтай, олон зуун ажилтантай байх ёстой. Гэтэл бодит байдал дээр хаяггүй "хий үзэгдэл" байжээ. "Жордан Топпен Трейд" ХХК-д оффис байхгүй, ажилтан байхгүй, түүх байхгүй. Албан ёсны хаяг нь БГД-ийн 24-р хороо, Алтай хотхоны нэгэн жирийн айлын хаалгаар хязгаарлагдаж байна.


Эзэн нь хэн бэ?

Тус компанийн цор ганц хувьцаа эзэмшигч Б.Сувдмаа гэгч нь Б.Батцэцэг сайдын хүү Г.Соджамцын үүсгэн байгуулсан "Ви Эс Эм" ХХК-ийн хувь эзэмшигчээр бүртгэгдсэн байдаг. Энэ бол санамсаргүй тохиолдол биш, харин сайдын гэр бүлийн бизнесийн сүлжээний "нууц гар" гэдгийг баталж буй хэрэг юм.


"Төрийн үнэт цаас хэвлэл" ба Э.Ариунгэрэл гэх "найдвартай" гүйцэтгэгч

УБЕГ-ын харьяа "Төрийн үнэт цаас хэвлэл" ТӨДХХК-ийн 49 хувийг "Мигасон" гэх компани эзэмшдэг. Энэ компанийн захирал Н.Цэрэндолгор нь Б.Батцэцэг сайдын "Мөнхийн үсэг" компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан "өөрийн хүн" нь. Харин 24 тэрбумын худалдан авалтыг "Жордан Топпен Трейд"-тэй шууд хийсэн хүн бол Э.Ариунгэрэл. Тэрээр энэ албанд томилогдохоосоо өмнө сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгт байдаг "Монголын үнэт цаас хэвлэл" компанийг удирдаж байсан. Сайдын хувийн компаниас төрийн компанийн суудалд шууд шилжин ирж, сайдын хамаарал бүхий "хий үзэгдэл" компанид 24 тэрбумыг шилжүүлсэн нь Тендерийн хуулийг уландаа гишгэсэн үйлдэл юм.

Өрсөлдөөнийг боомилсон гарын үсэг

УБЕГ-аас анх зарласан нээлттэй тендерийг Сангийн яаманд бичиг өгч цуцлуулсан үйл явдал нь энэ хэргийн хамгийн ноцтой хэсэг. Сайдын хүн гэгддэг Н.Цэрэндолгор "Мигасон" компанийн бланкан дээр шаардлага хүргүүлж тендерийг цуцлуулснаар, нээлттэй өрсөлдөөнийг хааж, шууд худалдан авалт хийх замыг зассан байна. Энэ бол зах зээлийн шударга өрсөлдөөнийг төрийн хүчээр боомилж, зөвхөн "кланы" халаасыг зузаатгах гэсэн бохир технологи.


Аудитын дүгнэлтийг "хайрцагласан" нь

"Төрийн үнэт цаас хэвлэл" компанийн талаарх аудитын ноцтой дүгнэлтүүд УБЕГ-ын даргад хоёр жил дарааллан очсон ч өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага тооцоогүй байна. Энэ нь тус компанийн ард Гадаад харилцааны сайд гэх том "хамгаалалт" байгааг, төрийн хяналт шалгалтын байгууллагууд ч энэ нөлөөллийн өмнө хүчин мөхөсдөж байгааг харуулж буй хэрэг биш үү? Гадаад паспорт шинэчлэх нэрээр ард түмний татварын мөнгийг Алтай хотхоны айл руу юүлж буй Б.Батцэцэг сайд болон түүний гар хөлүүдийн үйлдэл нь Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг ноцтой зөрчиж байна. Төр өөрөө "хэвлэлийн мафи"-ийн орогнох байр болж, сайд нь хувийн бизнесээ төрийн мөнгөөр тэтгэж байгаа цагт шударга өрсөлдөөн, засаглалын шинэчлэл гэж ярих нь хоосон төсөөлөл юм.

2-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...