Хятадын баруун өмнөд хэсгийн Чунчин хотын Пэншүй шяний нутагт болсон томоохон хөрсний нуралтын улмаас 11 хүн амиа алдаж, 50 хүн ор сураггүй хэвээр байна.
Энэхүү гамшиг нь долдугаар сарын 17-нд үргэлжилсэн аадар борооны улмаас уулын энгэр нурж, 10 гаруй орон сууц болон барилга байгууламжийг хөрсөн дор булснаар болсон байна. Мөн 10 хүн гэмтэж бэртжээ.
Аврагчид хүнд даацын техник, дрон, амьд хүн илрүүлэх төхөөрөмж ашиглан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч, их хэмжээний хад чулуу, тогтворгүй хөрс, дахин нурах эрсдэлээс шалтгаалан ажиллагаа маш хүндрэлтэй үргэлжилж байна. Одоогоор амьд үлдсэн хүн илрээгүй байгаа талаар албаныхан мэдээлжээ.







