|
--°C
|horoscope icon |
logo
logo

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр 20:40 цагаас МҮОНРТ-ийн шууд ярилцлагад оролцоно

Путины нэвтрүүлгийн монголчилсон хувилбарыг Н.Учрал өнөө орой хийнэ

Өнөөдөр орой МҮОНРТ-ээр "Ерөнхий сайдаас асууя" гэх хоёр цаг хагасын шууд ярилцлага гарна. Иргэд асуултаа илгээж, гүйцэтгэх засаглалын тэргүүн шууд хариулах гэнэ. Хэлбэр нь шинэлэг, ардчилсан мэт боловч, цаад агуулга нь хойд хөршийн Владимир Путины жил бүр найруулан тавьдаг "Прямая линиянэвтрүүлгийн монгол хувилбар гэдгийг олон нийт хэдийнэ гадарлана.

Олон нийтийн телевизийн эфирийг бүтэн хоёр цаг гаруй уях энэхүү шоуны цаад зорилго нь хэнд ч ойлгомжтой. Популист улс төрийн аргаар Ерөнхий сайдыг ард түмнийхээ дуу хоолойг сонсогч, асуудлыг газар дээр нь шийдэгч, аврагчийн дүрд тоглуулах шоу ийнхүү бэлэн болжээ. Утсаар болон цахимаар холбогдох иргэдийн асуултыг шүүх цензурын "хайч" энэ телевизэд яаж ажилладаг вэ гэдгийгбид мэдэхтэйгээ болсон. Яг одоо хамгийн өндөр ачаалалтай ажиллаж байгаа нь дамжиггүй. Өмнөх Ерөнхий сайдын үед өнцөг булан бүрээс манай телевиз асуух гэж байна гэсэн уйтгартай, өөрсдийгөө дөвийлгөсөн, ямар ч дорвитой агууллагагүй нэвтрүүлгийг хангалттай харж залхсан. Тиймээс ч энэ удаад системийн алдаа, авлига, хариуцлагын тухай халуун сэдвүүдийг "техникийн саатал" эсвэл "цаг хугацааны хязгаар" гэх хаалтаар хасаж, урьдчилж бэлдсэн, эсвэл үр дүн нь хэнд ч ашиггүй хөнгөн асуултуудыг урдаа барих магадлал өндөр байна.

Уг нь бол институци нь эрүүл ажиллаж байгаа улсад иргэдийн асуултад салбарын яамд, орон нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллагууд нь өдөр тутамд нээлттэй хариулж, асуудлыг системээр нь шийдэж байх ёстой. Гэтэл бүх асуудлыг Ерөнхий сайд дээр зангидаж, телевизийн шууд эфирээр шийдэж байгаа мэтээр жүжиглэх нь засаглалын чадамжгүйн илрэл үү, эсвэл ээлжит пи-ар уу?

Бэлдээгүй хэвлэлийн бага хурлаас эмээж, сэтгүүлчдийн гэнэтийн асуултаас бултдаг төр засагт 150 минутын шууд эфир амлаж байгаа нь өөрөө парадокс. Олон нийтэд өнөөдөр найруулсан шоу, нэг хүний монолог биш, хариуцлагатай засаглал, бодит ил тод байдал л хэрэгтэй байна.

19-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...