|
--°C
|horoscope icon |
logo
logo

ЛЕНИНИСТ КОММУНИЗМААС МАРКСИСТ СОЦИАЛИЗМ РУУ

ОРШИЛ: Коммунизм танктай биш үгээр орж ирсэн нь

Коммунизм нуран унасан гэдэгт олон хүн итгэдэг. Зөвлөлт задарсан. Улаан туг буусан. Хана нурсан. Гэвч үзэл санаа хэзээ ч ингэж амархан үхдэггүй. Өнөөдөр коммунизм танкаар түрж хил давхаа больсон. Харин хууль, бодлого, төсөв, “хүмүүнлэг” уриатайгаар ирдэг болжээ.

Өчигдөр “дарлагч ангийг устгана” гэж ил хэлж, цус урсгадаг байсан бол өнөөдөр “тэгш эрх”, “нийгмийн шударга ёс”, “хүн төвтэй бодлого” гэж том дуугарч, аажмаар үхүүлэх авай.

Нэршил нь өөр. Хэллэг нь зөөлөн. Логик нь огт өөрчлөгдөөгүй. Карл Маркс, Фридрих Энгельс нарын “Коммунист намын тунхаг” бол уран зохиол биш. Тэнд капиталист нийгмийг задлах маш тодорхой заавар бий. Ялангуяа аж үйлдвэржсэн орнуудад зайлшгүй хэрэгжүүлэх ёстой 10 арга хэмжээ. Товчхондоо үүнд хувийн өмчийг сулруулах, төрийн төвлөрлийг нэмэгдүүлэх, зах зээлийг зохицуулах нэрээр удирдах, иргэнийг биш системийг хамгаалах логик юм.

Монгол Улс Үндсэн хуульдаа “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулна” гэж тунхагласан. Гэвч бодит амьдрал дээр бид аль замаар явж ирснээ хууль, бодлого, шийдвэрүүдээ л хараад ойлгож болно.

Энэ нийтлэл бол коммунизмыг хараах оролдлого биш баруун, зүүн гэсэн хоосон маргаан өрнүүлэх ч биш. Харин “Коммунист намын тунхаг”-т бичигдсэн заалтууд Монголын бодит бодлогод ямар хэлбэрээр, ямар хэмжээнд аль хэдийн хэрэгжсэнийг баримтаар тулгаж харуулах оролдлого юм.

Үүнийг бичигч бээр ердөө гуравхан жилийн өмнө энэ тухай бичиж байсан бөгөөд зарим нь хараахан биелээгүй байсан бол одоо бүрэн утгаараа биежин дүр, төрхөө олжээ. Энэ бол улс төрийн хоч, хэтрүүлэг биш. Энэ бол хууль, бодлого, төсөв, шийдвэрээр нотлогдож байгаа бодит байдал.

Энийг уншигчаас асуух энгийн асуулт:

Бид Үндсэн хуулиараа хаашаа явна гэж амалсан бэ, харин бодлогоороо хаашаа явж байна?

I. МАРКС юу бичсэн бэ? Монголд юу хийчив?

“Коммунист намын тунхаг”-т дараах 10 арга хэмжээг капитализмыг устгах заавал хийх алхмууд гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл Монгол Улсыг харъя.

1. Хувийн өмчлөлийн газрыг хураан авч, газрыг түрээсэлж, улсын төсөвт орлого бүрдүүлэх

Монголд газар жинхэнэ утгаараа иргэний өмч биш. Дээд тал нь 50 жилээр өмчилдөг. Газрыг төр эзэмшүүлнэ, ашиглуулна, хураана, эзэмших зөвшөөрлийг цуцална. Газрын үнэ, ашиг иргэнд биш, зөвшөөрөл олгогч төрийн байгууллагад төвлөрдөг.

Марксын заалт: БҮРЭН БИЕЛСЭН.

2. Прогрессив буюу өсөн нэмэгдэх татвар ногдуулах(шаталсан татвар)

  • “Шударга ёс”, нийгмийн тэгш хуваарилалт нэрээр татвар байнга өсдөг. Орлого нэмэгдэх тусам төр илүү татвараар “шийтгэдэг”. Баяжих нь нүгэл мэт ойлголт тогтсон. Ашиг орлоготой, амжилтад хүрсэн иргэнийг шагнах биш сэжиглэдэг систем.

Марксын заалт: БИЕЛСЭН.

3. Өв залгамжлах эрхийг устгах

Өв залгамжлал хууль ёсоор байгаа мэт боловч үл хөдлөх, бизнес, лиценз, газар дээр төрийн хяналт, татвар, хязгаарлалт дамжуулан бодитоор үгүй хийдэг. Иргэн өмчөө “үр хүүхдэдээ үлдээнэ” гэж итгэх итгэл алдагдсан.

Марксын заалт: ДАЛД ХЭЛБЭРЭЭР БИЕЛСЭН.

4. Цагаач, “дайсагнагчдын” өмчийг хураах

“Олигарх”, “баячууд”, “ашиг сонирхлын бүлэг” гэдэг үг хууль ёсны өмчийг улс төрийн бай болгож байна. Өрсөлдөгчөө ийм байдлаар нийтэд яллаад хөрөнгийг дээрэмдэх зүйл газар авсан бол жирийн иргэдийн газрыг “нийтийн эрх ашиг” гэгчээр хураах, ТҮЦ-нээс эхлээд хувийн бизнесийг зөвшөөрөлгүй, зөвшөөрлийг нь цуцлах байдлаар түрдэг болсон. Зөвхөн 2025 онд 1436 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Энэ мэтээр шүүхээс өмнө яллаж, өмчийг нь нийгмийн дайсан мэт үзэх хандлага тогтсон. Хууль биш олны уур, троллын дайралт шүүх болжээ.

Марксын заалт: БИЕЛСЭН.

5. Зээлийн тогтолцоог төрийн гарт төвлөрүүлэх, төрийн өмч бүхий онцгой монополь улсын банк байгуулах

Монголын банк, санхүүгийн бодлого төрөөс бүрэн хамааралтай. Монголбанк мөнгө хэвлэж иргэдийг хохироодог бол Хөгжлийн банк, Төрийн банкнуудаас улстөрчид л ашиг олж байна. Мөнгөний бодлого иргэний биш, төсвийн хэрэгсэл болсон. Хүү, зээл зах зээлээр биш, эрх баригчдын бодлогоор шийдэгддэг.

Марксын заалт: БИЕЛСЭН.

6. Тээвэр, харилцаа холбоог төрд төвлөрүүлэх

Төмөр зам, авто зам, агаарын зам, стратегийн тээвэр төрийн монополь хэвээрээ. Харилцаа холбооны хувийн операторууд байсаар байгаа ч хяналт, зөвшөөрлийг нь төр өгдөг сүлжээ. Чөлөөт өрсөлдөөн бус зөвшөөрөлтэй бизнес.

Марксын заалт: БИЕЛСЭН.

7. Улсын үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг төрд төвлөрүүлэх

“Стратегийн орд”, “төрийн оролцоо”, “төрийн өмчит компани” байнга тэлэн өсөж байна. Арван жилийн өмнө 55 байсан ТӨК гурван жилийн өмнө 117 болж, өнөөдрийн байдлаар 200 дөхжээ. Тэд 1 төгрөгийн бараа үйлдвэрлэхийн тулд 6 төгрөг зарцуулдаг. Зээл олгох байдлаар өмчийн нь хэмжээ байнга өссөөр байгаа ч үр бүтээл алга. Ашиггүй байсан ч татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэнэ. Алдагдлыг нийгэмшүүлж, ашгийг улстөржүүлдэг загвар.

Марксын заалт: БИЕЛСЭН.

8. Хөдөлмөрийг бүх нийтэд албадлага болгож, аж ахуйн үйлдвэрийн болон хөдөө аж ахуйд зориулагдсан армитай болох

“Ажил хийвэл ам тосдоно” гэдэг нь уриа бий болсон ч ажил хийсэн хүн ядуу хэвээрээ. Харин эсрэгээрээ төрийн алба хүрээгээ тэлсээр Монголын нийт ажиллах хүчний 1/4 -ийг эзлэх болов. Төрийн албан хаагч хөдөө орон нутагт амьдарвал орон сууцны 3 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож, цалин нэмэх шийдвэр гаргасан. Гэтэл хувийн хэвшилд ажиллаж буй иргэд цалингийнхаа 50 хувийг төрд татвар, хураамж нэрээр шууд суутгуулж байна. Хөдөлмөрийн үнэ цэнэ биш, төрийн дуулгавартай албан хаагчдаар эгнээгээ өргөжүүлэх нь зорилго болсон.

Марксын заалт: ХЭСЭГЧЛЭН БИЕЛСЭН.

9. Хот, хөдөөгийн ялгааг арилгах нэрээр төвлөрөл бий болгох

Бодит байдал дээр ялгаа арилсангүй, харин ядуурал жигд тархсан. Монгол Улсын нийт иргэдийн талаас илүү хувь нь нийслэлд амьдарч байна. Хөдөө орон нутагт амьдрахыг дэмжсэн алагчлах бодлого баримталсан ч үр дүн гарсангүй. Харин зориуд амьдралын түвшинг нь сайжруулах нэрээр соёлын төв, сургууль барьж татвар төлөгчдийн мөнгийг үрдэг болсон. Хот ч ядруу, хөдөө ч боломжгүй хэвээрээ.

Марксын заалт: ГАЖУУДСАН ХЭЛБЭРЭЭР БИЕЛСЭН.

10. Бүх хүүхдийг үнэ төлбөргүй, нийгмийн буюу улсын боловсролоор хангах. Хүүхдийг төрийн үзэл суртлаар хүмүүжүүлэх

Боловсрол нь чадвар бус үзэл суртал, уриа, хөтөлбөр дагадаг. Чөлөөт сэтгэлгээ биш, “зөв бодол” шаардана. Үзэл суртлаар өвч зэвсэглэх бодлогыг жилийн жилд, сайдаас сайдын хооронд нэмэгдүүлж байгаа. Иргэн биш “зөв” хүмүүжилтэй, дуулгавартай масс бэлтгэх систем.

Марксын заалт: БИЕЛСЭН.

Дараагийн асуулт: БИД ЮУ БОЛЧИХОВ?

Бид Үндсэн хуульдаа “ардчилсан, иргэний, хүмүүнлэг нийгэм байгуулна” гэж бичсэн.

Гэтэл бодлогоороо иргэнийг биш өрийг, эрх чөлөөг биш төсвийн төлөвлөгөөг, хариуцлагыг биш төвлөрлийг шүтдэг систем байгуулжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Үндсэн хуулиараа барууны мэт харагдсан зүүний ардчилал, бодлогоороо зүүний тоталитар логиктой улс болжээ. Энэ бол хамгийн аюултай хольц.

САНАМСАРГҮЙ АЛДАА БИШ

Энэ бүхэн эдийн засгийн “осол”, алдаа биш. Муу менежмент ч биш. Түр зуурын хямрал огтхон ч биш. Энэ бол тодорхой үзэл санааны системтэй хэрэгжилт. Шууд хэлэхэд Маркс бичсэн. МАНайх уншсан. Тэгээд хэрэгжүүлсэн.Харин одоо ганц асуулт танд үлдэж байна.

Бид Үндсэн хуулиа хэрэгжүүлж чадаагүй юу эсвэл бидний Үндсэн хууль үнэн хэрэгтэй “Коммунист намын тунхаг”-ийг эдүгээчилсэн хувилбар уу?

Эрх чөлөө гэдэг бол төрөөс өгдөг бэлэг биш, төрөөс хамгаалах ёстой орон зай юм.

Хувийн өмч, хөдөлмөрийн үр шимээ эзэмших эрх сулрах тусам иргэн бус, хараат масс бий болдог.

Монгол хүн эрх чөлөөтэй байж чадвал Монгол Улс хүчтэй байна. Өөр зам бидний өнгөрсөн рүү л буцаана.

113-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...