Нүүрсний хэргээр ял аваад байсан Т.Аюурсайхан суллагджээ. УИХ-ын гишүүн асан Төмөрбаатарын Аюурсайхан олон нийтэд хандан цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, өөрийг нь нүүрсний хэрэгт холбогдуулан ялласан гэх мэдээллийг үгүйсгэж, улс төрийн шалтгаантай хэлмэгдүүлэлт болсон гэж мэдэгдлээ. Т.Аюурсайханы мэдэгдэл нь, нүүрсний хэрэгт холбогдоогүй, ял шийтгэлтэй холбоотой мэдээлэл ташаа ойлголт. Улс төрийн шалтгаантай дарамт, хэлмэгдүүлэлт болсон байж болзошгүй.. Өмнөх улс төрийн байр суурь, стратегийн ордуудын асуудал нь өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой гэсэн гурван зүйлийг онцолсон байна. Тэрбээр “надад нүүрстэй холбоотой нэг ч асуудал байхгүй” хэмээн онцолж, өөрийн хэрэгт нүүрсний асуудлаар яллах дүгнэлт үйлдээгүй талаар 2024 оны есдүгээр сарын 12-нд шүүхийн шатанд албан ёсоор мэдээлэгдсэн гэж дурдсан байна. Мөн өөрийг нь нүүрсний хэрэгт ял шийтгүүлсэн мэтээр олон нийтэд мэдээлж буйг гүтгэлэг хэмээн тодорхойлов.
“20 гаруй жилийн өмч хөрөнгөө шалгуулж, баримтаар нотолсон”
Т.Аюурсайхан 2000 онд гадаадад боловсрол эзэмшиж эх орондоо ирснээс хойш бизнес эрхэлж ирсэн бөгөөд 20 гаруй жилийн хугацаанд бүрдүүлсэн өмч хөрөнгөө шалгуулж, баримтаар нотолсон гэжээ. Өөртэй нь холбоотой “алтан морь” зэрэг хөрөнгийн тухай яриа нь зориуд тараасан гүтгэлэг байсан хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна.
Тэрбээр өөрийн өмч, шүүхийн явц, баримт нотолгооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй олон нийтэд танилцуулна гэв.
Улс төрийн шалтгаан байсан уу?
Мэдэгдэлдээ тэрээр Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ болон эрх баригч намын нөлөө бүхий бүлэглэл өөрийг нь улс төрийн зорилгоор буруутгасан гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд эрх баригчдыг дэмжиж ирсэн ч хуульд итгэснээсээ болж өөрийгөө хангалттай хамгаалж чадаагүй хэмээн тайлбарлав.
Стратегийн ордуудын асуудлаарх байр суурь
Т.Аюурсайхан мэдэгдэлдээ стратегийн ордуудтай холбоотой өмнөх улс төрийн байр сууриа дахин сануулсан байна. Тухайлбал:
2017 онд Эрдэнэс Тавантолгой компанийн ордыг гадаадын хөрөнгө оруулагчид бүрэн ашиглуулах шийдвэрийг эсэргүүцсэн,
Эрдэнэт үйлдвэр-ийн өмчлөлийн асуудлаар байр сууриа илэрхийлж байсан,
Оюу Толгой төслийн гэрээг Монголын талд ашигтай болгохын төлөө ажилласан,
Үндсэн хуулийн 6.2-т стратегийн ордын баялгийг ард түмэнд хүртээх агуулгыг тусгуулахад оролцсон гэж мэдэгдэв.
“Авлигын эсрэг тэмцлийг дэмжинэ”
Тэрбээр цаашид Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын авлигын эсрэг тэмцлийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.





