“Ажил хийдэг дарга” ба хотын захиргаадалтын шинэ цикл
Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын удирдлагын бодлогыг тойрсон маргаанд нэг хэллэг давамгайлж байна. “Х.Нямбаатар жаахан хатуу ч гэсэн ажил хийдэг” гэх юм уу эсвэл “Хэрүүлч ч гэсэн ажлаа хийдэг” гэх үгс. Хөгтэй нь ч хөөрхий монголчуудын хоёр том намын “мундаг” гэгддэг улс төрчдын амнаас энэ үгс гарах болсон тэтгэвэр, тэтгэмж, эдийн засаг хүндхэн байгааг илтгэх мэт.
Х.Нямбаатарын үед хэрэгжүүлж буй хотын бодлогыг дэмжигч монголчууд төдийгүй вьетнамчууд эмх цэгцтэй, гоо зүйн мэдрэмжтэй гэж үнэлдэг. Тэднийхээр бол Улаанбаатарыг нэг ч барилгагүй хээр тал болгохыг туйлаас хүсэх шиг. Харин тэдний долоолгыг шүүмжлэгчид захиргаадалт, төвлөрөл, жижиг бизнесийн орон зай хумигдаж буйг гаслан сануулсаар...
Хотын бодлого Монголын эдийн засгийн бүтэцтэй нийцэж байна уу? Эсвэл төвлөрлийг улам гүнзгийрүүлж байна уу? Улаанбаатарын утаа, бохир, зам талбай, түгжрэл дээрдэв үү? Энэ хотын оршин суугчид амар тайван байж, амжиргааны эх үүсвэр нэмэгдэж байна уу гэх асуулт та юу гэж хариулах бол...
Монголын эдийн засгийн бүтэц: Жижиг бизнес давамгайлсан орон
Үндэсний статистикийн хорооны сүүлийн жилүүдийн мэдээллээс:
Бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй хувь нь жижиг, дунд бизнес (ЖДБ) байна. Хөдөлмөр эрхлэлтийн ихэнхийг ЖДБ бүрдүүлдэг төдийгүй нийслэлд төвлөрсөн аж ахуйн нэгжүүд улсын нийт ААН-ийн тал хувиас давжээ. Монгол бол том корпорац давамгайлсан эдийн засаг биш, харин жижиг, тархмал бизнес давамгайлсан эдийн засаг.
Ийм бүтэцтэй системд стандарт, зөвшөөрөл, хяналтын зардал өсөх, торгуулийн эрсдэл нэмэгдэх, байршлын хязгаарлалт бий болох нь капиталын нөөц багатай тоглогчдыг хамгийн түрүүнд шахдаг. Ийм бодлого баримталах аваас том компани зохицуулалтын зардлыг “шингээж” чадна. Харин жижиг бизнес шууд ашиггүй болно. Бидний амьдрал туршигдсан хамгийн сүүлчийн жишээ гэвэл CU, GS25 гэх гадны сүлжээний лоббигоор ТҮЦ-ийг шахсан явдал. ТҮЦ-ийн бохир завааныг гайхсан бид өнөөдөр түүнээс хамаагүй илүү үнэтэйгээр өдөр тутмын хэрэглээгээ авдаг болжээ. ТҮЦ-ийн араас байрны нэг давхарын дэлгүүрийн хувь заяа шийдэгдэх нь нэгэнт тодорхой болсон.
Хотын төсөв ба төвлөрөл
Сүүлийн жилүүдэд нийслэлийн төсөв огцом өссөн. Нийслэл “мега төсөл”, дэд бүтэц, нийтийн тээврийн шинэчлэл, AI хяналтын систем зэрэг томоохон хөтөлбөрүүд зарласан. Тэдгээрийн хөрөнгө оруулалт нь тэрбум бус их наядаар тоологдох төгрөг. Гэтэл тэрхүү тендерийн босгыг давах компани Монголд маш цөөхөн төдийгүй туршлагагүй байгааг дээр өгүүлсэн. Тэгвэл энэхүү төсөл хөтөлбөрүүд хэнд илүү ашигтай вэ? Улаанбаатарчуудад гэх жижүүрийн хариултыг түр хойш тавья. Асуултаар өөрчлөөд гадны хөгжингүй орнуудын өндөр стандарт хэнд илүү тохиромжтой вэ? Гэвэл илүү ойлгомжтой болох биз.
Зах зээлийн хуулиар зохицуулалтын өртөг өсөх тусам өрсөлдөгчдийн тоо багасдаг. Өрсөлдөгч багасвал төвлөрөл нэмэгдэнэ. Төвлөрөл нэмэгдвэл үнэ өснө. Үнэ нэмэгдэж, эрх мэдэл төвлөрөх тусам Ииргэний сонголт хумигдах.Энэ бол зах зээлийн эдийн засгийн логик, улстөрийн уриа биш.
Түгжрэлийн эсрэг бодлого vs Зах зээлийн бус хязгаарлалт
Хотын түгжрэлийг бууруулах нэрийн дор автомашины татварыг нэмэгдүүлж, улсын дугаарын зөвшөөрлийн хязгаар тавьсан. Үүний үр дүнд түгжрэл буурсангүй. Харин нийслэлийн улсын дугаарыг дагасан авлига, дамлалт нэмэгдсэн бөгөөд автомашинд бус хотын дугаарт ач холбогдол өгдөг болов. Хотын асуудал болгон удирдлагуудын эрх мэдлээ нэмэгдүүлэх, иргэдээс авах хураамж, татвар, торгуулийг нэмэх шалтаг болж байна. Өмнө нь та дугаар авсан машиныг сая төгрөгөөр хямдруулаад авдаг байсан бол өнөөдөр дугаартай хуучин машиныг авахын тулд илүү зардал гаргадаг болсон. Энэ бол баримт. Түгжрэл бодит асуудал мөн үү, мөн. Гэвч асуудлыг шийдэх арга нь хотын иргэдийн эрх чөлөөг хязгаарлах ёсгүй. Өнөөдөр Монголын түгжрэлийн шалтгаан нь хотын төлөвлөлт, нийтийн тээврийн үр ашиггүй бүтэц, газрын наймааны гай гамшиг байтал иргэдийн автомашин эзэмших эрхэд шууд татвар, хязгаарлалтаар хариу өгөх нь гал унтраах арга болохоор асуудлыг шийдэх бодлого биш.
Тиймээс нам дагасан баатруудын балайрлыг нэг шүүлтүүрээр шүүх ёстой. Тэр нь хувийн өмч баталгаатай, халдашгүй байна уу? Хотын газар чөлөөлөлт сайн дурын үндсэн дээр солилцоо хийж байна уу? Иргэд ажлаа хийж, амьдралаа залгуулахад төрийн оролцоо хэр байна гэдгийг хамгийн түрүүнд шүүх. Өрсөлдөөн байх тусам эрх чөлөөний баталгаа нэмэгддэг. Хэрэв иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө, нийтийн эрх ашгийн тулд гээд стандарт тавиад, татвараар дарамталж, зөвшөөрлөөр оролцоог хязгаарлаж, хяналтын системээр сахилга тогтоогоод байвал энэ нь эрх чөлөөнөөс илүү хяналтыг чухалчилсан загвар руу шилжинэ. Хүчээр тогтоож буй эмх цэгц бол эрх чөлөө биш. Даргын гаргасан журам өрсөлдөөн биш.
Тэгэхээр “сайн ажиллаж байна” гэдэг нь өнгөрсөн баларсан дарга нарын магтаалаар хэмжигддэг хэмжүүр биш. Харин сайн бодлого гэдэг нь асуудлыг шийдэхдээ хамгийн бага эрх чөлөөг хязгаарласан бодлого байх ёстой.
Х.Нямбаатар даргын хэлсэн шиг хот хөгжих ёстой. Түгжрэл буурах ёстой. Эмх цэгц хэрэгтэй. Зөв. Гэхдээ жижиг бизнесийн орон зай хумигдаж, өрсөлдөөн буурч, эдийн засгийн эрх мэдэл төвлөрч, хяналтын систем өргөжвөл богино хугацаанд “эмх цэгц” бий болж болох ч
урт хугацаанд эрх чөлөө, өрсөлдөөн, эдийн засгийн бааз суурь бүрэн ганхана.




