“Хүүхдийн төлөө” гэж дуугарахаар л хайлж урсдаг монголчуудын гэнэн сэтгэлгээ дээр тоглосон ээлжит нэгэн гоё хаягтай уриа МАН-ын бүлгийн хурлаас дуулгав. Тэр нь Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Үндэсний баялгийн сангийн хүүгийн орлогоос жилд 200 гаруй тэрбум төгрөг төвлөрч байгааг дурдаад, үүний “50-иас доошгүй хувийг хүүхдийн хөгжил, дугуйлан секц, багш нарыг дэмжихэд зарцуулна” гэж мэдэгдлээ. Бас болоогүй, “Оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг” гээд орлогын түвшнээс үл хамааран бүх хүүхдэд “тэгш боломж” олгох тухай ярилаа.
Гэвч “Төр бүхнийг шийднэ, төр дугуйлангийн мөнгийг чинь өгнө” гэх барууны орнуудад ид хүчээ авч буй зүүний радикал популизм нуугдаж байна. Эцэг эхийн үүргийг төр булааж, баялгийн санг үрэн таран хийдэг энэ арга барил дэлхийн бусад улсыг хэрхэн балласныг өдөр болгон мэдээлж байна.
Хүүхдийн өмнө хүлээх хариуцлагыг төр рүү нялзаах нь
хэний ашиг сонирхол вэ?
Л.Оюун-Эрдэнэ онхолдохоосоо өмнө эмэгтэйчүүдийг цэрэгт явуулж, тахиа донгодох цагаар фитнесийг үнэ төлбөргүй болгох талаар ярьж байсны өөр нэгэн хувилбарыг ийнхүү хэлэлцэх гэж байна. Төр сургалтын төвүүдэд хошуу дүрээд эхэлбэл хувийн сургалтын төвүүдэд “төрийн татаас” нэрээр хахууль, танил талын сүлжээ үүсгэх нь.
“Орлогын түвшнээс шалтгаалж тэгш бус байна” гэдэг нь хувийн өмч, хөдөлмөрийн үр шимийг үгүйсгэсэн марксист логик бөгөөд төр хүчээр “тэгш боломж” олгох нэрээр хөрөнгө хуваарилах нь ердөө дахин нэг хулгай хийх аргаа хуульчлах гэж байна.
"Ирээдүйн өв" биш "Өнөөдрийн популизм"
Баялгийн сангийн хүүгийн орлого болох 200 тэрбум төгрөгийг төр өөрийн үзэмжээр хуваарилж, дугуйлан секцийн багш нарт цацах нь сонгуулийн өмнөх популизм юм. Ирээдүйн өв сангийн зорилго нь уул уурхайн шавхагдах баялгийг ирээдүй үедээ зориулж хадгалах, хуримтлуулах явдал болохоос өнөөдөр үрж үрэгдүүлэх явдал биш.
Баялгийн сан дахь мөнгийг төр хурааж аваад, өөрийн үзэмжээр хуваарилахын оронд татварыг нь бууруулж, уул уурхайн ашгийг шууд хувийн хэвшил, иргэдэд нь үлдээвэл тэр мөнгө чөлөөт зах зээл дээр хавьгүй үр ашигтай хөрөнгө оруулалт болон хувирах байсан юм.
Ийм бодлого хаана хэрэгжив?
МАН-ын гишүүдийн санал болгож буй "Баялгийн сангийн хүүгээр нийгмийн асуудал шийдэх" загвар нь ердөө 20 жилийн өмнөх Венесуэлийн Уго Чавесын хэрэгжүүлсэн алхмуудын хуулбар юм.
Венесуэль улс уул уурхай, газрын тосны орлогоо ирээдүйдээ хадгалах зориулалттай сан байгуулсан боловч зүүний популистууд засагт гармагцаа “Өнөөдөр ядуу байгаа хүүхдүүд, тэгш бус байдлыг арилгахад баялгийн өгөөжийг шууд зарцуулах ёстой” гэж уриалан, боловсрол, секц, багш нарын цалинг санхүүжүүлж эхэлсэн. Үр дүнд нь хувийн секторууд төрийн үнэгүй татаастай өрсөлдөж чадалгүй дампуурч, өдгөө тус улсын иргэдийн 90 гаруй хувь нь ядуурлын түвшнээс доогуур амьдарч байна. Төрийн бэлэнчлэх сэтгэлгээг эсэргүүцсэн залуус, оюутнууд Каракас хотын гудамжинд олон жил цуст тэмцэл өрнүүлж, 7 сая гаруй иргэн эх орноосоо дүрвэжээ.
Аргентины сургамж
Аргентин улс яг энэ лоозон дор хүүхэд, залуучуудын хөгжлийн тэтгэлэг, үнэгүй дугуйлан, багш нарын халамжийг хэдэн арван жил төрийн төсвөөс санхүүжүүлсэн. Төрөөс “Тэгш боломж” олгох тусам инфляци нь 200%-д хүрч, дундаж давхарга нь бүрмөсөн устсан юм. 2023 онд Аргентины ард түмэн, ялангуяа төрийн халамжийн урхинд орохоос залхсан залуу үеийнхэн босож, либертари үзэлт Хавьер Милейг ерөнхийлөгчөөр сонгон, хэрэгцээгүй яамдыг татан буулгуулсан юм.
АНУ ба Баруун Европ
Барууны орнуудад зүүний либералууд "хүүхдийн хөгжлийг төр хариуцах" бодлого хэрэгжүүлснээр гэр бүлийн үнэ цэнийг устгаж байна. Эцэг эх нь хүүхдийнхээ хөгжилд мөнгө зарцуулахаа больж, төрөөс өгдөг "ваучер", "хөнгөлөлт"-ийг хардаг болсноор гэр бүлийн институтийн хариуцлага суларсан. Үүнийг эсэргүүцсэн эцэг эхчүүдийн холбоо өдгөө АНУ-ын Виржиниа, Калифорни мужуудад сургуулийн зөвлөлүүдийн эсрэг хүчтэй тэмцэж, "Миний хүүхдийн хөгжилд төр битгий оролц, татвараа бууруул, бид өөрсдөө шийдье" гэсэн давалгааг үүсгээд байна.




