|
--°C
|horoscope icon |
logo
logo

Хууль цаазыг гэмтнүүд хамгаалуулж чадах уу?

Үндсэн хуулийн Цэц бол эцэг хуулийн манаач, ард түмний эрх ашгийн эцсийн хамгаалалт байх учиртай. Тэнд суугаа гишүүдийн ёс зүй, нэр төр, мэргэжлийн намтар нь өөгүй цэвэр, өндөр дээд босготой байхыг цаг хугацаа төдийгүй Үндсэн хуулийн амин сүнс өөрөө шаарддаг. Гэтэл өнөөдөр Монголын улс төр энэ ариун талбарыг зүгээр л нэг албан тушаал гологсдын “орогнох байр”, авлига албан тушаалын хэрэгтнүүдийн ял завшиж нуугддаг хамгаалалтын бүс болгон хувиргаж байна уу гэх хардлага бодит үнэн болон хувирлаа. МАН, АН-д хавсарч байгаад арай ч дээ гэмээр л “амьтдыг” Цэцийн гишүүн болгов.

Нийгэмд ил болсон сүүлийн үеийн мэдээллүүдээс харахад, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнс болсон хүмүүсийн намтар ард түмнийг доромжилж, хуулийн засаглалыг басамжилсан шинжтэй байна.

Олон улсын шившиг буюу "Өгзөг" Одбаярын жимээр...

Үндсэн хуулийн Цэцийн нэр хүнд өнөөдөр яагаад ийм дор орж, иргэдийн итгэлийг алдав гэдгийн үндэс суурийг ухвал бид Цэцийн гишүүн асан Д.Одбаярын түүхийг сөхөхөөс өөр аргагүй. Ном журмаараа бол улсынхаа дээд хуулийг сахиулах ёстой хүн нь Солонгосын иргэний агаарын тээврийн онгоцонд үйлчлэгч бүсгүйн биед халдаж, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр харь улсад саатуулагдаж, Монгол Улсын нэрийг дэлхий даяар шившиг болгож байв.

Үүнээсээ болоод олон нийтэд "Өгзөг Одбаяр" хэмээн цоллогдсон тэрбээр Цэцийн даргын суудлаа өгсөн ч, Цэцийн гишүүнээсээ огцролгүй улайран зууралдсаар хугацаагаа дуусгасан хар түүхтэй. Монгол төрийн болон хуулийн салбарын ёс зүйн босгыг хамгийн доод түвшинд хүртэл унагасан энэ жимээр өнөөдөр дараагийн "ялтай", "сэжигтэй" нөхдүүд Цэц рүү цуварч байна.

"Ногоон автобус"-ны хэрэгт холбогдогч Үндсэн хуулийн манаач

байж таарах уу?

Цэцийн гишүүн болсон Ж.Сүхбаатарыг Монголын ард түмэн мартаагүй, мартах ч үгүй. Нийслэлийн түүхэнд хамгийн том луйвар болох нийтийн тээврийн салбарыг сүйрүүлсэн “Ногоон автобусны” хэрэг гэх хар түүх хэний засаглал, хэний сайдын суудлын үед гарлаа? Ж.Сүхбаатар. Олон тэрбум төгрөгийн хохирол дагуулж, улс даяар шалгагдаж буй авлига, албан тушаалын хэргийн гол сэжигтэн, хариуцлага хүлээх ёстой хүн нь өнөөдөр Үндсэн хуулийг хамгаална гээд Цэцийн суудалд суухаар зүтгэж байгаа нь эмгэнэл биш гэж үү?

Хэрэг нь шийдэгдээгүй, авлигын сүүдэр нь арилаагүй улстөрчийг хуулийн дээд хяналтын байгууллагад томилно гэдэг нь тухайн хүнд хуулийн хамгаалалт, халдашгүй дархан байдал бэлэглэж буй хэрэг. Энэ бол Үндсэн хуулийн Цэцийг "Ял завших цэг" болгож буй хамгийн увайгүй үйлдэл юм.

Эрүүдэн шүүгч, хэлмэгдүүлэгч хууль цаазыг манах уу?

Үүнээс ч илүү аймшигтай, нийгмийн шударга ёсны мэдрэмжийг бүрмөсөн устгаж буй алхам бол Г.Эрдэнэбатын нэр юм. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг яаж эрүүдэн шүүж, хүний эрхийг хэрхэн уландаа гишгэж байсныг Монголын нийгэм дүрс бичлэгтэй нь үзэж, цочирдсон. Хүнийг нойргүй хорьж, дарамталж, хэрэг хүлээлгэдэг дундад зууны үеийн эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан, үүндээ ял авч байсан прокурор асан өнөөдөр Үндсэн хуулийн Цэц рүү зүтгэж байна.

Үндсэн хуулийн хамгийн гол үнэт зүйл бол Хүний эрх, эрх чөлөө. Гэтэл хүний эрхийг уландаа гишгэж, эрүүдэн шүүх гэмт хэргийг гардан гүйцэтгүүлж, ял сонсож байсан хүн Үндсэн хуулийн манаач болно гэдэг бол Үндсэн хуулийг өөрийг нь доромжилж буй хэрэг. Эрүүдэн шүүгч хүн хэзээ ч хүний эрхийн баталгаа болж чадахгүй.

Хууль бүгдэд тэгш үйлчилж байна уу, үгүй...

Харь улсын онгоцонд эмэгтэй хүний биед халдаж шившиг болсон хүнээр эцэг хуулиа мануулж байсан Цэц өнөөдөр авлигын сэжигтэн Ж.Сүхбаатар, эрүүдэн шүүлтээр ял авч байсан Г.Эрдэнэбат нараар цусаа сэлбэв. Ийм хүмүүсээр дүүрсэн байгууллагаас ард түмэн хуулиас шударга ёсыг горьдож, төрд итгэх итгэлээ бүрмөсөн гээх болно. "Ялтай хүмүүсийн Цэц" хэзээ ч иргэдийн эрхийг хамгаалж чадахгүй.

Нийгэм даяараа шударга ёс, хариуцлагыг шаардаж буй энэ цаг үед "Ногоон автобус"-ны Ж.Сүхбаатар, "Эрүүдэн шүүгч" Г.Эрдэнэбат нарын нэрсийг Цэцийн гишүүнээр зүтгүүлж байгаа нь ард түмнийг басамжлан тохуурхсан хэрэг мөн. Үндсэн хуулийн Цэц ялтан, сэжигтнүүдийн хоргодох байр биш, хууль ёсны хамгийн сүүлчийн цайз байх ёстой.

Хэрэв энэ томилгоо бодит ажил болбол, бид Цэцийг "Үндсэн хуулийн" биш, "Ялтай Цэц" гэж нэрлэхээс өөр аргагүй болох нь. Хуулийн засаглалыг аврахын тулд энэ увайгүй томилгоог иргэд, олон нийт, эрүүл сэтхгүйтэй хуульчид эрс эсэргүүцэх цаг болжээ.

26-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...