|
--°C
|horoscope icon |
logo
logo

Зулгаа барах 100 хууль

Эрх баригчид “100 хууль баталлаа” гэж алга ташаад сүйд. УИХ-ын чуулганы нэгдсэн дүр зургийг харахад эрх баригчид хууль, тогтоомжийн үйлдвэрлэлийг гол амжилтаа гэж зарлаж байна. Гэвч тэдгээр хуулиа бүрэн дүүрэн уншсан нь тун чиг ховор. Хууль их байх тусам нийгэм илүү эмх цэгцтэй болдог гэсэн логик үнэндээ худлаа. Хууль олшрох тусам зах зээл, иргэдийн шийдвэр гаргах эрх чөлөө хумигдаж, эдийн засаг илүү төвлөрсөн, илүү залхуу, илүү өртөг өндөртэй болж хувирдаг.

“100 хууль” бол амжилт биш, зохицуулалтын чөдөр

Хуулийг олноор нь батлах нь өөрөө зорилго байж болохгүй. Хууль бол “засаглалын үл үзэгдэх зардал” юм. Хууль нэмэгдэх тусам зөвшөөрөл, журмын шат дамжлага олширч, бизнесийн шийдвэр гаргалт удааширна. Хяналт, шалгалт нэмэгдэх тусам хуульч, аудитор хөлслөх чадваргүй жижиг бизнесүүд зах зээлээс шахагдаж, монопол байдал бүрэн утгаараа тогтоно. Төрийн оролцоо нэмэгдэх тусам эрэлт, нийлүүлэлтийн байгалийн дохио гажиж эхэлдэг. Н.Учрал Эдийн засгийг дэмжих хууль баталлаа гэж зарлавч, бодит байдал дээр иргэдийн эрх чөлөө тэрхүү хуулиар хязгаарлагдан хумигддаг. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь төрөөс өгсөн "зөвшөөрөл" биш, харин төрийн оролцоог "хязгаарлах" тухай ойлголт гэдгийг бид мэдэхгүй нь тун чиг тоогүй.

Хууль ихдэх тусам хариуцлага багасдаг

Төр илүү их хууль батлах тусам өөрийгөө илүү “идэвхтэй ажиллаж байна” гэж харуулдаг хандлага тогтлоо. Гэвч амьдрал дээр хууль олон болох тусам олон дарга, олон хуулийн дунд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болно. Бүтцийн бурууг хувь хүн рүү чихнэ: Системийн алдаагаа иргэдийн ухамсаргүй байдал руу чихэж эхэлнэ. Өнөөдөр яг л тийм үйл болж байна. Төр томрох тусам иргэн жижиг болдог. Эдийн засгийн эрх чөлөөний хууль гэж хэчнээн гоё нэрлэсэн ч амьдрал дээр тусгай зөвшөөрөл, лиценз нэмэгдсээр байвал, татварын болон далд хяналтын ачаалал буурахгүй бол, мах, шатахуунаас эхлээд үнэ, ханшийг захиргааны аргаар барьсаар байвал... бид урагшлах бус хуучин нийгэм рүүгээ л буцна. Жинхэнэ эдийн засгийн эрх чөлөө бол хууль нэмэх биш, харин төрийн оролцоог багасгах, зах зээлийн байгалийн дохиог гажуудуулахгүй байх, иргэн хүн өөрөө шийдвэрээ гаргах орон зайг хамгаалах явдал. Гэтэл манай төр яг эсрэгээр нь хийж байна. Өнөөдөр хууль ихсэж, эрсдэл буураагүй, харин зардал өссөн нь бодит дүр зураг. Төрийн амжилтыг баталсан хуулийн тоогоор биш, иргэдийн халаасанд үлдэж буй мөнгө, бизнесийн эрх чөлөөний үр дагавраар хэмжинэ. Түүнээс Н.Учрал, өөр хэн нь ч байсан хий хоосон өөрсдийгөө магтаад хэмждэггүй.

21-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...