Улс төрд шинэ өнгө төрх, магадгүй арай эрүүл, либертари чиг баримжаа авчирна гэж заримынх нь гэнэхэн итгэлийг хүлээсэн Н.Учралын засаг өнөөдөр 100 хоногоо тэмдэглэж байна. Либерал үзэлтэй хүнээс либертари бодлого хүлээнэ гэдэг өвснөөс зүү хайхтай адил атал шүү дээ. Тэд юуг өөрчлөв? Төлбөр төлж бичүүлсэн уран гоё пи-ар, хаа сайгүй хөврөх тархи угаалтын нийтлэлүүдийг эс тооцвол Монголын данхар төр нэг ч алхам ухарсангүй. Харин ч улам бүр данхайж, иргэдийн халаас руу өнгийж, хувийн хэвшлийн орон зайг хумьж, хоолойг нь боомилсоор байна.
Үнэндээ энэ бол "Өөрчлөгдсөн 100 хоног" биш, харин бүх бузар булай хэвээр үлдсэнийг баталсан "Өөрчлөгдөөгүй 100 хоног" юм. Үүнийг баруун жигүүрийн шүүлтүүрээр харж, амжилтууд гээд буй алдаа, оноог нь задлан шинжье.
"100 хуулийн шинэчлэл" үү, 100 шинэ чөдөр үү?
"Хууль олшрох тусам гэмт хэрэгтэн олширно." Гэж Лао Зы хэлсэн юутай үнэн. Засгийн газрын зүгээс 100 хоногийнхоо гол бахархал, түүхэн гавьяа болгож "100 хуулийн төсөл өөрчиллөө, шинэчиллөө" хэмээн хашхирч байна. Гэвч либертари логикоор бол төр хууль нэмж, өөрчлөх тусам иргэний эрх чөлөө хумигдаж, зохицуулалт, хяналт гэх гоё нэрийн дор хувийн хэвшилд тавих дарамт, шахалт нь улам л зузаардаг. Хэрэв Монголын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 500 гаруй хуулийн тавны нэгийг (1/5) зүгээр л өөрчлөөд, засаад хөгжлийн манлайд хүрдэг байсан бол хүн төрөлхтөн өнөөдөр монголчуудын өмнө жижигдэх байлаа. Дэлхийн түүхэнд хууль үйлдвэрлэлээрээ баяжсан, хөгжсөн ганц ч улс байхгүй. Гахай явган, нохой нүцгэн байж гав гинжинд жигтэйхэн дуртайг нь яана.
Тэдэнд хувийн хэвшлийн хөлийг тушсан төрийн олон зуун тусгай зөвшөөрөл, татвар, дарамт шахалтыг хуулиудтай нь хамт үндсээр нь устгах зориг дутлаа. Төр өөрөө өөртөө хийх ажил гаргаж, хуулийн заалтаар амьдрал зохиох гэж оролдохыг "шинэчлэл" гэж нэрлэхгүй. Үүнийг иргэдийн эрх чөлөөг боомилсон "хууль зүйн тушаа", хөгжлийг гацаагч "100 шинэ чөдөр" гэвэл илүү зохино.
Татварыг 1 хувь болгохыг гацаав
Энэ сэдвээр хэн гэдэг сайд, юу гэж донгосхыг бид бултаараа харсан, сонссон. Тиймээс Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө” биш "Засгийн газар гэдэг бол бидний асуудлуудыг шийддэг газар биш, харин өөрөө бидний гол асуудал юм." гэх Рональд Рейганы үг илүү зохино. Үнэхээр өөдлөх, өргөжих, хөгжин дэвжихэд хамгийн том тээг нь манай төр болчихлоо. Бидний амьдралын хамгийн гол амьжиргаа хувийн өмчийг хамгаалах, төрийн дарамтыг багасгаж, татварыг хамгийн доод хэмжээнд барих явдал юм. Хөгжлийг төр биш, татвараас чөлөөлөгдсөн иргэн, бизнесүүд авчирдаг. Иргэд, хувийн хэвшлийн зүгээс татварын дарамтыг багасгаж, 1 хувь болгох бодит шинэчлэлийг шаардаж, хүлээж байсан ч Н.Учралын засаг үүнийг дэмжсэнгүй, харин ч улайран гацаалаа. Тэд иргэдийн халааснаас хураадаг татварын мөнгийг төрийн өмч гэж андуурч, түүгээрээ хуурамч пи-ар хийж, тендер нэрээр өөрсдийн халаасыг зузаатгахыг л илүүд үзэв. Татварыг 1 хувь болгохыг дэмжээгүй засаг хэзээ ч "өөрчлөгч" эсвэл "шинэчлэгч" байж чадахгүй. Харин либерал шошго яг тохирно. Н.Учрал тэргүүтэй хувалзнууд аваас зүгээр л иргэдээ шулж амьдардаг хууль ёсны дээрэмчидийн тогтолцоо хэвээр байгаагийн баталгаа.
Оюутолгойн гэрээ бол төрийн оролцооны хамгийн том бүтэлгүйтэл
Засгийн газрын пи-арчид Оюутолгойн гэрээнд эргэлт гаргасан, "Монголын талд ашигтай болгосон" гэж цээжээ дэлдэж байна. Энэ гэрээг С.Баяр, С.Баярцогт, араас нь Ч.Сайханбилэг, бас Ц.Элбэгдорж нарын гавьяа гэж сохроор магтагсад одоо О.Батнайрамдал гэх уйланхай залуу, Г.Дамдинням гэх далий сайд, Темоноор долоолгоо нэршилээ сольж байна. Хамгийн эмгэнэлтэй нь, төр яагаад заавал мега төслүүдийн хувийг эзэмшиж, түүнийгээ ард түмний өмч гэж хуурах ёстой гэж? Хаана байна, тэр ард түмний өмч. Төр хувь эзэмших нэрээр дарамт шахалт үзүүлэх биш, зүгээр л татвараа аваад, хувийн хэвшлийн ажлыг нь зөнд нь орхих ёстой. Оюутолгойн "ялалт" гэгч нь үнэндээ улстөрчид хувийн хэвшлийн баялаг руу дахин гараа дүрэх, авлига, шахалтын шинэ сүлжээ үүсгэх л боломж. Бодит байдал дээр иргэдийн амьдралд наалдсан нэг ч төгрөгийн ашиг алга.
Шатахууны хомсдол ба үнийн өсөлт
Засгийн газар малын махны үнийг тогтворжуулна, шатахууныг зохицуулна гэж дахин дахин амлаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн арга барилаар ажиллахыг оролдов. Үр дүн нь юу байв? Мах магнаг, шатахуун шаг болов. Милтон Фридманы хэлсэнчилэн "Хэрэв та нар элсэн цөлийг Засгийн газрын мэдэлд өгвөл тэд таван жилийн дараа элсний хомсдол үүсгэх болно” гэх үг одоо бидний орой руу орж байна. Шатахууны хомсдол дахин нүүрлэж, ШТС-ууд лимитээр бензин олгож эхэллээ. Наадмын өмнө нийслэлчүүд хүссэн ч эс хүссэн ч хонхортоо хөл хорионд ийн оров. Ядахад яр гэгчээр махны үнэ буурсангүй, харин ч иргэдийн халаасыг улам хоосолж байна. Яагаад? Яагаад гэвэл, ченж шуналтайдаа бус зах зээл өөрөө үнээ тогтоох ёстой атал төр дундуур нь орж үнийг хүчээр барих, хязгаарлах гэж оролдсоноос болж нийлүүлэлт нь тасалдаж, хомсдол үүсчихлээ. Энэ бол Н.Учралын Засгийн газрын чөлөөт зах зээлийн талаарх наад захын мэдлэггүйг баталсан тод жишээ. Эдийн засгийг чөлөөлөхийн оронд төрийн оролцоог нэмэгдүүлж, нөөцийн мах нэртэй хэдхэн компанийг дэмжсэний гор гол зурж байна.
"Блоклогдсон” хэвлэлийн эрх чөлөө
Шүүмжлэлт дуу хоолой бүрийг цахим орчинд боомилж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд "хаалтын гэрээ" нэрээр мөнгө тарааж, өөрсдийгөө магтуулж суугаа нь либертари үзлийн хамгийн том дайсан юм. Бид өнөөдөр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй, төрөөс зөвшөөрсөн мэдээллийг л унших ёстой "Блоклогдсон эрх чөлөө"-ний нийгэмд амьдарч байна. Төр иргэдийн татварын мөнгөөр өөрсдийгөө магтуулах нийтлэл захиалж суух нь ёс зүйн хувьд дампуурсны илрэл.
Одоо ӨӨРЧИЛЬЕ!
Бидэнд хэн нэгэн залуу сайдын "Бид 100 хууль өөрчиллөө, Оюутолгойг Монголынх болгочихлоо" гэх уран үг, үлгэр хэрэггүй. 100 хоног иргэдэд юу өгөв? Блоклогдсон эрх чөлөө, хоосорсон түрийвч, улайсан данс, бензиний очер, үнэтэй мах, дэмжигдээгүй татварын хөнгөлөлт, уруудсан улс л үлдэв.
Энэ утгагүй, иргэдээ шулан мөлждөг, хувийн хэвшлийг боомилдог төрийн тогтолцоог одоо ҮНДЭСНЭЭР НЬ ӨӨРЧИЛЬЕ. Төрийн эрх мэдлийг хязгаарлаж, татварыг бууруулж, хувийн өмч ба хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг тэр жинхэнэ өөрчлөлтийг иргэд шаардах цаг болсон. Өөрчлөгдөөгүй 100 хоногийн жүжиг дууссан, одоо харин иргэд өөрсдөө энэ засгийг, энэ системийг өөрчлөхийг шаардах ёстой! Н.Учралын засгийг намрын налгар өдрүүдэд намнах тухай ярьж байна. Сайн ч биз. Саарыг саарлаар сольвол бүр ч муу ч биз. Ямартай ч үлдэх эсэх нь үл хамаараад Н.Учрал болоод түүний гар хөл бологсдоор ачаа татуулмааргүй байгааг бичигч бус бодит амьдрал, болоод буй үйл явдал, баримт нотолгоо бүхэн харууллаа.







