|
--°C
|horoscope icon |
logo
logo

Гоймоо төрийн “гомо” шийдвэрүүд лагер болгож, лаа асаана

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын чиг хандлага, үг үйлдэл үнэхээр сэжигтэй байна. Нөөцийн махны балгаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгынхаас эхлээд нэг хэсэг компаниуд овойж оцойтол ашиг олж, тонн тонноороо дутсан хэрэг дуусаагүй, монголчууд наадмаар хонь хагалах боломжгүй болсон байхад дахиад илүү ихээр нөөцийн мах бэлтгэх тухай тэр ярьж сууна. Дээр нь ургац хураалтын үеэр "Цэрэг дайчилна. Цагдаа дайчилна. Оюутан дайчилна" гээд хээв нэг хэлээд сууж байна. Энэ өгүүлбэрийг сонсоод хамгийн түрүүнд танд лавтайяа Швейцарь санаанд ороогүй. Сингапур, өөр чөлөөт орон ч сэтгэлд буухгүй. Харин социалист төлөвлөгөөт эдийн засагтай, иргэн нь төрийн өмч мэт үзэгддэг улсууд л бууж байгаа биз. Өнөөдөр Монголд бараг бүх асуудлын шийдэл нь ганцхан үг болжээ. Тэр нь "Дайчил". Зам гулгаатай байна. Дайчил.

Утаа ихсэв? Дайчил. Үер буулаа?Дайчил. Хурал зохион байгуулав? Цэрэг, цагдаа, оюутан дайчил. Төрийн төсөл хэрэгжүүлж байна? Төрийн албан хаагчдаа дайчил.

Яагаад гэвэл..? Учир нь төр бүх хүнийг өөрийн нөөц гэж харж эхэлжээ.

Эрүүл нийгэмд төр иргэнийг эзэмшдэггүй. Харин социалист сэтгэлгээ, тоталитари нийгэмд яг эсрэгээрээ. Хүн бүрийг хөдөлмөрийн нөөц гэж хардаг. Монголд ч тийм болчихлоо. Оюутныг улстөрчдийн атгаг санааг хэрэгжүүлэх хүч. Цэргийг үнэгүй ажиллах хүч. Цагдааг улс төрийн хэрэгслийн нэг хэсэг. Ингэж л боддог болохоор эрх баригчид ийм шийдвэр гаргаж байна. Сайтар анзаарвал Монголд төрийн өндөр албан тушаалтнуудын хэл, яриа, үг хамгийн түрүүнд өөрчлөгджээ. Тэдний амнаас "оролцуулна" гэдэг үг алга болсон. "дайчилна" гэдэг үг давтамжтай үлдсэн. Ялгаа нь тэнгэр газар. Эхнийх нь өөрийнх нь сайн дурын хүсэл дээр суурилах бол хоёр дахь нь албадна. Бүхнийг төр зохион байгуулна. Өнгөрсөн жилүүдийг эргээд нэг хараарай. Төр махны, гурилын, шатахууны, цахилгааны

үнийг тогтоосон. Тэр тоолонд үнэтэй мах, шатахуун, гурил, цахилгааны төлбөрийг бид төлж байна. Ингээд цалинг өсгөнө, зээлийн хүүг бууруулна, ипотекийн мөнгийг хуваарилна, алт олборлолтыг нэмэгдүүлж, удирдана. Экспортыг зохицуулна. Хэвлэл мэдээллийг санхүүжүүлнэ. Стартапыг нэвтрүүлнэ. Кино урлагийг дэмжинэ. Хүүхдийн хүмүүжихийг заана... Хэн юу гэж хэлэх нь зөв болохыг хүртэл зааж, зааварлана.

Одоо бүр иргэдийг дайчилдаг болов.

Дараагийн алхам юу вэ?

"Өнгөт баяр" ба төрийн шинэ ёс суртахууныг Хэнтийн Галшар сумын баг тэмдэглэлээ. Харчууд хатан дүрд хувирав. Сүүлийн жилүүдэд төр улам сонин дүр төрхтэй болов. Нэг амаараа үндэсний уламжлалыг ярьдаг. Нөгөө гараараа барууны хамгийн ялзарсан, гаж үзэгдлийг хөхиүлэн дэмждэг идентити улс төрд суурилсан хөдөлгөөнүүдийг төрийн түвшинд дэмждэг болою. Нэг талд "үндэсний үнэт зүйл."Нөгөө талд identity politics. Нэг талд "үндэсний эв нэгдэл." Нөгөө талд хүмүүсийг бүлэг, хүйс, өнгө, ялгарал бүрээр нь ангилдаг үзэл. Энэ хоёр философи хоорондоо огт нийцдэггүй.

Либертари үзэл хүнийг хувь хүн гэж хардаг. Харин зүсээ хувиргасан зүүний бодлого болох identity politics хүнийг хамгийн түрүүнд ямар бүлэгт хамаарахаар нь тодорхойлдог.

Иймээс төр аль нэг соёлын, улс төрийн эсвэл нийгмийн хөдөлгөөнийг албан ёсоор дэмжих нь иргэдийн үзэл бодлын олон ургальч байдлыг төлөөлөхгүй байж болно. Төрийн үндсэн үүрэг нь тодорхой үзэл суртлыг сурталчлах бус, иргэдийн эрх чөлөөг тэгш хамгаалах явдал байдал тийм шударга ёс үгүй болоод удав.

Социализм танкаар биш, журам гаргаад ирдэг

Хүмүүс коммунизмыг дандаа танк, улаан тугтай төсөөлдөг. Үгүй. Одоо яг Ховдын тарвас шиг болсон. Гаднаас нь харахад ногоон үзэл шиг ногоон. Доторх нь улаан. Өөрөөр хэлбэл, орчин үеийн социализм арай ухаантай, зальтай, завхай. Тэд "Аюулгүй байдлын төлөө","Нийгмийн сайн сайхны төлөө", "Хүүхдийн төлөө", "Эв нэгдлийн төлөө", "Хөгжлийн төлөө" гэж хамгийн чанга хашгирах бөгөөд үүнийг нь эсэргүүцсэн болгоныг олон нийтээр хараан зүхүүлнэ. Дараа нь жижиг жижиг журам. Жижиг жижиг хориг. Жижиг жижиг зөвшөөрөл. Жижиг жижгээр дайчилгаа хийж эхэлнэ. Эцэст нь иргэн бүх зүйлдээ төрөөс зөвшөөрөл авдаг болно. Энэ бол орчин үеийн солгой үзлийн сонгодог арга.

Монгол улам бүр төлөвлөгөөт эдийн засаг руу

Сүүлийн жилүүдэд болсон бодлогуудыг жагсаагаад харвал дараах байдлаар тусна.

Үнэ барих бодлого

Төрийн өмчит компаниудын тэлэлт

Төсвийн тэлэлт

Халамжийн өсөлт

Хөнгөлөлттэй зээлүүд

Шаталсан татварын бодлого

Салбар бүрт төрийн оролцооны нэмэгдэл

Стратегийн салбаруудыг улам төвлөрүүлэх оролдлого

Төрийн сангуудын өсөлт

Үндэсний аварга компани "төрүүлнэ" гэсэн бодлого

Иргэдийг олон нийтийн ажил, арга хэмжээнд дайчлах хандлага

Энэ бүгдийг тус тусад нь харахад жижиг зүйл мэт харагдаж болно. Гэхдээ нийлүүлээд харвал нэг л зураг гарч ирнэ. Төр улам томорч байна. Иргэний эрх чөлөө улам жижигрээд байна. Эрх чөлөө ингэж л аажмаар алга болдог. Эрх чөлөөг нэг өдөр булаадаггүй. Өдөр бүр нийтийн сайн сайхны төлөө гэх нэг жижиг дүрмээр эхэлдэг. Долоо хоног бүр нэг шинэ журмаар дасгана. Барьцаа ахиулна. Жил бүр нэг шинэ хууль, зөвшөөрөл. Эцэст нь одоо нэг өдөр сэрээд "Бид яагаад ингэж амьдарч байгаа юм бол?" гэж пост оруулан асуудаг болсон.

Хариулт нь маш энгийн. Учир нь бид эрх чөлөөгөө нэг дор биш, өдөр болгон бага багаар эрх баригчдад өгсөн. Төр такси, худалдаа, явах, суух, идэж, өмсөх бүх зүйлд хутгалдаад эхэлсэн төдийгүй гэр бүл, хүүхэд гаргахад ч оролцоод эхэллээ. Тиймээс үүнийг газар авхуулахгүйн тулд төрөөс үргэлж нэг зүйл асуу. "Үүнийг заавал төр хийх ёстой юу?" гэж...

Шүүх, цагдаа, батлан хамгаалахаас бусдыг нь иргэд өөрсдөө хийж чадна. Зах зээл хийж чадна. Сайн дурын байгууллага хийж чадна. Их сургууль хийж чадна. Хувийн хэвшил хийж чадна. Гэтэл төр нэгэнт бүхнийг өөрөө хийхээр шийдвэл дараагийн алхам нь албадлага, дайчилгаа, өндөр өртөг, үргүй зардал л болдог.

Төрийн эрх мэдлийг аль болох хязгаарлаж, иргэний сайн дурын оролцоо, хувийн санаачилга, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх нь урт хугацаанд илүү чөлөөт, хариуцлагатай нийгмийн үндэс болдог түүх хүн төрөлхтөнд бий. Харин төр бүхнийг шийднэ гэх тусам дарангуйлалт тогтдог түүх ч бас бий...

20-н цагын өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...

Гоймоо төрийн “гомо” шийдвэрүүд лагер болгож, лаа асаана