|
--°C
|horoscope icon |
logo
logo

Төрийн ордон тамхины цэг болов?

Төрийн ордон дахь эрх мэдэлтнүүд иргэдийн халаас руу шууд гар дүрэх шинэ технологио боловсруулжээ. Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл үүний тод илрэл болов. Барууны үзлээр өөрөө өөрийгөө хордуулсны төлөөх төрд төлдөг нүглийн татвар гэгддэг энэ хуулийн эргэн тойронд өрнөж буй асуудал эцсийн бүлэгтээ иргэдийн халаасыг сэгсрэх л зорилготой билээ.

Төсвийн цоорхой ба Тамхины мафийн далд тохироо

Төр залуусыг хайрласандаа татвар нэмдэг гэвэл түүн шиг худлаа олдохгүй. Төслийн үзэл баримтлал дээрх бодит үнэн гэвэл, тэдний энэ татвар нэмэх гээд байгаа гол шалтгаан нь Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр хэлэлцээрээр ОХУ-аас орж ирэх тамхины импортын гаалийн 30 хувийн татварыг "0" болгож тэглэсэнд байгаа юм.

Төр гаалийн тарифаар авч чадахаа байсан мөнгөө "Онцгой албан татвар" нэрээр дотоодын хэрэглэгчдийн халааснаас эргүүлэн татаж, төсвийнхөө цоорхойг нөхөх гэж улайрч байна. Үүний цаана электрон тамхи хэрэглээнд цохиулж, зах зээлээ алдаж байсан уламжлалт янжуур тамхины том монополь импортлогчид төр рүү шууд лобби хийсэн нь илэрхий байна. Тэд өөрсдийн ашиг орлогыг хамгаалахын тулд өрсөлдөгчөө татвараар боомилох дайныг төрийн гараар хийлгэх гэж байна. Нөгөөдүүл нь ч зүгээр байсангүй. Зүүн Сянь уулын оройгоос, зүг зүг рүү үзэж тарьж, үсэрч наалдаж байна.

Залуусын улс мафийг санхүүжүүлэгч болох уу?

Төр засаг юмыг хориглож, үнийг нь татвараар хиймлээр өсгөхөд ямар аймшигтай хор уршиг дагуулдгийг "Boardwalk Empire" цувралаас үзэж болно. 1920-иод оны Америкт төрөөс "Архи бол залуусын тархийг хордуулж, гэр бүлийг сүйтгэж байна" гээд архийг хуулиар бүрмөсөн хориглочихсон. Үр дүн нь юу байсан бэ? Хүмүүс архи уухаа болиогүй. Харин ч хууль ёсны үйлдвэрүүд хаагдаж, Аль Капоне шиг цуутай мафиуд нууцаар архи шахаж, хэдэн тэрбум доллар олж, тэр мөнгөөрөө цагдаа, шүүх, улс төрчдийг худалдаж авсан.

Өнөөдөр Монголд яг ийм зүйл болох гэж байна. Тамхи, вэйбний татварыг 30% болгож хосолсон хэлбэрээр өсгөхөөр залуус тамхианаас гарна гэвэл гонж. Харин ч хямдхан, хаана хийсэн нь мэдэгдэхгүй, чанарын баталгаагүй "хар зах"-ын тамхи, хууль бус вэйбүүд БНХАУ болон ОХУ-аас хилээр нууцаар, тонн тонноороо орж ирнэ. Төр татвар ч үгүй хоцорно, залуус нь бүр илүү хортой, хууль бус тамхи татаж эрүүл мэндээрээ хохирно. Малайз улс татвараа огцом нэмсний дараа нийт тамхиных нь 64.5% нь хар захын татваргүй тамхи болж, улс нь мафиа санхүүжүүлдэг болсон гашуун түүх бэлхнээ байна.

“Хулгайч” хулгай л заадаг

УИХ-ын гишүүд өөрийгөө бурхан шиг санаж, иргэдийн амьдралын хэв маяг юу хэрэглэхийг нь шийдэх гэж оролдох нь хамгийн арчаагүй зүүнжсэн бодлого юм. Монголын төрийн ордонд л зууны хулгай, зууны луйвар, зууны архидалт, зууны дээрэм, завхайрал л болж байгааг өнгөрсөн хугацаанд болсон үйл явдал бэлхнээ гэрчилнэ. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 5.5-д "биет нэгж болон үнээс хувиар тооцож хосолсон хэлбэрээр тогтооно" гэх заалт бол иргэдийг шулах улангассан шуналын илрэл. Энэ бол эрүүл мэндээ хамгаалах бус, төрийн аппаратыг зузаатгах гэсэн моралийн доройтол юм.

Төрийн гараар бүтээсэн "Лангуун доорх" мафи

Төрийн зүүнжсэн бодлого, "поп" хуулиуд амьдралаас хэрхэн тасардгийг батлах хамгийн тод жишээ бол Тамхины хяналтын тухай хуулийн 500 метрийн радиусын хязгаарлалт юм.

Улаанбаатар шиг сургууль, цэцэрлэг нь барилга байгууламжтайгаа сүлжилдэн байршсан хотод 500 метрийн радиус тогтооно гэдэг нь хотын төвд хууль ёсны дагуу тамхи зарах цэг огт үлдээхгүй гэсэн үг. Үүний уршгаар хууль ёсны дагуу татвараа төлж байсан найман нэрийн барааны дэлгүүрүүд тамхи зарах эрхгүй болж, татварын орлого тэр чигтээ хумигдсан. Харин тамхины хэрэглээ багассан уу? Огт үгүй. Төр зөвхөн хууль ёсны бизнесийг л боомилж, татвараа авч чадахаа байснаас биш, тамхины эрэлтийг устгаж чадаагүй.

Судалгаагаар нийслэлийн ЕБС-иудын 60 гаруй хувийнх нь ойр орчимд тамхины хууль бус, далд худалдаа яг одоо идэвхтэй явагдаж байна. Төр татвар авч чадахгүй, харин лангуун доороос бэлэн мөнгөөр нууцаар зардаг систем тогтсон. Цагдаагийн байгууллагын шалгалтаар тамхитай холбоотой илрүүлж буй нийт зөрчлийн хуурай 50 орчим хувь нь зөвхөн энэ "500 метрийн" заалттай холбоотой илэрдэг. Төр өөрөө утгагүй хууль гаргачхаад, түүнийгээ хянах гэж цагдаагийн бүхэл бүтэн армийг дайчлан төсвийн мөнгийг үргүй үрж байна. Хууль ёсны дэлгүүрт "21 нас хүрээгүй иргэнд тамхи худалдахгүй" гэсэн заалт хэрэгждэг байсан бол, 500 метрийн хоригоос үүдэж бий болсон "лангуун доорх" хууль бус наймаачид хэнд, хэдэн настай хүүхдэд тамхи зарах нь хамаагүй, зөвхөн ашгаа боддог болсон. Төр хүүхдийг хамгаалах гэж “попроод” тэднийг насны хяналтгүй хар захын гар дээр аваачиж өгсөн жишээ энэ.

Ротбардын хэлдгээр төр нэг зохицуулалт хийх нэрээр зах зээлийг гажуудуулж, тэр гажуудлаа засах гэж дахиад өөр нэг татвар, хориг нэмдэг паразит шинж чанартай. Одоо тэд гаалийн тарифаа "0" болгож, тамхины мафийн лоббид автчихаад, төсвийнхөө алдагдлыг "Онцгой татвар" нэрээр 30% болгож нэмэх гэж улайрч байна. 500 метрийн хориг Монголд тамхины далд мафийг хэрхэн бэлдсэнийг харсан атлаа, одоо татварыг 30% болгож нэмнэ гэдэг нь энэ улсыг тэр чигт нь хууль бус контрабанд, мафийн үүр уурхай болгоно гэсэн үг.

Хүүхдээ хорт зуршлаас хамгаалах хамгийн зөв гарц юу вэ?

Татвар нэмэх, хориг тавих нь хэзээ ч асуудлыг шийддэггүй, харин ч гэмт хэрэг, авлигыг цэцэглүүлдэг. Хамгийн зөв, эрүүл гарц бол эл асуудлыг зах зээлд даатгаад хувь хүний хариуцлагад найдан зөнд нь орхих. Тамхи, вэйбний зах зээлийг элдэв онцгой татвар, лобби хуулиар боомилохоо зогсоох хэрэгтэй. Зах зээл чөлөөтэй байж, татвар бага байх тусам хууль бус наймаа, хар зах зээл оршин тогтнох ямар ч эдийн засгийн үндэслэлгүй болно. Бүх зүйл хууль ёсны, ил тод, чанарын хяналттай байна. Ер нь УИХ-ын гишүүнтэй, гишүүнгүй тамхи хортой, хоргүйг хүүхэд ч мэднэ. Төр "Тамхи хортой, хоргүй" гэж шийдэж, үнэд нь оролцдог патерналист хандлагаа хаях ёстой. Өнөөдөр энгэртээ тэмдэг зүүчээд ковидын халдвараас хамгаална донгосож суусан нөхөр энэ парламентын дарга хийж байхад бид тамхины хор холбогдлыг тэднээр заалгана аа гонж. Насанд хүрсэн иргэн өөрөө мэдээллээ авч, эрсдэлээ ухамсарлаж, юу хэрэглэхээ бие даан шийдэж, үр дагаврын хариуцлагаа өөрөө хүлээх ёстой.

Хэрэв үнэхээр хүүхэд залуусыг хамгаалахыг хүсэж байгаа бол татвар нэмж бүх нийтийг шийтгэх биш, насанд хүрээгүй хүүхдэд бүтээгдэхүүн худалдаалсан цэгүүдэд гэрээний болон хувийн өмчийн хариуцлагын дагуу хатуу хяналт тавих зах зээлийн механизмаар шийдэж болно.

32-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...