Чоно борооноор хот руу, чуулган оройгоор хууль руу
Чоно борооноор гэгчээр л чуулганаар хууль бөөндөж байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы танхимд өчигдөр хямдралын хар шуурга шиг "бөөндөлтийн" дүр зураг болон хувирав.. Улс орны эрх ашиг, иргэдийн амьдралд шууд нөлөөлөх хуулийн төслүүдийг олон нийтийн хэлэлцүүлэг, иргэний нийгмийн хяналтгүйгээр, ажлын цаг дуусах үеэр яаран баталж байгаа нь тун чиг тоогүй.
Хэрэв хууль хэтэрхий амьдралаас тасархай, хэрэгжүүлэхэд хүнд сурталтай байвал хэн ч түүнийг ягштал дагаж чаддаггүй. Бүгдээрээ хууль зөрчигч болсон тэр цагт хууль сахиулагчид болон дарга нарт хязгааргүй эрх мэдэл ирдэг. Хэнийг шийтгэх вэ, хэнийг зүгээр өнгөрөөх вэ гэдгийг дарга өөрөө шийддэг болно. "Хуулиараа явбал чи дампуурна, тиймээс надад авлига өгөөд асуудлаа зохицуул" гэх зарчим үйлчилж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хэрэгждэггүй хууль нь шударга ёсыг тогтоодоггүй, харин авлигачдыг тэжээдэг зэвсэг болдог. Өнөөдөр манай нийгэм хэзээний тийм болсон. Харин улам бүр дордуулахаар өчигдөр чуулган хуралдав. Хууль амьдралаас ургаж гарч, амьдралд туршигдаж байж хууль болдог болохоос биш, хэдхэн дарга нарын өрөөнд зохиогдоод, амьдралыг хүчээр хэлбэржүүлэх ёсгүй.
Гэтэл өчигдрийн чуулганаар Онцгой албан татварт нэмэлт өөрчлөлт оруулах хуулиас эхлээд Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Бизнесийн эрх чөлөөний тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг сайжруулах зэрэг маш олон төслийг нэг дор хэлэлцэж байна. Энэ бүхэн нь "хууль тогтоох" нэрээр "нууц тохиролцоо" хийх таатай орчин бүрдүүлэв. Төрийн банкны захирал гэхэд л гурван жилд 2.1 тэрбумын цалинг гурван жилд авч байгаа баримт ил болж байхад нууцаар шахуу дээрх хуулиудыг батлав.
Хамгийн их анхаарал татаж буй асуудал бол "Петрочайна Дачин Тамсаг” тэргүүтэй компаниудын үйл ажиллагаатай холбоотой хуулийн өөрчлөлт юм. Энэхүү компаниудад татварын хяналт шалгалтаар 700 гаруй тэрбум төгрөгийн акт тавьсан байтал үүнийг "төсөвт суутган тооцох" замаар шийдвэрлэх гэж байна. Энэ нь татвараа төлөөгүй компаниудыг улсын төсвийн мөнгөөр "өршөөж" байгаа хэрэг биш үү? Ийм чухал өөрчлөлтийг нийгмийн өргөн хэлэлцүүлэггүйгээр, бүлэг гишүүдийн хүслээр шийдэж байгаа нь авлигын эрсдэлийг хэчнээн нэмэгдүүлж буйг олон нийт асуух ёстой.
Бизнесийн эрх чөлөө хэний эрх чөлөө вэ?
189 зарчмын зөрүүтэй санал хураагдаж буй энэхүү төсөл нь эдийн засгийн хувьд стратегийн ач холбогдолтой. Гэтэл 189 санал гэдэг бол бараг шинэ хууль бичиж байна гэсэн үг. Энэ олон саналыг хэдхэн цагийн дотор уншиж, ойлгож, зөв сонголт хийх боломж гишүүдэд байна уу? Энэ нь хуулийг чанартай биш, тоогоор хэмждэг болсны гашуун үр дагавар. Ийм хурдаар батлагдсан хууль нь эрх зүйн хийдэл үүсгэж, улмаар томоохон компаниудын лоббинд автагдах магадлал өндөр. Эхнээсээ ч автсан нь ил болоод байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр "хамгийн эртэч" гишүүдийг зарлаж, ажлын идэвхийг магтсан нь хачирхалтай. Ажил эрт эхлэх нь чухал биш, баталж буй хуулийнхаа үр дагаврыг ард түмэндээ нээлттэй зарлаж, хэлэлцүүлж, хариуцлагатай байх нь чухал баймаар.
17 цагаас хойш, олны нүднээс далд, шөнийн харанхуйд баталсан хуулиуд нь ард түмний эрх ашгийг бус, харин цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах бамбай болж байгааг иргэд ухамсарлаж, тэднээс хариуцлага шаардах цаг болжээ. Энэ хуулиудын үр дүнд төрийн өмчит компаниудын удирдлагын өндөр цалин буурах уу, эсвэл улам нэмэгдэх үү?
Газрын тосны компаниудад олгож буй хөнгөлөлт нь Монголын ирээдүйн байгалийн баялагт хор хохирол учруулахгүй гэсэн баталгаа бий юу? Монголын зах зээлд хар зах зээл өргөжиж, гэмт хэргийн золиос, түүний хохирогч нь бид, бидний үр хүүхэд болсоор байх уу?







