УИХ дахь МАН, АН-ын бүлэг Их Тэнгэрт цуглаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хаалттай хэлэлцэхээр болжээ. Төсөв бол хэдэн дарга нарын хувийн мөнгө биш, татвар төлөгчдийн хөрөнгө тул үүнийг хаалттай хаалганы цаана хэлэлцэж байгаад иргэд хардаж байна.
Тоонуудын цаадах асуултууд
Засгийн газар 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэнэ гэж мэдэгдсэн ч, 2.8 их наядын төсвийн алдагдлыг хэрхэн шийдэх тухай ярилцахгүй байна. Өмнөх онуудын ашиглаагүй үлдэгдэл болох 998 тэрбум төгрөгийг орон нутагт зарцуулахаар тусгасан ч, яг юунд ашиглах нь тодорхойгүй байна.
Томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга, автомашин, хурал форум зэрэг зардлыг танана гэж байгаа ч эдгээр нь анхнаасаа яагаад ийм хяналтгүй өссөн бэ гэдэг асуултад өмнөх засаг руу чихэж болох ч өнөөдөр өөрчилье гэдэг засаг төрийн данхар бүтэц, орон тоог огт өөрчилсөнгүй. Нэгийг нөгөөтэй нь нэгтгэсэн болж хэлбэр төдий өөрчлөлт хийсэн ч хэдхэн даргыг эс тооцвол төрийн бүтцэд огт өөрчлөлт орсонгүй.
Иргэдийн амьдралд шатахууны үнэ, инфляц, бараа бүтээгдэхүүний өсөлт бодит дарамт болж байна. Гэтэл Төрийн ордонд хэдэн зуун тэрбум, их наядаар яригдах мөнгийг хаалттай хаалганы цаана хэлэлцэх нь хэн юу авах, ямар тойрогт хөрөнгө оруулалт үлдээх гэсэн улс төрийн наймаа болон хувирах эрсдэлтэй.
Төсвийн тодотгол бол ердөө цаасан дээрх тоо биш, өрхийн амьдрал болон улсын ирээдүйд шууд нөлөөлөх шийдвэр юм. Хэрэв төр үнэхээр ард түмний төлөө хэмнэлт хийж байгаа бол мэдээллээ нээлттэй харуулж, хаалттай хурлаа зогсоох шаардлагатай юм.







