Ерөнхий сайд Н.Учрал онгод тэнгэртээ заларч, наадмын тайзны гэрэл унтарч, VIP асар дахь архины лонх, зоогны үлдэгдлээр гуйлгачин, ноход хооллож дуусахтай зэрэгцэн "Төсөв хэмнэнэ, салбарын ой, наргианыг хориглоно" хэмээн мэдэгдэв. Аймаг, сум, салбар, жалга, дов бүрээрээ бүрээрээ ханаж цадахгүй ууж, идээд, найрлаж, цэнгэж дуусчихаад араас нь нүүр рүү унгуулж байгаатай агаар нэг энэ "поп" шийдвэр бол шатахуунд шар махтайгаа хатаж буй иргэдээ басамжилан доромжилсон хэрэг. Түмний мөнгийг үрж дуусгачихаад, дараа нь "хэмнэлт" ярих нь хэнийг хуурах гэсэн хогийн жүжиг гээч вэ?
Төсвийн "Нээлттэй дата" юу хэлнэ вэ?
Шилэн данс болон Төрийн худалдан авах ажиллагааны (tender.gov.mn) цахим системийг шүүн үзэхэд, зөвхөн сүүлийн гурван сард татвар төлөгчдийн мөнгө хэрхэн салхинд хийссэнийг харж болно.
· Хэнтий аймаг:
2026 оны 7 сарын 06-ны өдөр Засаг даргын нөөц хөрөнгөнөөс "Баяр наадмын арга хэмжээ, тохижилтын санхүүжилт" утгатайгаар 920 сая төгрөгийг Орон нутгийн өмчит компаниуд руу шилжүүлсэн.
· Архангай аймаг:
2026 оны 7 сарын 08-нд "Соёл урлаг, ойн баярын зохион байгуулалт" нэрээр 750 сая төгрөгийг Хөгжимт драмын театр болон гэрээт студүүдэд олгожээ.
· Сумдын "гараа угаасан" данснууд:
o Төв аймгийн Эрдэнэ сум: 2026 оны 7 сарын 16-нд Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-аас 250 сая төгрөгийг наадмын бөх, морины бай шагнал, тохижилтод задарсан.
o Өвөрхангай аймгийн Хархорин сум: 2026 оны 7 сарын 20-нд сумын наадмын хүлээн авалт, тохижилт нэрээр 180 сая төгрөг гүйлгэжээ.
o Дундговь аймгийн Эрдэнэдалай сум: 2026 оны 7 сарын 24-нд сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс 120 сая төгрөгийг 2-хон өдрийн наадамд зориулан цацсан.
· 15 минутын салют, лазер шоу:
· 2026 оны 7 сарын 09-нд Увс аймгийн ЗДТГ-аас 15 минут тэнгэр рүү буудах салютад 85 сая төгрөгийг "Скай Файрворкс" ХХК руу, Баянхонгор аймгийн ЗДТГ-аас лазер гэрлийн үзүүлбэрт 55 сая төгрөгийг шууд шилжүүлсэн. 140 сая төгрөг ердөө хэдхэн минутын дотор агаарт утаа болон задарсан.
· VIP зочид ба Тансаглал:
2026 оны 7 сард Улаанбаатараас очсон "хүндэт зочид"-ыг хүлээн авах зардалд Төв аймгийн ЗДТГ-аас "Тэрэлж Резорт" руу 130 сая төгрөг, Хэнтий аймгийн ЗДТГ-аас "Корпорейт Хотел" ба сүлжээ ресторанууд руу 280 сая төгрөгийн гүйлгээ хийсэн. Түүнчлэн Завхан аймгийн ЗДТГ-аас зочдын шатахууны дэмжлэгт 82 сая төгрөгийг "Петровис", "Магнай Трейд" руу олгосон байна.
Хэний ч уншдаггүй ном, медаль:
Сүхбаатар аймаг ойн ном хэвлүүлэхэд 130 сая төгрөг, Дорноговь аймаг кино, шторк бэлтгэхэд 95 сая төгрөг, Говь-Алтай аймаг энгэрийн медаль, сувинерт 105 сая төгрөг тус тус үржээ.
Хааны “тосгон”-д тусгайлсан төсөв
Сүүлийн жилүүдийн төсвийн хуваарилалтыг харахад нэгэн илэрхий гаж тогтолцоо тогтсон нь Хэнтий аймгийн "Тусгай төсөв" юм. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын сэнтийд суун, араас нь Н.Учрал залгамжилснаас хойш тус аймаг улсын төсөв, хөрөнгө оруулалтыг нийслэлийн дайтай тусгаж ирэв.
Энэхүү давуу байдал 2026 оны наадмаар ч давтагдаж, Хэнтий аймаг 21 аймгаасаа хамгийн өндөр буюу 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ердөө хэдхэн өдрийн наадам, “Корпорейт” зочид буудлын VIP хүлээн авалтад цацжээ.
Төсвийн мөнгө хаашаа урсав? (2026 оны зуны тайлан)
Шилэн данс болон Төрийн худалдан авах ажиллагааны (tender.gov.mn) цахим системээс баримтжуулсан 21 аймгийн наадмын түүвэр зардлыг нэгтгэн харвал дараах тоо дурайх аж.
7.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШОК ХАРЬЦУУЛАЛТ
Монгол Улсын 21 аймагт Шилэн дансаар дамжин задарсан энэ 7,317,000,000 төгрөг бол ерөөсөө л дараах бодит боломжуудыг тэнгэрт шатааж орхисон хэрэг.
Наадмын салют уу эсвэл 800 хүүхдийн ирээдүй юу?
Энэ мөнгө бүрэн тохижилттой, орчин үеийн 150–200 хүүхдийн иж бүрэн 4 цэцэрлэгийг барих мөнгө. Баяр наадмын хэдхэн цагийн шоунд цацсан мөнгөөр хэдэн зуун хүүхэд цэцэрлэггүйгээс болж гэртээ цоожлуулах, ээж аавууд нь ажил хийж чадахгүй хохирох асуудлыг бүрэн шийдэх байв.
Дарга нарын VIP хүлээн авалт уу эсвэл 60 хүний амь нас уу?
Сум, аймгийн эмнэлгүүдэд туулах чадвар өндөр, иж бүрэн тоноглогдсон 60 ширхэг цоо шинэ түргэн тусламжийн автомашин худалдан авах боломж байлаа. Дарга нарын нэг үдшийн тансаглалаар хөдөөгийн замын бартаанд эмнэлэгтээ хүрэлгүй амь эрсэддэг олон зуун иргэний амь насыг аврах байв.
15 минутын салют уу эсвэл 50 өрхийн насан туршийн орон байр уу?
Тэнгэр рүү буудсан хэдхэн минутын салют, лазер шоуны мөнгөөр нэн ядуу 50 гаруй өрхийг орон гэртэй болгож, насан туршийн орон байртай болгох байв. Ердөө 15 минутын агаарт задарсан утаа 50 айл өрхийн насан туршийн амьдралыг шийдэх байжээ.
Ууж, идэж дууссаныхаа дараа "хэмнэнэ" гэж улиглахаа одоо больмоор. Иргэдийн амин зуулга болсон нөөцийн махыг хавраас хайж эхлээд одоо хүртэл олоогүй Н.Учрал бүх зүйл дууссаны дараа хайсаар л явна. Шинэ ногоо гарчихлаа. Мал таргалчихсан энэ үед мань мэтэд хуршсан нөөцийн мах идүүлэхээр ичгүүр сонжуургүй мэдэгдэж буй ерөнхий сайдаас ер нь юу хүлээх вэ? Н.Учралд наадмаас өмнө энэ нүсэр төсвийг хориглох боломж бүрэн байсан. Гэтэл бүх зүйл дууссаны дараа ийм увайгүй шийдвэр гаргаж байгаа нь үнэндээ тохуурхал.
Төсвийн хуваарилалт хийгдэж, данс руу мөнгө урсахаас өмнө захирамж гаргах эрх мэдэл түүнд байсан. Гэтэл 21 аймаг, сумдын Засаг дарга нар 7.3 тэрбум төгрөгийг тэнгэр рүү салют болгон буудаж, VIP асарт үнэтэй виски шимэж, намчид нуудгайнуудтайгаа зочид буудалд жаргаж, баримтат кино, энгэрийн медаль болгон шатааж дуусахыг дуугүй харж суучихаад, аягаа долоож дууссан хойно нь "одоо хэмнэнэ" гэж попорч байна. Мөнгийг нь үрүүлж дуусчихаад араас нь "бүсээ чангал" гэж тушаах нь татвар төлөгчдийн бодит амьдралыг улан дороо гишгэж буй хэрэг.
Энэ бол ерөөсөө л 800 хүүхдийн цэцэрлэг, хөдөөгийн эмнэлгүүдийн 60 ширхэг цоо шинэ түргэний машин, 50 ядуу өрхийн насан туршийн орон байрыг 15 минутын салют, дарга нарын нэг үдшийн зоогтой сольсон ажил. Бидний төлсөн татварын мөнгө тэнгэрт задардаг утаа биш, иргэдийн амь насыг аврах эмнэлгийн тусламж байх ёстой.
Ядаж тэр ирэх онуудын төсвийг батлахдаа салбарын баяр, аймаг сумын ойн тансаглалын төсвийг тэглэх тухай ч ярьсангүй. Дарга нар төсвийн мөнгөөр цадаж, гулгиж, унгуулж байхад ард түмэн туйлдаж байна... Тавилан юм даа.







