|
--°C
|horoscope icon |
logo
logo

Монголын дайн хэзээ дуусах вэ?

Орост багагүй хугацаанд байж байгаад ирсэн эгчтэйгээ утсаар ярилаа. Тэндхийн хомсдол, үймээн самуунд санаа зовж,

-Тэнд чинь шатахуун тасраад, баларч байгаа юм биш үү? гэвэл эгч харин гайхаж,

-Амьдрал хэвийн л байна. Харин Монголд л дайн хийгээд байгаа юм биш үү? Хэн нь хэнтэйгээ байлдаад байгааг ч ойлгохоо болилоо гэв ээ.

Энгийн бөгөөд тархи руу шууд цохих гашуун үнэн. Эгчийн хэлснээр, жинхэнэ дайн Монголын өвөлдөө утаатай, зундаа харшил, үерийн устай зэрэгцээд өтгөн, шингэн нь холилдож урсдаг сонин үнэртэй хотод л өрнөж байна. Дэлхий дахин Орос, Украиныг дайтаж байна гэж шуугиж байхад манайд бүхэл бүтэн 30 гаруй жил үргэлжилж байгаа дайны гэмээр хохирол үргэлжилсээр байна.

Энэ дайнд их буу, пуужин ашигладаггүй. Өөрсдөө өөрсдийнхөө дайсан болчихсон явдал юм. Дайны бүс нутагт дэд, бүтэц замыг нь дэлбэлдэг бол Монголд онхолдож, үхэхээр зам зориуд тавьдаг. Өнөөдөр бензин тасарч, шатахуун түгээгүүр дээр оочерлонгоо сошиалд хоорондоо нохой шиг хэмлэлдэж байна. Гэвч бензин, түгжрэл, үнийн өсөлт гэдэг бол бидний өөрсдөө тарьсан, өөрсдөө тэжээж томруулсан төрийн хийж буы ердөө ганцхан хэсэг, өнгөн хөрсөн дээрх багахан ажил төдийхөн.

Том төрийн томорсон хулгай ба бидний талцал

Төр юуг зохицуулна, тэнд хомсдол, авлига л үүсдэг. Төр хэдий чинээ том байна, иргэдийн эрх чөлөө, хөрөнгө төдий чинээ тоногддог нь жам. Бид үүнийг харсаар байж төр шийдээчээ гээд л намагтаа шигдэж байна. Ингэж орилох тусам улам шигдэх ажээ.

1990 оноос хойш манайд юу болов?

Улсын үйлдвэрүүдийг "Хувьчлал" нэрээр үнэгүй шахам хувааж авахад бид чимээгүй харснаас эхэлсэн. Дараа нь УИХ-ын гишүүд тойрогтоо мөнгө тусгуулдаг болоход өөрт нь ирнэ гэж зүүдэлж, дуугүй суусан. Тайлангийн сонин болгон тараахад сөхөж ч хараагүй. Дараа нь хүүхдийн мөнгө, залуу гэр бүлийн мөнгө, үдийн цай хоол болон өргөжиж хулгайгаа томруулж байхад хараад суусан. ЖДҮ-гийн зээлийг улстөрчид нь өөрсдөө цохиж байхад бид сошиалдаа хэдэн өдөр "Пүү, паа" гэж хэрэлдчихээд л мартсан. Хөгжлийн банкийг тонож, ард түмний ирээдүйгээр зугаацаж байхад бид намуудаараа талцаад, "Манай намын хулгайч танагтай, танай намын хулгайч илүү их идсэн" гээд бие биенээ барьж идэх дөхсөн.

Бүр сүүлдээ хэдэн арван их наядаар нь нүүрсний хулгай хийж байхад бид хэдэн өдөр талбай дээр даарч зогсож, баахан хашгирчихаад л, сонгууль болоход өнөөх хулгайчдадаа хууртаад дахин дахин толгойдоо залаад зангиаг нь зүүж өгсөн.

Ковидын үеийн солиоролыг санаач!

"Тахалгүй зуны төлөө" гэх хуурамч уриан дор ард түмнийг гэрт нь цоожлон, хувийн хэвшлээ сөнөөж, арван их наядын хулгай хийж байхад бид хилийн чанадад гацсан өвчтэй, зовлонтой элэг нэгтнүүдээ "Тусгай үүргийн онгоцоор энд авчирч вирус тараагаад яах юм" гээд эх орон руу нь алхуулахгүй хэрэлдэж, гудамжинд хөөж тууж байсан. Хүн чанар, хувь хүний эрх чөлөө гэдэг зүйл хөлийн чигчий хуруун чинээ ч үлдээгүйг бид тэгэхэд харуулсан.

Тэгсэн мөртлөө өнөөх ковидын мөнгөн дээр тоглож, ард түмний амь нас, эрүүл мэнд, бизнесээр тоглосон, ирээдүйг нь тоносон алуурчдыг бид бүх телевизийн суваг бүрээр баатар мэт залаад, баярлан шагнаж, амжилт хүсээд сууж байсан.

Монголд хэнд ч гэм хоргүй, өөрөө өөрийгөө болгож амьдардаг биеэ даасан хүмүүст маш дургүй. "Энэ одоо юу юм" гээд шахаад зайлуулчихдаг. Харин төрөөс царайчилсан, ичих нүүрэндээ элэг наачихсан, эрээ цээргүй хулгайчдыг сэргэлэн аавын хүү, ээжийн охин гэж шүтээд залчихдаг. Энэ чинь дайн биш юм бол юу юм бэ?

Сүмбэр уул шиг сүйрлийн хохирол

Бид "Дайнтай улс хэцүү байна" гэж өрөвдөх мөртлөө өөрсдөө тэднээс ч илүү хохирол амсаж байгаагаа анзаардаггүй. Дайнтай оронд хүмүүс бөмбөгдөлт, суманд өртдөг бол манайд эмнэлгийн оочерт, утааны өтгөн мананд эсвэл зам дээр хэдэн мянгаараа жил бүр үхэж байна. Зөвхөн хавдраар жилд 4000 гаруй хүнээ шатаах зуух руу үдэж, замын ослоор 500 гаруй иргэнээ эцсийн замд нь үдэж байна. Жил бүр бүхэл бүтэн нэг сумын хүн амтай тэнцэх хэмжээний монгол хүн хорт агаар, аюултай орчин, бидний бүтээсэн энэ стресс, төрийн дарамттай ухаангүй нийгмээс болоод цаг бусаар нүд аниж байна.

Өглөө босоод л өтгөн кофе шиг манан дунд, үнсэн саарал царайлаад бие бие рүүгээ хүйтнээр инээмсэглэн алхах бид сошиалд орхоороо л тэсэрч дэлбэрдэг. "Мөдхөн бүхнийг төр засаж, диваажин шиг болгоно" гэж амлах улстөрчдийн поп үгэнд хууртсаар, бид тэр диваажин руу нь өдөр бүр цэвэр, бохирын шугам, эмнэлгийн оочер, утаан дундуураа чимээгүйхэн мордож байна. Харин нөгөөдүүл цахилгаан тасалдахгүй байх ном лам нараар уншуулж, хийморийн сан тавиулж, хэрээ тагтаа хооллож жишээтэй.

Энэ тэгээд бидний сайн сайхан уу?

Бузар булайдаа баригдсан Монголын нийгэм өөрсдөдөө үлдээгүй зүйлийг бусдаас нэхэн биесээ дүүжлэхэд бэлэн болжээ. Та нарын сайн сайхан, та нарын ариун журам чинь өөрсдөөсөө асуух цаг болжээ. Хулгайчийг "шүүгч" болгож, дарлагчийг "баатар" мэт өргөмжлөн, нэгнийхээ зовлон дээр гишгэж, төрөөс халамж горьдож амар амгаланг хайж байгаа энэ үйлдэл чинь бидний "хүн чанар", бидний "хөгжил" болчихлоо?!

Зэрэгцээ хоёр айл байжээ.

...Манай улстөрчид аливааг айлаар зүйрлэж, асуудлыг Орос, Украины дайн руу чиглүүлэх дуртай. Тэрүүгээр нь ярьвал, нэг айлынх нь хашаанд гадны дээрэмчид дайрч орон буудалцаж, сүйд болж байна. Аа харин нөгөө айлынх нь гадаа юу ч болоогүй, тун тайван.

Гэвч тэр тайван айлын гэр бүлийн гишүүд гэртээ ороод бие бие рүүгээ хутга барин дайрч, гэрээ өөрсдөө шатаан алалцаж гарчээ. Бусад хүмүүс дээрэмчид орсон айлыг өрөвдөн ярилцаж байхад, гэртээ хоорондоо алалцаж буй өнөөх айлынхан "Бид яагаа ч үгүй, ерөөсөө л бензин дуусчихлаа" гэж өөр зүйлд бурууг өгөн суух аж.

Бид өнөөдөр яг л тэр гэртээ өөрөө өөрсдийгөө хэмлэн дуусгаж байгаа айл шиг байна. Айлаар зүйрлээд харвал Орос, Украин, Монголд нэг иймэрхүү л юм болоод байх шиг.

Хэзээ сэрэх вэ, залуус аа?

Бидэнд гадны цэрэг, пуужин ерөөсөө хэрэггүй. Төрийн оролцоог шүтэж, улстөрчдийн хаяж өгсөн ясанд талцан, сошиалд бие биенээ барьж идэж, хулгайчийг толгойдоо залж, жинхэнэ баялаг бүтээгчдээ баалж хөөчөөд, тендер цусалж, төртэй хамсан халаасыг чинв сэгсэрч буй нөхдийг үндэсний компаниуд гэж өргөмжилдөг бид үнэндээ өөрсдөө өөрсдийнхөө хамгийн аюултай дайсан нь болчихжээ. Шатахууны очер, түгжрэл, үнийн өсөлт бол ерөөсөө л төрийн хэт их оролцоо. Бидний дотоод ялзралын нэгхэн илрэл.

Энэхүү "Монголын дайн" хэзээ дуусах вэ гэж үү? Гадны дайсанд биш, улстөрчдийн бичсэн айдсын зохиолд биш, төрийн амлалтад биш... Ерөөсөө л бид өөрсдөө хувь хүний эрх чөлөө, хариуцлагаа ухамсарлаж, бие биенээ хэмлэхээ больж, хулгайчийг төрөөс зайлуулж, хүн шиг хүн байж сэрэх цагт л дуусна. Төрөөс халамж биш, чөлөөтэй хөдөлмөрлөх эрх чөлөө шаардаж сэрэхгүй бол маргааш гэж байхгүй!

11-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...