Төсвийн алдагдал 2.8 их наяд хүрсэн гэдгээ ам уралдан зарлаж байснаа, удалгүй "Төсвийг 1.4 их наядаар танана, харин цалин, тэтгэврийг бол заавал нэмнэ" хэмээн амь тариа хийж байгаа мэт сурталчлах төрийн түшээд. Уучлаарай, энэ бол зүгээр л татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй цацаж, эдийн засгийн суурь хуулиудыг улаан цайм үгүйсгэж буй популизм.
Аргаа барсан сайд нар нь микрофоны өмнө гараад "Дотоод эв нэгдлээ хадгалаад байж байтал шинэ ургацын ногоо гарч ирээд инфляци буурна" гэж хуцах нь холгүй мөрөөдөл шиг юм яриад зогсож байх юм.
Ямар нэгэн сүржин, чухал шийдэл сонсох нь уу гэтэл манай сайдуудын амнаас унаж байгаа үг нь ердөө л энэ.
Тэднээс асууя. Махны үнэ наймдугаар сард буух нь шинэ ургацын ногоотой яг ямар холбоо хамааралтай юм бэ? Шинэ ургацын байцаа, лууван гарч ирэхээр үхэр, хоньнууд баярлаад махаа хямдруулдаг юм уу? Тийм л байгалийн хуулиар эдийн засаг зохицуулагддаг юм бол энд ингэж олноороо төр барьж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суух ямар хэрэг байна вэ? Бүгдээрээ сайдын суудлаасаа буугаад, хүрз сэрээгээ бариад ногоо тарихаар явбал харин ч улс оронд тустай бус уу?
Төсөв асар том алдагдалтай байна. Тэрнээсээ ичихээ ч байж.
Аа, гэхдээ цалин тэтгэврээ бол амь тариа хийж байгаа аятай нэмнэ гэнэ. Гэхдээ энд нэг том зааг бий.
Төрийн албан хаагчид энэхүү "амь тариа"-г шууд хүртэж, цалингаа нэмүүлнэ.
Баялаг бүтээгч хувийн хэвшил, жирийн иргэд буюу улны бидэнд энэ нэмэгдэл огт падлийгүй. Наалдах юм юу ч байхгүй.
Төсвийн тэлэлтээс үүдэлтэй инфляци иргэдийн худалдан авах чадварыг улам бүр хумиж, юмны үнийг дахин нэг шат ахиулна.
Энэ мэт эдийн засгийн тэнэглэлүүд дунд Үйлстөгөлдөрийнх шиг "жижигхэн дэлхий"-н бяцхан тархины логик бас нэгэн гоё хачир болж байна. Дэлхийн томоохон гүрнүүд цэрэг, зэвсэгтээ 2.9 их наяд ам.доллар зарцуулж байгааг "байгаль эхдээ зориулсан бол" гэж тэрээр мөрөөдөж. Үгүй ээ, тэр их мөнгөөр чинь дэлхийн дулаарал, байгалийн гамшгийг зогсоож болох байсан ч юм бил үү, хэн мэдэх вэ. Гэхдээ бодит байдал дээр манай улсын төсвийн алдагдлын хажууд тэр их наядууд нь яах аргагүй жижигхэн, алс хол, бас бүтэшгүй мөрөөдөл шиг л сонсогдож байна. Үйлстөгөлдөр өөрийнхөө жижигхэн, төгс дэлхийг мөрөөдөж суухад бодит ертөнцөд түүнтэй адил манай төсвийн "их мэдэгчид" инфляци, алдагдлынхаа эсрэг "өвөрмөц" нүүдлээ хийсээр л байна.
Өвөл цаг хаяанд ирж, хүйтэн болно. Харин манай төрийнхний өгч буй жор нь "Дотоод эв нэгдлээ хадгал". Ингээд эв нэгдлээрээ нэг нэгнээ тэврээд суувал дотроосоо дулаацаж, гэр хорооллын утаа, паарны хүйтэн арилчих юм шиг санаачилга гаргах юм.
Нөгөө талдаа COP17 дээр бөөн бөөнөөрөө шаагилдан гоёж очиж, нүүрээ баясган зургаа авахуулж байгааг нь харахаар улс орон маань хөгжөөд, бүх юм болж бүтээд ч байгаа юм шиг. Гуя хасаа гайхуулан гунхаж яваа хүүхнүүдийг нь харахаар соруудаараа сор залахаар суугаа ч юм шиг.
Ерөнхий сайдынх нь айдас хүрэм мэдэгдлийг сонсохоор бид бүгдээрээ балраад, сүйрээд ч байгаа юм шиг.
Халаасаа ухаж, дансан дахь хэдэн мөнгөө харахаар турж үхэх гээд ч байгаа юм шиг.
"Сайд нарын бүх хангамж, унах унааг зогсоолоо" гэх чихэн дээр цэцэг ургам мэдэгдэлд нь хууртаад баярлаад ч байгаа юм шиг.
Алаг цоог, бодит байдлаас тасарсан энэ нийгэмд ер нь жаргаад ч байгаа юм шиг, зовоод ч байгаа юм шиг... Хэдүүлээ яг яаж амьдраад байна аа?







