|
--°C
|horoscope icon |
logo
logo

Төсөв тасарсан ч дресс код тасрахгүй

Тэдний дресс код ХӨХ. Хөхөх биш шүү, дээлийн өнгө нь хөх юм! Харин улсын код УЛААН байна. Аюулын дохио ч юм уу, төсвийн алдагдал ч юм уу, хэн мэдэхэв. "Төсөв, ТОК хоёр зэрэг тасарсан ч, ДРЕСС КОД бол тасрахгүй за юу!" гээд байгаа бололтой. За бензин байхгүй юу? Хамаагүй ээ. Цахилгаан тасрах гээд байна уу? Бага зов. Өвөлжилт 57%-тай явж байна уу? За яах вэ, ямар дээлний хувь биш. Харин дрэсс код бол 100% байна, баяр хүргэе, дарга аа!

Нэг ижил цэнхэр дээл, нэг ижил хиймэл инээмсэглэл, нэг ижил хиймэл зураг... Ховдын гай ерөнхийлөгчтэй ижилсэн хөх дээлээр гоёод хойтон горилох санаатай “Ховдгийн гай” царайтай явна. Дарга нар дагаж далдайгаад сүйд. "Алив ээ, наадам дууссан, одоо ажилдаа орцгооё!" гэж сүржин бурах мөртлөө хийж байгаа ганц ажил нь фотошоптой зураг авалт, түгээлт. Энэ одоо төрийн ордон юм уу, тэд тэгээд түшээд мөн үү? Эсвэл К-Поп группийн бэлтгэл юм уу? "Монголын төр уламжлалаа хүндэтгэж байна" гэх шиг. Үгүй ээ, уламжлал гэдэг чинь яам болгон дээр ижил өнгийн дээлээр коллекц гаргахын нэр биш ээ!

Өнөөдөр бидэнд хөх дээл дутаагүй. Хөөрхий ээжүүдийн маань 10 жил өмссөн ногоон торгон дээл дуу болтлоо хуучирлаа. Ижил дээл өмсөх ч яах вэ, амархан. Ижил ХАРИУЦЛАГА үүрэх гээд үз дээ, хөгийн амьтад минь.

Энэ жилийн хамгийн мега төсөл ДЦС-4-ийн засвар биш юм. Бензиний нөөцний сав бүр биш юм. “ТӨРИЙН НЭГДСЭН ДРЕСС КОД 2026” намрын коллекц юм.

Хэн нэгэн дарга Viber чатдаа "Маргааш бүгд хөх дээлтэй ирчихсэн бай даа, ирээгүйг нь ажлаас хална!" гэж тушаасан юм уу эсвэл хаашаа юм? Зургуудыг нь харахаар УИХ, Засгийн газар биш ээ. “Тэрбум мод” каталогийн нүүр зураг авхуулж байгаа ч юм шиг. Уг нь мод ногоон баймаар юм.

Ард иргэдэд "Наадам, найр, шоуг одоо хориглоно!" гэж загначихаад, өөрсдөө болохоор "Тахилга", "Ой", "Сүмбэр" гэсэн нэртэй VIP VIP наадам хийгээд явж байдаг. Тэгээд зураг дээрээ бүгд ижилхэн дээлтэй гарчихсан... P&R багийнхан нь АЛЖ БАЙНА АА!

Эрчим хүч тасарвал яах бол. Харанхуйд хөх дээл хар болж харагдана гэдэг байх. Залуу улстөрчид нь болохоор "Би хүүхэн, тендер хоёроос хол цэвэрхэн амьдардаг" гэж гомо, гажигаа гайхуулж явна.

Харин хөөрхий жирийн иргэд жижиг бензин яриастай. Төрийнхөн харин “Хүлээгээрэй, зурагчны гэрэл тааруулаад дуусчихъя! Зургийн өнцөг ямар байна?” гээд л яваа бололтой.

Улс орны асуудал гэж хачин жижигхэн зүйл байхад, ДЭЭЛНИЙ ӨНГӨ гэж ямар агуу том асуудал вэ? Гаймаараа хө. Дээлний өнгө гандахад ганцхан намар хангалттай. Харин буруу бодлогын толбыг арилгахад нэг үе шаардлагатай болно биз. Ер нь энэ улсад хэдэн үе үлдсэн юм бол, бүү мэд. Түүхэнд хаад дээлээрээ биш, байгуулсан УЛСААРАА үлддэг юм гэнэ лээ. Харин дээлээрээ үлддэг хүмүүсийг ЖҮЖИГЧИД гэх юм билээ. Чааваас даа, чааваас, чавганц нар л цэнхэр дээл өмсөгдөг шүү.

17-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...