|
--°C
|horoscope icon |
logo
logo

ДУГААР НОМЕР ТЭГШ, СОНДГОЙ...

Ногоон малгай өмсгөж байгаад улаан бодлого хэрэгжүүлдэг төр Улаанбаатарыг өнөөдөр шорон болгочихлоо. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 эхэлж байна. Дэлхийн 197 талын төлөөлөгчид Монголд цуглаж, газрын доройтол, ган, цөлжилт, ус, бэлчээр, хүнсний аюулгүй байдлын талаар ярилцаж байна. Монгол Улс ийм хурлыг зохион байгуулж байгаа нь өөрөө муу зүйл биш. Харин бид энэ их хурлыг угтаж юу хийв? Монголчуудыг дугаарлав. Тэгш дугаартай нь нэг өдөр. Сондгой дугаартай нь нөгөө өдөр. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнууд Монголд ирээд “газраа хэрхэн сэргээх вэ?” гэж ярьж байхад Монголын төр монголчуудаасаа “чи өнөөдөр машинаа унаж болохгүй” гэж сууна. Энэ бол Монголын ногоон бодлогын хамгийн гайхалтай логик. Дэлхийг аврахын тулд эхлээд иргэний эрх чөлөөгөө хасах ёстой гэнэ.

ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛ ЯАГААД МАШИНААС ЭХЭЛДЭГ ВЭ?

Энд нэг энгийн асуулт байна. Улаанбаатарын автомашины улсын дугаарын сүүлийн цифр цөлжилтөд ямар хамаатай вэ? 1, 3, 5, 7, 9 гэсэн цифрүүд газрын хөрсийг доройтуулсан уу? Эсвэл 0, 2, 4, 6, 8 гэсэн цифрүүд бэлчээрийг талхалсан уу? Үгүй.

Тэгвэл яагаад цөлжилттэй тэмцэх олон улсын хурлыг зохион байгуулахдаа нийслэлийн иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм бэ? Санаачлагчдын тайлбар ойлгомжтой. COP17-ын үеийн зочдын урсгал болон хичээлийн шинэ жилийн ачааллыг давхцуулан бууруулах шаардлагатай учраас тэгш, сондгой зохицуулалт хэрэгжүүлж байгаа гэх. Гэхдээ эндээс л асуудал эхэлнэ. Нэг асуудлыг шийдэхийн тулд яагаад заавал иргэний сонголтыг хязгаарлах ёстой вэ?

Төрд нэг удаа ийм эрх өгчихөөр дараагийн асуудалд бас хэрэглэдэг аж. Өнөөдөр

COP17 болох учраас машинаа битгий уна гэнэ. Маргааш Агаарын бохирдлыг бууруулах учраас машинаа битгий уна. Нөгөөдөр нүүрстөрөгчийн ул мөрөө бууруулахын тулд бензинээ бага хэрэглэ гэнэ. Дараа нь уур амьсгалын зорилтоо биелүүлэхийн тулд хэрэглээгээ өөрчил гэж шахна. Одоо ч цахилгаан машин авахыг шахаж байна. Эцэст нь Чамд юу хэрэгтэйг төр чамаас илүү мэдэх болно. Тамхины хуулиар чиний сайн сайхны төлөө гэж байгаад яг л ийм хийхийг завдсан. Төрийн оролцоо ингэж томордог.

ТӨР БАЙГАЛИЙГ ХАМГААЛАХДАА ИРГЭНИЙГ ЯАГААД ШИЙТГЭХ ЁСТОЙ ВЭ?

Хувийн өмчийн эрх чөлөөний хамгийн энгийн зарчим бол хүн өөрийн өмчөө өөрөө хэрхэн ашиглахаа өөрөө шийднэ. Харин төр чиний машин түгжрэл үүсгэж байна гэж хэлээд машинаа унах унахгүйг шийдэж байна. Гэхдээ замын түгжрэлийг онгоц үүсгэхгүй машин л үүсгэнэ гэдгийг бидний хэн хэн маань мэднэ. Энэ тэгш, сондгой хязгаарлалт үүгээр дуусаагүй. Чиний бензин их хэрэглэдэг гээд илүү их татвар авдаг болсон. Уг нь шатахууныхаа төлбөрийг чи өөрөө олдог байхад төр чамаас татвар авч байна. Чиний машиныг “ногоон”, цахилгаан биш гээд төлбөр аваад байгаатай чи өөрөө ч эвлэрдэг.

гээд нэмэлт төлбөр авна. Энэ бүхэн иргэн өөрийн мөнгөөр юу авах, өөрийн машинаар хаашаа явах, өөрийн өмчөө хэрхэн ашиглахыг төр шийддэг болоод байгаа санагдахгүй байна гэж үү? Энэ бүхнийг “эрх чөлөөний шорон” гэхгүй “ногоон хөгжил”

гэж нэрлээд байгаа болохоор анзаарахгүй байна уу? Ямар гоё нэр өгөхөө тэд мэдээж мэднэ. Хуучин социализмд ард түмний эрх ашиг гэдэг байсан нэршил ийн өөрчлдөгсөн.

Одоо бүр дэлхийн эрх ашиг яриад улс улсын түүгээр мөнгө ологчдыг оролцуулаад хуралдаж байна. Нэр нь өөр. Арга нь адилхан санагдахгүй байна гэж үү?

ХАМГИЙН АЙМШИГТАЙ НЬ МӨНГӨ

Ногоон бодлогын хамгийн том асуудал нь мод тарихад биш. Хамгийн том асуудал нь хэн мөнгийг хэнээс авч, юунд зарцуулахыг төр шийддэг болох юм. Монголд “ногоон” гэдэг үг орсон төсөл улам олон болж байна. Ногоон хөгжил. Ногоон эдийн засаг. Ногоон санхүүжилт. Ногоон дэд бүтэц. Ногоон эрчим хүч. Ногоон хот. Ногоон хөрөнгө оруулалт. Ногоон шилжилт... Энэ бүхний ард нэг л асуултыг хэд хэдэн янзаар тавихад цаад санаа нь ил болно. Мөнгө нь хаанаас гарах вэ? Татвар төлөгчөөс үү? Гадаадын зээлээс үү? Тусламжаас уу? Олон улсын сангаас уу? Төрийн баталгаатай зээлээс үү? Хэрэв төр мөнгийг нь хуваарилж, төр төслийг нь сонгож, төр хэнийг “ногоон” бизнес гэж тодорхойлж, төр хэнд хөнгөлөлттэй зээл өгч болохыг шийдэж байгаа бол энэ зах зээл биш. Энэ бол ногоон нэртэй төрийн капитализм. Үүний хамгийн аюултай нь зах зээлийн өрсөлдөөнөөр шалгарсан бизнес биш, төрийн албан тушаалтанд хамгийн ойрхон бизнес “ногоон” болж эхэлнэ. Энэ хэлэлцүүлгийг хэн ивээн тэтгээд байгааг харахад л хэн ашиг олох нь тодорхой болно.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ НОГООН ӨНГӨ

Хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх сайхан зорилготой байгуулсан бүтэц улстөрчдийн танил тал, давуу эрхийн механизм болон хувирч болохыг Хөгжлийн банкны хэрэг харуулсан. Энэ хэргийн эзэд ял авсан уу гэвэл үгүй. Яагаад төр бидний татварын мөнгөөр хэн нэгний бизнесийг санхүүжүүлэх ёстой юм бэ? Хэрэв тэр төсөл ашигтай бол хувийн хөрөнгө оруулагчид мөнгөө оруулна. Ашиггүй бол яагаад татвар төлөгчийн мөнгөөр аврах ёстой юм? Энэ асуултад “ногоон” гэдэг үг хариулт болж чадахгүй.

МОД ТАРИХАД БУРУУ ЮМ АЛГА

Энд нэг зүйлийг зориуд хэлэх хэрэгтэй. Мод тарихад буруу юм байхгүй. Тэрбум мод тарьж чадвал сайн хэрэг. Газраа нөхөн сэргээхэд буруу юм байхгүй. Бэлчээрээ хамгаалахад буруу юм байхгүй. Усаа хэмнэхэд буруу юм байхгүй. Цөлжилттэй тэмцэхэд бүр ч буруу юм байхгүй. Харин энэ бүхнийг хийх ёстой учраас төр улам их эрх мэдэлтэй болох ёстой

Гэдэгт л асуудал байна. Модыг төр тарьдаггүй. Хүмүүс тарьдаг. Бизнесийн компаниуд тарьдаг. Малчид хамгаалдаг. Газар эзэмшигчид арчилдаг. Орон нутгийн иргэд өөрсдийн ашиг сонирхлоороо хамгаалдаг. Харин төр бусдын мөнгийг хүчээр авч тэрийг хийх нэрээр ойр дотныхон нь ашиг олдог. Тиймээс байгаль хамгаалах нэрийн дор төрийн мөнгөний хэмжээ өсөх тусам авлига, үр ашиггүй төсөл, улс төрийн сонголт дагаж өсөх эрсдэлтэй учраас энэхүү бодлогыг буруу гээд буй хэрэг.

“ТЭРБУМ МОД” БА ТЭРБУМ АСУУЛТ

Монгол Улс өмнө нь ч ногоон хөгжлийн том бодлого ярьсан. 2020, 2030 он гэхэд хүрэх зорилтууд тавьсан. Сэргээгдэх эрчим хүч. Хүлэмжийн хий. Ногоон эдийн засаг. Технологи. Бүгд сайхан үг. Гэхдээ нэг л зүйл энэ бүх үгний цаана тодорхой биш байдаг. Өмнөх ногоон бодлогод яг хэдэн төгрөг зарцуулсан бэ? Үр дүн нь юунд хүрэв? Хэн ч хариулж буй мэтээр худал, үнэн тоо гаргаж болох ч яг үнэн хариултыг хэн ч хэлж өгч чадахгүй. Засгийн газар өөрөө COP17-г ногоон хөгжлийн бодлогоо олон улсад танилцуулах, хөрөнгө оруулалт татах боломж гэж тодорхойлж байна. Сайн тодорхойлолт. Тэгвэл хэдэн төгрөг зарцуулав? Хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт бодитоор орж ирэв? Ямар төслүүд санхүүжих вэ? Хэн авах вэ? Ямар шалгуураар сонгох вэ? Тендер нь нээлттэй юу? Төслийн үр дүнг хэн хэмжих вэ? Амжилтгүй болсон төслийн зардлыг хэн хариуцах вэ? Эдгээр асуултад ирээдүйд байхгүй болох Засгийн газар ч тэр, “ногоон хөгжил” гэдэг бодлого ч хариулж чадахгүй. Яагаад гэвэл энэ бодлого, яриа өөрөө уриа төдийхөн зүйл.

НОГООН БОДЛОГЫН ХАМГИЙН ИХ ХОХИРОГЧ НЬ ЯДУУ ИРГЭД БОЛДОГ

Төрийн ногоон бодлого цаасан дээр баян хүнийг биш, бүх хүнийг адилхан бичдэг. Гэвч бодит амьдрал дээр тийм биш. Машингүй хүн дугаарын хязгаарлалтад өртөхгүй. Гэтэл өдөрт машинаараа ажил хийж, хүүхдээ хүргэж, бараа зөөж, орлого олдог хүн яах вэ? Түүний машин бол тансаглал биш. Амьдралынх нь үйлдвэрлэлийн хэрэгсэл. Машинаа нэг өдөр унаж чадахгүй гэдэг нь зарим хүнд зүгээр л тав тухын асуудал. Харин зарим хүнд нэг өдрийн орлогоо алдах асуудал. Энэ бол төрийн бодлогын хамгийн их мартдаг зүйл. Төр хүнийг “автомашин” гэж хардаг. Зах зээл хүнийг сонголт хийдэг эзэн гэж хардаг. Ялгаа нь ийм болохоор ядуус л, дундаж давхаргынхан л үүний хохирогч болдог.

НЭГ ӨДӨР ТЭГШ, НЭГ ӨДӨР СОНДГОЙ

Ингээд өнөөдрийн Улаанбаатарын дүр зургийг хараарай. Дэлхийн төлөөлөгчид

“Land, Restoratio, Hope.” гэж ярьж байна. Харин монголчууд “Өнөөдөр тэгш бил үү, сондгой бил үү?”гэж асууж байна. Дэлхийн хүмүүс газрын доройтлыг ярьж байна. Монголчууд дугаарынхаа сүүлийн цифрийг харж байна. Дэлхийн улс орнуудын төлөөлөгчид хөрөнгө оруулалтын механизм ярьж байна. Монголын иргэн таксины үнэ хэд болохыг бодож байна. Дэлхийнхэн “ногоон шилжилт” ярьж байна. Монголын төр чиний хөдөлгөөнд зохицуулалт хийх тухай ярьж байна. Инээдтэй хэрнээ эмгэнэлтэй. Инээдтэйгээсээ илүү аюултай. Учир нь төр иргэний амьдралын жижиг шийдвэрүүдийг “нийтийн эрх ашиг” нэрийн дор өөртөө авах тусам хувь хүний эрх чөлөөний орон зай үгүй болдог.

ХАМГИЙН ИНЭЭДТЭЙ НЬ...

Нэг хэсэгтээ шатахуун хомсдоно. Нөгөө хэсэгтээ машин хязгаарлана. Дараа нь зам хаана. Тэгээд түгжрэл буурна. Тэгээд “Ногоон хот” бий болно. Харин хүнгүй болсон байх вий. Ингэж болох уу? Түгжрэлийг бууруулах нь зөв. Гэхдээ түгжрэлийн үндсэн шалтгааныг шийдэхгүйгээр иргэдийн машиныг өдөр өнжүүлэн хязгаарлах нь өвчнийг эмчлэхээсээ илүү өвчтөний хөдөлгөөнийг хорьж байгаа хэрэг. Замын сүлжээ, нийтийн тээвэр, хот төлөвлөлт, сургуулийн байршил, оффисын төвлөрөл, орон сууцны төвлөрөл, зогсоол, түгээлтийн системийг шийдэхийн оронд тэгш, сондгойгоор явуулах нь төрийн хамгийн хялбар арга. Учир нь дэд бүтэц барихад мөнгө, төлөвлөлт, өрсөлдөөн, хувийн хэвшил, урт хугацааны шийдэл хэрэгтэй. Харин хориг тавихад ганц гарын үсэг л хэрэгтэй.

НОГООН БОДЛОГО БИШ, НОГООНЫ АШИГ

COP17-ыг эсэргүүцэх шаардлагагүй. Цөлжилт бодит асуудал. Газрын доройтол бодит асуудал. Бэлчээрийн менежмент бодит асуудал. Усны хомсдол ч бодит асуудал. Ган, зуд ч бодит эрсдэл. Харин эдгээр бодит асуудлыг шийдэх нэрээр татвар нэмэх, хориг тавих, татаас тараах, төрийн өмчит компани байгуулах, улстөрчдийн сонгосон бизнест хөнгөлөлттэй зээл өгөх, иргэдийн өмчийн хэрэглээг хязгаарлах, төрийн төсвийг тэлэх, шинэ зөвшөөрөл, шинэ стандарт, шинэ хяналт бий болгох нь өөр асуудал. Байгаль хамгаалах нь зорилго төрийн эрх мэдлийг өсгөх нь зорилго болж болохгүй.

ТЭГЭЭД ЯАХ ЮМ ГЭЖ ҮҮ?

Хэрэв үнэхээр цөлжилттэй тэмцэх гэж байгаа бол төр хамгийн түрүүнд өмчийн эрхийг тодорхой болгох ёстой. Хэн газар ашиглах вэ? Хэн хариуцах вэ? Хэн сүйтгэсэн бол сэргээх вэ? Хэн хамгаалсан бол үр шимийг нь хүртэх вэ? гэсэн асуултуудыг хариулттай болгоход л болно. Ингэхдээ зах зээлийн мэдээллийг ашиглах ёстой. Үнэ тогтоож болохгүй. Усны үнэ бодит өртгөө илэрхийлдэг бол хүмүүс усаа хамгаална. Бэлчээр ашиглалтын эрх тодорхой бол малын тоо, газрын даацын асуудалд хариуцлага үүснэ. Эцэст нь төрийн татаасыг шалгаж, хянах ёстой. Татварын татаас байгаль хамгаалж байна уу? Эсвэл улстөрчийн найзын бизнесийг хамгаалж байна уу? Ногоон төслийг өрсөлдөөн хэр шударга вэ гэдгийг шалгах ёстой. “Ногоон” гэдэг шошгоор төсөлд мөнгө өгдөг биш, хамгийн бага зардлаар хамгийн их үр дүн гаргаж байгаа хүнд мөнгө нь очдог байх ёстой. Энэ бүх шийдлийн эзэн нь иргэд байх ёстой. Төр иргэний өмнөөс бүхнийг шийдэх тусам иргэн хариуцлагагүй болдог. Харин өмч, эрх, хариуцлагыг нь тодорхой болгож өгвөл хүн өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах явцдаа байгалиа ч хамгаалдаг.

ЭЦЭСТ НЬ

Монголчууд нэг зүйлийг анзаарах цаг болжээ. Социализмын үед бидэнд “Чиний төлөө төр шийднэ” гэдэг байсан. Өнөөдөр “Дэлхийн төлөө төр засгууд шийднэ” гэдэг болжээ. Өмнө нь таван жилийн төлөвлөгөө байсан. Одоо уур амьсгалын төлөвлөгөө байна. Өмнө нь улсын өмч байсан. Одоо “ногоон шилжилт”-ийн хөрөнгө оруулалт байна. Өмнө нь үнэ тогтоодог байсан. Одоо нүүрстөрөгчийн татвар, экологийн стандарт, хэрэглээний хязгаарлалт нэрээр төр үнэ, сонголтод улам их оролцох боломжтой болж байна.

Өмнө нь “ард түмний сайн сайхны төлөө” гэдэг байжээ. Одоо “эх дэлхийн сайн сайхны төлөө” гэдэг болжээ. Нэр нь өөрчлөгдсөн.

Төрийн дуршил хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тиймээс л төрийн дур зоргыг байнга хязгаарлах ёстой. Бидний асуудал цөлийн шарыг ногоон өнгө болгох биш. Асуудал нь ногоон өнгөөр будсан төрийн эрх мэдэл. Тэрбум мод тарьж болно. Гэхдээ иргэний эрх чөлөөгөө тайрч болохгүй. Цөлжсөн газраа, сүйдсэн бэлчээрээ сэргээ.Гэхдээ хувийн өмчийг булшилж болохгүй. Усаа хамгаал. Гэхдээ төрд хэн усаар ундаалахыг бүхэлд нь захирах эрх өгч болохгүй. Цөлжилттэй тэмцэх ёстой. Гэхдээ цөлжилтийн эсрэг тэмцэж байна гээд иргэний сонголтын “цөлжүүлж” болохгүй. Өнөөдөр Монголчуудыг тэгш, сондгойгоор дугаарлаж байна. Өчигдөр бид бензинээ тэгш, сондгойгоор авах хязгаарлалтад үг дуугүй өртсөн. Маргааш магадгүй хүчилтөрөгчийн хязгаарлал хийх үү? Тэгш, сондгойн хязгааралтад хэдэн хүн орлогоо хязгаарлуулсан бол. Хэдэн хүн хэрэглээ ингэж хязгаарлуулаад байна вэ. Эцэст нь хүнийг өөрийг нь дугаарлаж мэдэх зам руу л эрх баригчид хөтөлж байна. Тэгш, сондгой дугаартай машинаараа өнөөдөр зам дээр ээлжилж явж байгаа харагдаж байгаа байх. Гэтэл хүний эрх чөлөөг тэгш, сондгойгоор хуваарилагддаг зүйл мөн үү. Ингээд нэг удаа хязгаарлаад эхэлбэл дараагийн хязгаарлалтад зориулсан дугаар аль хэдийн бэлэн байдгийг бид амьдралаараа амсаж явна. Ногоон малгай өмсгөсөн төр улаан бодлогоо хэрэгжүүлж эхлэхэд хамгийн түрүүнд зам нарийсдаггүй. Бидний эрх, амьдрах орон зай нарийсдаг.

5-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...