Монголын утаа бол зүгээр нэг агаарын бохирдол биш юм. Улаанбаатарын утаа бол угтаа дарга, улстөрч ангийн баяжих, хөлжих, хангалуун сайхан амьдрах “баялаг” юм. Утаа бол улс орноо боддоггүй увайгүй амьтасын популизм шинжлэх ухааныг хэрхэн шившиг болгож, төр засаг тоо баримтыг яаж мушгин гуйвуулж болдгийг дэлхийд харуулсан “сонгодог” сурах бичиг юм. Жирийн нэг иргэн яндангаасаа гарч буй хорт утааг нүдээрээ харж, уушгиараа мэдэрч байхад дарга нар статистик мэдээгээр утаа буурсан гэж ярих нь ард түмнээ “сохор” гэж доромжилж, гүтгэж буй хамгийн доод үйлдэлтний “догма” юм. Бид хордож үхэж байхад тэд амжилтаа тэмдэглэж суусаан...
Хэдэн зуун тэрбум төгрөг утаатай хамт агаарт замхаж, хэдэн зуун эрдэнэт амь угаар, угаарын хийн дунд замхарсан жилүүдийн эцэст бид сая нэг 134 сая ам.долларын “авралын” төсөлтэй нүүртэй нүүр туллаа.
Нэг хэсэг нь тайзан дээрээс "Утааг ялав" хэмээн микрофон шүүрэн жүжиглэж, зурагт хуудас тараан тохуурхаж явсан нөхөр НИТХ-аас яваагүй байна. Хөшигний цаана яг юу өрнөв? Эхээс төрөхдөө л уушги нь цоорхой, гажигтай, зүрхний ховдол нь цоорхой төрсөн нярай, угаартлаа гээд эмнэлгийн коридорт дараалал үүсгэсэн иргэдийн шүүрс алдалт, өвөл бүр сэтгэл зүрхээ сугалуулах шиг ойр тойрныхноо угаарт алдаад “Угаарын мэдрэгчээ унтраасан байна” гэх ганцхан дүгнэлтээр буруутан болсон хэдэн мянган өрхийн эмгэнэл бүхний төлөө буруутнуудаас одоо ял асууя... Энэ бүхэн "сайжруулсан шахмал түлш" гэх сүржин нэртэй, бодит байдал дээрээ хүний амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьсан туршилтын төлөөс байсан. Ингэснийх нь төлөө одоо төлбөр нэхэмжилье.
...БНХАУ-аас шахмал түлшний түүхий эд, бэлэн түлш импортолж, түүнийг нь "хөнгөлөлттэй үнэ"-ээр иргэдэд борлуулах нэрээр жил бүр 200-300 гаруй тэрбум төгрөгийн татаас төсвөөс урссаар ирсэн. Арван жилийн турш агаарын бохирдолтой тэмцэх нэрээр санхүүжүүлсэн нийт зардлыг тооцвол их наядаар тоологдох асар том тоо гарна. Нэг ёсондоо, төсөв тасарч, улсын эдийн засаг доройтож, иргэд нь өвчлөлд идэгдэж байхад дарга нарын "Утааг ялав" гэх попрол хэзээ ч тасарсангүй.
Одоо НЗДТГ болон “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн хамтран хэрэгжүүлэх 134 сая ам.долларын "Нүүрс-пиролизын үйлдвэр" төслийн сураг гарч эхэллээ. Энэ нь шахмал түлш иргэдийн амь нас, эрүүл мэндээр туршилт хийсэн “хор” байсныг баталлаа. Жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс, 40 мВт цахилгаан үйлдвэрлэн, агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна гэх тооцоолол цаасан дээр лавтайяа буужээ. Шинжлэх ухаан, нүүрс-химийн гүн боловсруулалт, технологийн шийдэл рүү орж байгаа нь мэдээж зөв нүүдэл. Гэхдээ энэ мэт технологийн шийдэл рүү орохоос өмнө нэг л зүйлийг заавал хийх ёстой. Төсвийн мөнгийг үр ашиггүй урсаргаж, "Утааг ялав" хэмээн түмэн олноор тохуурхаж байсан хүмүүсээс ял асуух ёстой.
Агаарын бохирдлыг бууруулах ажил шинэ төсвөөр, шинэ үйлдвэрийн ТУЗ-ийн уулзалтаар эхлэхгүй. Нийтийн эрүүл мэндээр тоглож, улсын төсвийг татаас нэртэй данх руу асгаж байсан буруутнуудад хариуцлага тооцож, санхүүгийн болон эрх зүйн aудит хийсэн цагт л бид жинхэнэ агаарын бохирдолтой, бас авлигын "утаатай" тэмцэж чадна. Хариуцлага нэхэхгүйгээр дахин нэг 134 сая ам.доллар зарцуулбал, тэр нь ердөө л дараагийн хариуцлагагүй үйлдлийг хаацайлах хаалгыг нээж өгсөн хэрэг болон үлдэнэ. Нүүрсэн станц бол нөөц баялаг ихтэй Монгол шиг оронд утаанаас салах хамгийн зөв гарц мөн үү, мөн. Гэхдээ өмнөх шахмал түлшээр хөлжсөн хөрөнгөжсөн улстөрчидтэй хариуцлага тооцох ёстой. Тэгж гэмээн монгол утаанаасаа салах ёстой.







