Тарвас элсэнд сайн ургадаг
Тарвасыг элсэнд ургуулдаг гэдэг. Өнөөдөр Монгол ч бус дэлхийд нэгэн чөтгөрийн номлол газар авсан нь ногоон үзлийн өнгөлөн далдлалт юм. Гаднаасаа ногоон мэт харагдавя дотроо улаан тийм бодлого гэсэн үг. Гаднаа байгаль дэлхий, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт ярьсан ногоон сурталчилгаа явуулавч, дотор талдаа төрийн оролцоог нэмэгдүүлэх, хувийн өмчийг хязгаарлах, хуваарилалтыг төр өөртөө авах гэсэн хуучин социалист "улаан" арга барилтай гэсэн үг.
Айдас бол тэдний зэвсэг
Улаантнууд буюу зүүнтнүүд хуучин социализмын урианд нь хүмүүс итгэхээ болихоор уур амьсгалын гамшгийн айдсыг ашиглан иргэдийн эрх чөлөөнд халдаж эхэлсэн. Түүнийг элдэв хязгаарлалтаас бид бишгүй мэдэрч буй. Олон улсын хурлын төлөөлөгчдөд зориулж нийслэлийн иргэдийн хөдөлгөөн, хувийн өмчөө ашиглах эрхийг "тэгш, сондгой"-гоор хуваан хязгаарлаж байгаа нь төрийн захиргаадалтын хамгийн аюултай хэлбэр. Төрд "нийтийн сайн сайхны төлөө" гэдэг шошгоор иргэний сонголтыг хязгаарлах эрх нэг л удаа өгчихвөл дараа нь агаар, бензин, хэрэглээ, орлого гээд бүх зүйлийг төр шийддэг болно.
"Ногоон" нэртэй төрийн капитализм буюу Хөгжлийн банкны сургамж
Зах зээлийг мушгин гажуудуулах нь маш хортой. Эко, ногоон санхүүжилт, “Тэрбум мод” гэх мэт төсөл, хөтөлбөрүүд нь зах зээлийн өрсөлдөөнөөс гадуур, төрийнхөнтэй ойрхон бизнесүүдэд татвар төлөгчдийн мөнгийг хувааж өгөх шинэ суваг болдог. “Утаагүй” гэх бизнесийн сүлжээ одоо ч биднийг хордуулж, хоосолсоор байгаа төдийгүй жирийн иргэдийн амь нас, эрүүл мэндээр хохироож байна. Хөгжлийн банкны гашуун туршлагаар бид төрийн мөнгийг "хөгжил" нэрээр хэрхэн завшиж байсныг харсан. "Ногоон зээл" гэх шошго бол яг тэр арга замаа давтах шинэ маск болчихлоо.
Байгалийг төр биш, Ээзэн нь хамгаалдаг
Бэлчээр, газар, усны нөөцийг эзэнгүйрүүлж "дундын өмч" болгох нь цөлжилтийн гол шалтгаан. Баялагт хувийн өмчийн эзэмшлийг тодорхой болгож, зах зээлийн үнэ, өрсөлдөөнийг нь ажиллуулбал иргэн өөрийн ашиг сонирхлоо хамгаалах замаар байгалиа хамгаалж чадна. Монголчууд байгаль, нутаг усаа хүний эрхэнд байхдаа ч хамгаас дээгүүр хайрлаж ирсэн улс. Харин төр төр мөнгө хуваарилж, хориг тавих биш, зөвхөн хувийн өмчийн баталгаа, хуулийн биелэлтийг хангах ёстой.
Мод тарьж болно оо. Гэхдээ иргэний эрх чөлөөг тайрч болохгүй. Газраа сэргээ, гэхдээ хувийн өмчийг хурааж болохгүй. Цөлжилттэй тэмц, гэхдээ иргэний өмчийг “цөлжүүлж” болохгүй.







