|
--°C
|horoscope icon |
logo
logo

Өлсгөлөн зан, өлөн ходоод, чангалсан хошногоороо Гиннест бүртгүүлцгээе

Өглөө нь махны үнэ тэнгэрт хадсаныг хараад толгойгоо шааж явснаа үд гэхэд мянган тогоонд хорхог хийж, үдэш нь тэнэглэлээ гавъяа болгон тэнгэрт сэржим өргөж, хоосон хотоодтой үр хүүхдүүддээ согтуу очсон мөнхийн цатгалан царайтай өлөн сэтгэлтнүүд ямар аймшигтай вэ?

Тэнэглэлээрээ, сүрээрээ ертөнцийг нурааж чадах агуу чадалтай улс Монгол болжээ. Ядуусыг ясаа цайтал зүтгэсээр байхад нь "дэлхийн дээд амжилт" гэдэг чихэнд чихсэн чихэр шиг хоосон бахархалаар хуурч чаддаг; өлсгөлөн ард түмнийхээ өвөр лүү өршөөлгүй тийрч чаддаг хог шаарнууд юм. Хамгийн харамсмаар нь, тэд бол бид юм. Бид бол махны үнэнд нухлагдсан, тогооныхоо ёроолыг долоож үхэх шахсан тэр тэнэгүүд юм.


Яаж яваад малчин монгол махгүй хоцорч, хотынхон нь гуйлгачин болсныг, яагаад хүүхдийн хүсэл, мөрөөдөл лангууны өмнө нурж унадагийг, ямар учраас яс мах хоёр нь хүртэл ядуусын тансаглал болж хувирсныг бид ойлгохгүй болчихов оо.
Харийн цаасаар бахархаж, цөлийн улсаар малаа хараалгуулж, түүнд нь зориулж төсөв баталж, хэлснийг нь шагшин мартаж, хэрэг болгон авхуулсан тэнэглэлийн зургаа ханандаа өлгөх гэж улайрах зуур ард түмэн чинь алхах хөлтэйгөө, амьдрах итгэлтэйгээ үлдсэн эсэхийг хэн нь ч анзаарахгүй хаашаа янзын тамын улс вэ, энэ чинь.


Тэнэглэл нь сайн сайхан болсон юм бол тэр хэвээрээ бүгдээрээ хошногоо чангалж байгаад Гиннест бүртгүүлцгээе. Мянган тогооны хорхог багадана, бүр цаашаа явцгаая. Хамгийн олон хоосон ходоодоор, хамгийн урт дараалалд зогссон ядуусаар, хамгийн өндөр өртэй, хамгийн хоосон түрийвчтэй үндэстэн гэдгээрээ дэлхийн рекордыг эвдэж, Гиннесийн номонд мөнхөд бичигдэцгээе.
Бид тогоогоо сүүлчийн удаа тослохдоо өөрсдийнхөө өлсгөлөн ирээдүйг хуурч байна. Бид махассан хийрхлээрээ, мацаад барахгүй үнийн өсөлтөөрөө сүйрлийнхээ баярыг тэмдэглэж байна, шөнө орой ёслолын буудлага буудаад сүйд хийж байна. Морьтой ч болоосой, хоньтой ч болоосой, ямаатай, тэмээтэй, ядаж махтай ч болоосой гэдэг дэлхийн гуйлгачдаар мал сүргээ хараалгадаг монгол байж болно, Хятад байхгүй байх аа.


Дэлхийн талыг хүлэг морьдынхоо туурайгаар тамгалж явсан хэр нь адуугаа дээш харуулан шорлосон, ад зэтгэрийн “золиг” хийчээд авангард урлаг гэдэг арчаагүй ард түмэн байтугай албин чөтгөр байхгүй.


Мянган хорхогоор улс орныхоо нүдийг сохлоод, Гиннесийн сертификатаар өлсгөлөн гэдсээ боож зүүгээрэй. Бид бол хоосон ходоодоо төрийн сүлд шиг өргөж яваа цаг үеийнхээ хамгийн эмгэнэлтэй, хамгийн зэвүүн үзмэр мөн.

4-н цагын өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...