Монголын тэнгэр, түүнд дүүлэн нисэх идлэг шонхор бол хэн нэгэн дарга эсвэл гадаадын баян эрхэм өөрийн үзэмжээр үнэ тогтоож, хил давуулж худалддаг төрийн өмч биш юм. Энэ бол Монголын байгаль, ард түмний бахархал, хойч үедээ үлдээх ёстой үнэт өв. Гэвч жил бүрийн "шонхрын улирал"-аар нэг л асуулт өрнөдөг нь “Бид байгалийн баялаг, бүрэн эрхт байдлаа хамгаалж байна уу эсвэл төрөөс тогтоосон квотын цаана мөнгө, эрх мэдэлтнүүдийн наймаа явагдаж байна уу?” гэх асуулт.
Засгийн газраас 2026 онд соёлын зориулалтаар 350 хүртэл толгой идлэг шонхор барих зөвшөөрөл олгосон. Гэвч хуулийн зохицуулалт нэртэй бюрократ механизм нь хууль бус үйлдлийг хаах биш, харин ч монополь давуу тал, авлигын хөрс үүсгэх эрсдэлтэй байдаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл, "хуульд нийцсэн квот" ба хууль бус наймаа хоёрын загвар давхцаж, хяналтгүй байдлыг бий болгож байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт бизнес хийж, байгалийн баялгийг ашиглаж байгаа бол гадаадын иргэн үү, дотоодын иргэн үү гэдгээс үл хамааран ижил хууль, нэг л хариуцлагын дор орших ёстой. Хэн ч мөнгөтэй, өндөр албан тушаалтай эсвэл гадаадын иргэн гэдгээрээ хуулиас дээгүүр гишгэх эрхгүй.
Гэтэл практик дээр Монгол хүн хууль зөрчвөл хатуу шийтгүүлдэг атлаа гадаадын иргэн хэдхэн зуун мянган төгрөгийн торгууль нэртэй хөнгөн ялаар мултардаг шударга бус тогтолцоо үйлчилсээр байна. Ийм давуу байдал, хуулийн хэрэгжилтгүй байдал нь эцэстээ аймшигт эмгэнэлд хүргэлээ.
Эх орныхоо байгалийг хамгаалж, үндэсний бахархалт шувуугаа аврахаар зориглон зогссон залууг аравхан настай хүүгийнх нь нүдэн дээр дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарлаа.
Иргэнийхээ амь нас, хувийн өмч, аюулгүй байдлыг хамгаалж чадахгүй байгаа төр оршин тогтнох утга учиртай юу? Бүр аюултай нь, энэ эмгэнэлт хэргийг иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөндөж эхлэхэд цагдаагийн байгууллагаас "Ийм хэрэг болоогүй, дуудлага бүртгэгдээгүй" гэж мэдээлсэн нь төрийн байгууллага иргэнээ хамгаалах биш, гэмт хэргийг нуун дарагдуулах бүтэц болсныг харуулж байна. Нөхрөө, эцгээ алдсан өрх гэр үнэнийг тогтоолгохын тулд ард түмнээсээ тусламж хүсэж, уйлан зогсож байна.
Идлэг шонхрыг хамгаалах нь зөвхөн байгаль хамгаалагчдын ажил биш, иргэн бүрийн эрх зүйн баталгаатай холбоотой асуудал юм. Иргэнийхээ халуун амийг алдсан, хуулийг уландаа гишгэсэн энэ үйлдэлд хэн хариуцлага хүлээх вэ?







