|
--°C
|horoscope icon |
logo
logo

БУРХАН МАРТСАН НУТАГТ: “АИ92”-Г "ЕВРО-92" БОЛГОСОН УУ?

Хотын бүх ШТС-ын ажилтнууд “Евро-92 тасарсан. 95 л байна” гэх хариултыг өгч, арга буюу авахаас өөр аргагүйд хүрч байсан. Харин АИ-92 асуухаар "Уучлаарай, нөөц дууссан" гэж чин сэтгэлээсээ гуниглан зогсож байв.Гэтэл сүүлийн өдрүүдэд яав? Бүх клонкууд гэнэтхэн, нэгэн зэрэг, яг нэг командын дагуу "өгөөмөр буянтан" болон хувирч, “Евро-92 бэлэн байна!” хэмээн шүдээ ярзайлгаад сүйд. Гэхдээ үнэ нь 4,960 төгрөг! Энэхүү шинжлэх ухааны болон логикийн бүх хуулийг давсан гайхамшгийг хараад эрхгүй сөгдөн мөргөмөөр. Монголд бензин гэдэг зүйл ер нь виски юм уу? Гүний торхондоо хэд хоног дарагдаж өтгөрөхөөрөө "Евро-92" болон хувирч, үнэ нь шууд 60% нэмэгддэг шидэт ундаа юм уу гэмээр зүйл өрнөж байна. АМХҮЯ-ны албан ёсны сайтад байршуулсан наймдугаар сарын 18-ны Албан мэдээ №35.1 болон манай нефть импортлогчдын мэдээллийг задлан шинжилье.

МӨСӨН УУЛЫН ОРОЙ БУЮУ БАГА НӨӨЦИЙН ТОМ ЖҮЖИГ

АМХҮЯ-ны тайланг сөхвөл, манай улсын нийт импортын 61%-ийг энгийн АИ-92 эзэлж, вагоноор тасралтгүй орж ирдэг. Гэтэл өнөөх чамин нэртэй "Евро-92" (К5) нь бодит байдал дээр нийт шатахууны ерөөсөө 1-2-хон хувийг амталгаа төдий маш бага хэмжээгээр, дусал төдий орж ирдэг ховор нандин эд аж. Тэгвэл яагаад ийм багахан нөөцтэй "Евро-92" гэнэт хотын бүх клонкоор нэгэн зэрэг асгараад эхлэв?

Саяхан болтол бүх клонкоор өнөөх 98%-ийг нь эзэлдэг үндсэн АИ-92-оо "Дууссан, байхгүй" гэж хаалт тавиад, иргэдийг хэд хоног бензиний хомсдолд оруулан барьц алдуулж авсан.

Тэгснээ яг 3,040 төгрөгийн хямд бензинд шаналсан олон түмэн дээр нөгөө "Ганцхан хувийн бага нөөцтэй" Евро-92-оо 4,960 төгрөгийн үнэтэйгээр гаргаж ирээд "Байхгүй бол алхах уу, эсвэл энэ Евро-92-ыг авъя гэвэл ав" гэж тулгаж байгаа юм. Дусал төдий орж ирсэн багахан Евро-92-оор далайлгаж, далай шиг их энгийн АИ-92-оо дарах эсвэл далд хувиргах нь сэтгэл зүйн асар том "давхар цохилт" болж байна. Улаанбаатарчууд бүгдээрээ “шоок”. Сүүлийн үед машинтай хүмүүс СЭМҮТ-д их ирэх болсон талаар баталгаагүй эх сурвалжууд ч баталж байна.

СҮХБААТАРЫН БООМТ БЕРМУДЫН ГУРВАЛЖИНТАЙ БОЛСОН УУ?

Яамны тайланг харвал манай улс энэ онд 1.78 сая тонн шатахуун импортолсны 93 хувийг нь ганцхан Сүхбаатар боомтоор оруулж ирсэн. ОХУ-аас сар бүр 85 мянган тонн АИ-92 тасралтгүй урсан орж ирж байхад наймдугаар сарын эхээр бүх клонк "Бензингүй, хоосон" гэж хэцүүхэн байдалд орсон.

ТЭГВЭЛ ВАГОНООР ОРЖ ИРСЭН ТЭР ИХ БЕНЗИН ХААЧСАН БЭ?

Хуйвалдааны онол нэгээр бол Сүхбаатараас Улаанбаатар орох төмөр замаар явахдаа бензин ууршаад замдаа алга болсон. Харин хоёр дахь хуйвалдааны онолоор бол бензинийг ШТС-уудын газар нөөцийн саванд хэсэг хугацаанд нэрсэн. Ингээд АИ-92-оо “Евро-92” болгон зараад байна. Үүнийг шатахуун импортлогчид ч, шагчид ч, яам нь ч үгүйсгэн нотолж чадахгүй бөгөөд өөрсдийнх нь хэлж байсан бүхэн нь худал гэдэг нь хуйвалдааны онолоор бус цаг хуацааны шүүлтүүр, шатахуун түгээгүүрийн шланкаар тодорхой болсон.

Шотландчууд вискиг цагаан царс модон торхонд 12 жил дарж, амт нь гүйцэхээр үнийг нь 3 дахин нэмдэг. Тэгвэл манай нефтийн импортны кампанууд энэ технологийг шатахууны салбарт нэвтрүүлжээ. Удахгүй холбоо нь оюуны өмчийн гэрчилгээгээ авах биз. ОХУ-ын 3,040 төгрөгийн стандарт АИ-92-ыг цистерндээ 3 хоног "амрааж", октаныг нь спирт шиг халуун агаарт нэрж байгаад "Евро-92" нэртэйгээр 4,960 төгрөгөөр зарах нь туршилтын дээд амжилт биш гэж үү?

"ЕВРО" ГЭХ МАРКЕТИНГИЙН ГАЙХАМШИГ МОНГОЛД

Яамны албан тоон дээр "Улаанбаатарт АИ-92 нь 3,040 төгрөг" гэж т бичээстэй байна. Гэвч төрөөс үнийг нь бариад байгаа болохоор импортлогчид 3,040-өөр зарахаас "ой нь гутаж", хэд хоног зохиомол драма тоглож иргэдийг барьц алдуулсны эцэст “Евро-92 үнэ 4,960 төгрөг” гэсэн шинэ шошго “наав”.

Хамгийн их орж ирсэн 3,040 төгрөгийн үнэтэй АИ-92 яагаад алга болсон. Ганцхан хувийг эзэлдэг 4,960 төгрөгийн үнэтэй Евро-92 яагаад дуусахгүй байгаа ухааныг

Зүгээр л АИ-92 гэдэг үгнийх нь урд "Евро" гэж залгаад үнийг нь 60 гаруй хувиар шууд нэмчихэж байгаа нь Стив Жобсыг амьдад нь бажгадуулмаар маркетингийн сэтгэлгээ гэлтэй. Энэ "Евро-92"-ыг нь хийхээр машин шууд Европ руу өөрөө давхиад явчихдаггүй л юм бол, нөгөө л нэг Орос баазаас хамт орж ирсэн бензин шүү дээ.

ТООНУУДЫН ТОГЛООМ

Яамны тайланд 18,358 тонн АИ-92 үлдэгдэлтэй, цаана нь 26,000 тонн шатахуун замдаа яваа гэж зарласан. Энэ бол нийслэлийг 20 хоног зовоохгүй хүрэх тоо. Тэгвэл яагаад хомсдол үүсгэсэн бэ? Ямар нэгэн шулмын хорлол эсвэл мафийн тактик яваад байна. Эхлээд "Бензингүй боллоо" гэж түгшүүр зарлана. Жолооч нар банкаа дүүргэж чадахгүй, ажлаас нь хоцорч, бухимдал нь дээд цэгтээ тулна. Бухимдсан иргэд "4,960-аар ч болов авъя, ядаж машинаа хөдөлгөе" гэж гуйх хэмжээнд очиход, клонкууд аврагчийн дүрээр "Евро-92"-оо асгаж эхэлнэ. Замдаа яваа 26 мянган тонн энгийн АИ-92 Рашаант өртөө өнгөрөхдөө л "Евро-92" болон хувирч, үнийн самбар нь автоматаар шинэчлэгдэж байгаа юм.

СУУТНУУД Ч СӨХӨРМӨӨР ШИНЭ НЭЭЛТ

Альберт Эйнштейн амь сэрүүн байгаагүй нь яамай. "Ертөнцөд хязгааргүй зүйл ердөө хоёрхон байдаг. Нэг нь орчлон ертөнц, нөгөөх нь хүний мунхаглал. Гэхдээ эхнийхийнх нь хувьд би одоог болтол бүрэн итгэлтэй болж чадаагүй л байна” гэж дуу алдсан Эйнштейн амьд байсан бол манай клонкуудын 'Евро-92' болон хувирдаг физикийн хуулиас гажууд зүйлийг шидэт хувиргалтыг хараад, гурав дахь хязгааргүй зүйлээр Монголын шатахууны үнийг нэрлэх байлаа. "Би тэнгэрийн эрхэс ба гариг эрхсийн хөдөлгөөнийг тооцоолж чадах ч, хүний галзуурлыг тооцоолж чадахгүй юм байна" хэмээн дуу алдсан Исаак Ньютон Татах хүчний хуулийг нээсэн ч, Монголын клонкуудын “Бензин дарагдах тусам үнэ нь дээшээ тэмүүлдэг” эсрэг татах хүчний хуулийг хэзээ ч тооцоолж чадахгүй байсан биз.

ТӨГСГӨЛ ХЭЗЭЭ ИРЭХ ВЭ?

Физикийн хуулиар бензин торхонд удах тусам дэгдэмхий бодисууд нь ууршиж, чанар нь мууддаг юм гэнэ лээ. Монголын "эдийн засгийн хуулиар" бензин клонкийн нөөцийн саванд дарагдах тусам үнэ нь тэнгэрт тэмүүлдэг шидэт виски шиг үйлчилж байна.

Дараагийн удаа клонк дээр очиход чинь "Евро-92" дууссан гээд "Шотланд-92" эсвэл "АИ-95" гэсэн 9,800 төгрөгийн бензин гарч ирвэл та бүү гайхаарай. Учир нь манай шатахуун импортлогчид бол нефть зардаг хүмүүс биш, Шидэт шингэн нэрэгч Алхимич, бурхан Будда, буруу, зөв номтон Мухаммед, дахин амилсан Есүс, шинэ цагийн шидэтнүүд аятай байна.

Женкогийн бүтэлгүй төслийн Майдарын гэх хөлийг харвал Буддагийн Майдар хэзээ ч залрах юм, бүү мэд. Есүсийн шүүлт энэ дэлхийд ирэх цаг ирж магадгүй ч энэ улсад лав ирэхгүй бололтой. Мухаммедийн ёс суртахууныг уландаа гишгээд удлаа. Аянгын өдөр нь тохиохгүй л байна. Бурхан ч биднийг хаяжээ.

26-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...