Монголд л бүх зүйл бантан болчихсон юм биш. Өнөөгийн дэлхий нийтэд хувь хүний эрх чөлөө, үг хэлэх эрх, олон ургальч үзлийн нэр дор соёлын болон моралийн асар том хямрал нүүрлэж байгааг хүсвэл бид хаанаас ч олоод харчихаар хангалттай мэдээллийн урсгал дунд амьдарч байна. Нэгэн цагт хувь хүний сонголтыг дээдэлж байсан Барууны чөлөөт нийгэм өнөөдөр "Woke" хэмээх сохор үзэл сурталд гишгэгдэж, давхар стандарт, цензурын шинэ хэлбэрт идэгдэх болов. Аливаа улс орон, нийгэмд туулж ирсэн түүх, шүтэн дээдэлдэг үнэт зүйл, яавч доромжилж болохгүй ариун зааг гэж бий. Гэтэл өнөөдөр хүлээцтэй байх, дэвшилтэт үзэлтэн болох нэрийн дор бусдын үнэт зүйл рүү увайгүй халдах явдлыг "энгийн үзэгдэл" мэтээр тархи угаах болов.
И.Томокогийн кейс: Төрийн албадлага уу, хувь хүний хариуцлага уу?
Саяхан Монголд олон жил амьдарсан Япон улсын иргэн И.Томоко Монголоос албадан хөөгдөж, нутаг буцахаар болсон тухайгаа ярьжээ. Тэрбээр “Над шиг албадан хөөгдсөн япон хүн маш ховор. Японд очоод өөрийн туулсан түүхээрээ инфлүүнсер болно. Мөн эх орондоо очоод цагийн ажил хийнэ” хэмээсэн байна.
Мэдээж хувь хүн хүссэн газраа амьдрах, хөдөлмөрлөх, өөрийн хүч хөдөлмөрөөр баялаг бүтээх эрх нь төрийн хүнд суртал, албадлагаас дээгүүр байх ёстой. Нийгмийн дэг журам гэдэг хувь хүний эрх чөлөөг боомилох шалтгаан болох ёсгүй. Гэхдээ усыг нь уувал ёсыг нь дагах л болно. Эрх чөлөө гээд дур зоргоор байна гэсэн үг ер биш. Түүнийг дагаж хариуцлага зайлшгүй байх ёстой. Нийгэм бүр өөрийн гэсэн тоглоомын дүрэм, уламжлалт үнэт зүйлтэй. Хэрэв Японд хэн нэгэн эзэн хааныхаа институцийг гутаан доромжилбол нийгэм нь түүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, асар том хариуцлага нэхнэ. Энэ бол тухайн үндэстний дархлаа, оршин тогтнох эрүүл энхийн манаа юм.
Соёлын давхар стандартын дээд цэг
Гэтэл Барууны нийгэмд энэ дархлаа хэрхэн задарч байгааг Парисын олимпын нээлтийн ажиллагаа бэлхнээ харууллаа. Олон зуун сая Христэд итгэгчдийн нандин шүтээн, түүхэн урлагийн дурсгалыг олимпын индэр дээрээс даажигнан шоглож, түүнийгээ "дэвшилтэт урлаг", "woke соёл" хэмээн зөвтгөсөн.
Эндээс Барууны өнөөгийн нийгмийн хамгийн аюултай давхар стандарт дэлхийд ил болсон.
Христэд итгэх итгэлийг эвдэх, уламжлалт гэр бүл, соёлын дархлааг гутаах нь "үг хэлэх эрх чөлөө" нэртэйгээр магтуулан сайшаагдсан нь олон хүнийг юунд сохроор шүтэж, хаашаа явааг ойлгуулах шиг болж, дуусашгүй мэтгэлцээнийг өрнүүлсэн. Гэтэл Европод Исламын шашин эсвэл зөнч Мухаммедийг шүүмжилж, зураглах төдийд нийгмээрээ багалзуурдаж, "нийгмийн дайсан" эсвэл дайн тулааны шалтгаан болгон сүйд майд болдог. Нэг шашныг доромжилж болоод, нөгөө шашныг доромжилж болохгүй гэж цээрлэдэг бол энэ нь эрх чөлөө биш, ердөө л улс төрийн айдас ба цензур юм.
Манайд ч Чингис хааныг Монгол хүн биш мэтээр ярьж, доромжилж байгааг өмгөөлөх нэгэн ч байж л байна. Харин япончууд үндэсний бахархал, Эзэн хааныхаа нэр хүндийг чанд сахиж, үнэт зүйл рүүгээ халдагсдад тодорхой зааг хязгаар тогтоож чаддаг.
Сохор үзэл суртлаас жинхэнэ эрх чөлөө рүү
Хэрэвзээ бид эрх чөлөөг жинхэнэ утгаар нь хамгаалья гэвэл төр болон үзэл сурталчид бусдад өөрийн дүрэм, "woke" солиоролыг албадан тулгахаас татгалзахад оршино.
Эрх чөлөө хариуцлагатай хамт ирдэг. Бусдын итгэл бишрэл, үнэт зүйл рүү доромжлон халдах нь эрх чөлөө биш, харин бусдын орон зай руу түрэмгийлж буй хэрэг. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бүгдэд ижил үйлчлэх ёстой. Зарим нэг хэсэгт нь "халдашгүй дархан" эрх олгож, бусдынх нь үнэт зүйлийг гишгэхийг зөвшөөрч байгаа цагт нийгэмд хэзээ ч шударга ёс тогтохгүй. Баян-Өлгийд буй нэг нөхөр монголчуудыг хараан, зүхэж, эмс охидыг нь гутаан доромжилж болдог, сайд нь түүнийг нь дэвэргэсэн ч хэн ч шалгадаггүй, түүнийг нь яг адилхан муйхраар эсэргүүцвэл хариуцлага нэхдэг байж яав ч болохгүй.
Нийгэмд юуг шүтэж, юуг хүндэтгэхйг төр эсвэл "woke" идэвхтнүүд заах ёсгүй.
Бидэнд өгч буй дохио
Өмнөх нийгмийг зүхэж, өрөөл бусдыг сохроор дагаж, нүүдэлчдийн ахуйгаа хараагаад бид хаачив вэ? Үнэт зүйл, ариун нандин зүйлгүй нийгэм гэдэг сууршмал соёл иргэншил биш, харин задарч буй нийгмийн шинж юм. "Woke" үзлийн солиорол нь хувь хүний эрх чөлөөг хамгаалж байгаа юм биш, харин уламжлалт соёл, хувь хүний хариуцлагыг устгахаар заналхийлж байна. Соёл, шашин, үндэсний ижилсэл бүрд өөрийн гэсэн хүндэтгэх зааг гэж байх ёстой бөгөөд уг заагийг давхар стандартгүйгээр хүндэтгэн дээдлэх нь чөлөөт, эрүүл нийгмийн хамгийн гол суурь билээ. Бидэнд эрт үед тэнгэр шүтлэг, дараа нь эзэн Богд, араас нь хаан, хожим нам үнэт зүйл байв. Одоо харин биднийг нэгтгэх ганц зүйл нь Чингис хаан, эрх чөлөөний ойлголт болоод буй ч харамсалтай нь тэр хоёртоо ч нэгдсэн нэгэн ойлголтгүй явна. Энэ бидний аюул...







