Монголын улс төрд намар цаг эхэлжээ. Ургасан бол хагдрахын жам ёсоор ар, өврөөсөө нэгнээ нудрахаар үзэж тарж байна.
УИХ-ын ээлжит ба ээлжит бус хуралдааны танхимд 2026 оны төсвийн тодотгол тойрсон "гал" дүрэлзэж байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн шинэчилсэн төсөл болон эдийн засгийн статистик үзүүлэлтүүд нь манай улс төрийн систем ямар аюултай бөгөөд данхайсан замаар замнаж буйг тод харууллаа.
Нэг талаас Засгийн газар төрийн зардлыг хумих, төрийн өмчит компаниудыг цомхотгох тухай ярих боловч, бодит байдал дээр урсгал зардал нь эдийн засгаа дарангуйлсан хэвээр байна. Хамтарсан засгаас гарсан гомдолдоо бачууран явсан Ардчилсан Нам (АН) сая сөрөг хүчний байр сууринд очиж, асуудлыг хурцаар тавьж байгаа нь цаг үеийн хамгийн халуун сэдэв болов. Аштай юу даа, хө.
Төсвийн зардлын 83% нь "ууж, идэхэд" шингэв
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Сангийн яамны мэдээллээр 2026 оны эхний хагас жилд улсын төсвөөс нийт 16.7 их наяд төгрөг зарцуулснаас 13.8 их наяд төгрөг буюу 82.9% нь зөвхөн "Урсгал зардал"-д шингэжээ.
Энэ нь өөрөө аюулын дохио юм. Урсгал зардал гээч зөвхөн төрийн аппарат, цалин, халамж, дарга нарын хангамжид зарцуулагддаг "идэж дуусгах" мөнгө. Хувийн хэвшлийн хуримтлуулах, хөрөнгө оруулах орон зайг төр татвараар дамжуулан сорон авч, үр ашиггүй төрийн аппаратад хуваарилж байгаа нь эдийн засгаа сүйдлэх хэмжээнд хүргэжээ. Төрөөс нийгмийн даатгал, халамжийн санд олон их наядыг цутгах тусам зах зээл дэх бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, инфляцийг хөөрөгдөн иргэдийн цалин, орлогыг үнэгүйдүүлж байна.
Засгийн газар иргэдээсээ мөнгө харамлахгүй гэв үү?
Ерөнхий сайд Н.Учрал түүхэн дээд төсвөө ингэж өмгөөлсөн. Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгох, зарим компанийг татан буулгах шийдвэр гаргаснаа сурталчилж байна. Мөн олон зуун сургууль, дэд бүтцийн амлалт өгч байгаа ч бодит байдалд төсвийн тодотголоор урсгал зардлыг дахин 1.1 их наядаар нэмэхээр оруулж ирсэн нь зөрчил үүсгэв. Төр өөрөө өөрийгөө цомхотгоно гэж ярих боловч дарга нарын орон тоо, цалингийн төсөв, халамжийн хөтөлбөрүүдээ танаж чадахгүй байгаа нь либертариудын хэлдгээр л болж байна. Тэр нь "Төр хэзээ ч өөрийнхөө эрх мэдэл, зардлыг сайн дураараа багасгадаггүй" гэдэг үг бөгөөд гашуун ч гэлээ үнэн болох нь баталсан жишээ болов.
Сөрөг хүчний чарлаан
Хамтарсан засаг задарсны дараа сөрөг хүчний орон зайд очиж, төсвийн тэлэлтийг хурцаар шүүмжилж буй АН-ын шаардлагуудыг шүүн тунгаавал зөв ч юм байх, буруу ч зүйл байх. Төрийн данхайсан бүтэцийг шүүмжилж, урсгал зардлыг танах, бизнес эрхлэгчид болон иргэдийн татварын дарамтыг багасгахыг шаардаж байгаа нь үнэхээр баруун төвийн нам гэлтэй. Гэтэл АН-ын зарим улстөрчид төсвийг танахыг шаардах атлаа "Танасан мөнгийг иргэдийн өөр нэг төрлийн халамж эсвэл татаасанд зориул" гэж шаардаад буй нь олон толгойтой могойд орох газар олдохгүй гэх үгийг эрхгүй бодогдуулна. Жинхэнэ барууны үзэл бол мөнгийг төр дахин хуваарилах биш, татвар танаж, иргэний мөнгийг халаасанд үлдээх явдал юм.
Өнөөгийн Монгол Улсын улс төрийн сенсааци, хэрүүл тэмцлийн цаана эдийн засгийн суурь бүтцийн гажиг оршиж байна. Төсөв бол улстөрчдийн сонгуульд зориулж мөнгө тараадаг эх үүсвэр биш. Н.Учрал үнэндээ тулга тойрсон хэрүүлээ зогсоогоод Монгол улс эдийн засгаа эрүүлжүүлье гэсэн бол,
-Төсвийн урсгал зардлыг механикаар дор хаяж 20-30% танах,
-Татварын хувь хэмжээг бууруулж, хувийн хэвшилд дэвжих боломж үлдээх,
-Төрийн худалдан авалт, төрийн өмчит байгууллагуудыг эрс хувьчлах замаар төрийг багасгаж, хувийн хэвшлийг томруулах реформыг нэн яаралтай хийх шаардлагатай байлаа. Тэгэхгүй бол төсвийн энэ асар том данхайлт нь ирээдүйд иргэдийн нуруун дээр ирэх татвар, сүйрэл болж бууна. Яагаад үүнийг хийхгүй вэ гэвэл МАН социал демократ үзэлтэй. Энэ үзэл тэгш хуваарьлалт нэрээр хамгийн тэгш бус нийгмийг л бий болгох билээ.







