|
--°C
|horoscope icon |
logo
logo

Н.УЧРАЛ ҮНЭХЭЭР ӨӨРЧИЛЖ БАЙНА. ГЭХДЭЭ ДОРДУУЛЖ...

Төрийн машин өдрөөс өдөрт тэлж, татвар төлөгчдийн мөнгийг салхинд сэвэх тусам хувийн хэвшил орон зайгаа алдаж, иргэдийн худалдан авах чадвар шалаар нэг болов. Ерөнхий сайд бүр "Төсвийн сахилга бат", "Үр ашиггүй зардлыг хасна", "Шинэ сэргэлт", "Өөрчилнө" гэсэн чамин уриа, гоё үгээр засаглалаа эхлүүлдэг ч бодит байдал дээр Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлага сүүлийн 10 орчим жилд 4 дахин тэлж, түүхэн рекорд тогтоов.

Зургийн тоо баримтаас харвал:

Ерөнхий сайд нарын засаглалын зураглалаас харвал:

У.Хүрэлсүхийн үе (2017–2021): Арван жилийн өмнө 8 их наяд байсан төсөв түүний үед 10 их наяд байёсан төсвийн зарлага 15.6 их наяд руу өссөн.

Л.Оюун-Эрдэнийн үе (2021–2025): 20 их наядын заагийг даван гарч, 2024 он гэхэд 30.6 их наядад хүрэв.

Г.Занданшатарын үе (2025–2026): Данхар төрийг хумьж, зардлыг танана хэмээн засаглаж эхэлсэн ч төсвийг дахин тэлэх суурийг 33.0 их наяд болгосон.

Н.Учралын үе (2026): "Өөрчилье" гэсэн уриа дор зардлаа хасна, засаглалаа шинэчилнэ гэж гарч ирсэн ч 2026 онд 33.0 их наяд, улмаар 2027 онд 43.6 их наяд төгрөгт хүргэн төсвийг хэт тэлэв.

ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙ САЙД НАР ЮУ ГЭЖ ХЭЛЖ БАЙВ?

Төсөв нэмэх, мөнгө хэвлэх, төрийг данхайлгах бүрдээ тэд яг юу амлаж байсныг эргэн санацгаая.

У.Хүрэлсүх:

-Төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгах, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

Мөнгийг үргүй зардалд зарцуулахгүй, чөмгөө дундартал зүтгэнэ гэж тангарагласан ч түүний үед төсвийн зарлага 10 их наядаас 15.6 их наяд руу өссөн. "Сахилга бат" ярьсан Засгийн газар нь халамжийн хавтгайрсан бодлогоо үргэлжлүүлж, төрийн өмчит компаниудын алдагдал болон өр ширийг улам гүнзгийрүүлсэн юм.

Л.Оюун-Эрдэнэ:

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төсвийг хөгжлийн хэрэгсэл болгоно. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ, тодорхой соёлын өөрчлөлт рүү хамтдаа оръё.

"Шинэ сэргэлт" нэрийн дор 100 гаруй мега төсөл, "10 их наядын цогц төлөвлөгөө" ярьж, төсвийн зарлагыг 20.0 их наядаас 30.6 их наяд хүртэл огцом тэлсэн. Их хэмжээний төгрөгийг зах зээл рүү шахаж, төсвийн зардлаа тэлснээр хэрэглээний үнэ, инфляцийг хөөрөгдөн, төгрөгийн худалдан авах чадварыг эрс бууруулж, иргэдийн халаасыг суйлсан.

Г.Занданшатар:

-Төсөв бол эдийн засаг дахь данхар төрийн давилуун, давруу оролцоог багасгаж, төрийг байр байранд нь байлгах шинэ эхлэл юм. Төр булаагч бус чөлөөлөгч байх учиртай... ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хэмжээг бууруулна.

"Төр булаагч бус чөлөөлөгч байх ёстой" гэж либертари маягийн гоё үгс чулуудаж, зардлыг танаж хувийн хэвшлийг чөлөөлнө гэж тунхагласан ч түүний Засгийн газрын үед төсвийн зарлагын суурь тэлсээр байв. Гоё амлалт, санхүүгийн реформ ярьж эхэлсэн ч улс төрийн тэмцэл, фракцын сөргөлдөөний золиос болж, төсвийн зардлын тэлэлтийг зогсоож чадалгүй ажлаа өгсөн.

Н.Учрал:

-Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, жижиг дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлээ дэмжихэд чиглэж байна. Засгийн газар төсвийн зардлаа хасаж, хэмнэнэ.

"Өөрчилье" уриатай гарч ирсэн тэрээр зардлаа хасна, төрийг цомхон болгоно гэж мэдэгдсэн ч, 2026 оны төсвийг 33.0 их наяд, 2027 онд 43.6 их наяд хүргэх тооцоолол хийв. Татварын зарим хөнгөлөлт нэртэй цөөн шийдвэр зарласан ч ард нь төсвийн урсгал зардлыг түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүргэсэн нь түүний "өөрчлөлт" бол зүгээр л шоу байсныг баталлаа.

ТӨР БАЯЛАГ БҮТЭЭДЭГГҮЙ, ЗӨВХӨН СҮЙТГЭДЭГ

Төр бол баялаг бүтээгч биш. Төр зөвхөн хувийн хэвшил, татвар төлөгчдийн бүтээсэн баялгийг хуваан хуваарилж, дундаас нь үрэгдүүлэгч дагавар байгууллага юм гэдгийг Либертари үзэл санааны суурь зарчмаар бишгүй тайлбарладаг. Гэтэл аравхан жилийн дотор төсөв 10 их наядаас 43.6 их наяд руу өссөн нь эдийн засаг 4 дахин томорсон гэсэн үг биш. Энэ бол төр баялаг бүтээгчдээс 4 дахин их мөнгийг хүчээр далайлган авч, өөрийн данхар бүтцээ тэжээж байна гэсэн үг.

Засгийн газар их наяд их наядаар нь төсвөө баталсан ч нийгмийн суурь асуудлууд хэрхэн дордов.

Утаа буурсан уу?

"Шахмал түлш", "бүсчлэл"-ийн нэрээр олон зуун тэрбумыг төсвөөс урвуулсан ч утаа, агаарын бохирдол арилсангүй.

Өвчлөл багассан уу?

Эмнэлгийн очер дараалал, чанаргүй тусламж хэвэндээ.

Авлига, хүнд суртал буурсан уу?

Мөнгөний хэмжээ, төрийн оролцоо ихсэх тусам зөвшөөрөл, тендер, шахааны бизнест авлигын сүлжээ улам өтгөрөв.

МӨНГӨНИЙ ХАНШИЙН СҮЙРЭЛ БА ГАДААД ӨР

Төсвийн асар их зардлаа татвараар бүрдүүлж чадахгүй үед Засгийн газар гадаадаас зээл авч, мөнгө хэвлэдэг.

Монгол Улсын гадаад өр өнөөдөр 35 гаруй тэрбум ам.доллар буюу 100 гаруй их наяд төгрөгт хүрч, иргэн бүрийн мөрөн дээр ирээдүйг нь зангасан өрийн дарамт болон буув.

Төр төсвөө их наядаар нь нэмж, хэвлэсэн төгрөг зах зээлд шахах тусам төгрөгийн ханш унадаг. Төсвийн тэлэлтийн төлөөсийг сайд нар биш, хувийн хэвшлийн цалинтай ажилтнууд, жижиг дунд бизнес эрхлэгчид худалдан авах чадвараа алдаж, юмны үнийн өсөлтөөр төлж байна.

ХУВИЙН ХЭВШЛИЙГ БООМИЛЖ БУЙ БОДЛОГО

Төрийн төсөв нэмэгдэх тусам хамгийн том ажил олгогч, хамгийн том монополчлогч болдог.

Бизнес эрхлэгчдэд очих ёстой ажиллах хүчийг төрийн албаны хэрэгцээгүй орон тоогоор сорон авч байна. Банкны зээлийн эх үүсвэрийг төр өндөр хүүтэй бондоороо сорон авч, хувийн хэвшилд очих зээлийн хүүг бууруулах боломжгүй болгодог.

Бизнес эрхлэгчдийг татвараар шахан байж хураан авсан мөнгөө дахин хуваарилалт нэрээр "халамж" болон "үр ашиггүй тендер" болгон цацаж байна.

Н.УЧРАЛЫН ХОРОН БОДЛОГО

Н.Учралын амласан "Өөрчлөлт" үнэндээ иргэдийг улам ядууруулж, төрийг улам данхайлгасан "өөрчлөлт" байлаа. Ерөнхий сайд нар солигддог ч төсвөө нэмж, төрийг тэлдэг систем нь хэвээрээ байна. Өдрөөс өдөрт доройтож буй энэ улсын эдийн засгийг аврах ганцхан л арга зам бий. Төрийн бүх үр ашиггүй урсгал зардлыг бодитоор, зоригтойгоор ТАНАХ.

Төрийн оролцоо, зохицуулалтыг цөөлж, хувийн хэвшилд бизнес хийх ЭРХ ЧӨЛӨӨГ нь олгох. Татварын дарамтыг бууруулж, мөнгөний ханшийг чангалах. Төсөв тэлэх тусам иргэний амьдрал доройтож байгааг тоо баримт бэлхнээ харууллаа. Төрөөс тансаглал, хөрөнгө оруулалт нэрээр завшиж буй мөнгө бүр таны халааснаас гарч буй далд татвар юм.

17-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...