|
--°C
|horoscope icon |
logo
logo

ҮҮРЭЭ ЭВДҮҮЛСЭН ШОРГООЛЖ ШИГ МАН БУЖИГНАЖ ЭХЭЛЛЭЭ

Н.Учрал, С.Амарсайхан нарын дайсагнал ба арын өрөөний тохироо

Найр, наадмын зун дуусч, намар ирэхтэй зэрэгцэн МАН-ын байшин руу "чулуу шидчихэв үү" гэлтэй үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймээн эхэллээ. Олон нийтийн сүлжээгээр хөвөрч буй 3.5 тэрбумын скандал, Удганы бичлэг, АТГ-ын акцууд, ШШГЕГ-ын даргын “шоронгийн бослого” зэрэг нь бие биенээсээ хамааралгүй гэнэтийн үйл явдлууд огт биш юм.

Энэ бол ордон дотор удаан буцалсан эрх мэдэл, хүчний байгууллагуудын хяналтын төлөөх тулаан ил гарч буй хэрэг. Энгийнээр хэлбэл, энэ бол Ерөнхий сайд Н.Учрал болон ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нар "нэг бол чи, нэг бол би" гэсэн зарчмаар сөргөлдөж буй амин чухал дайн юм.

Эхний АКЦ: "3.5 тэрбум" ба АТГ-ын гадаах шоу

Үйл явдал Боловсролын яамнаас эхэлсэн. Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий "Их Засаг" сургуульд төсвөөс 3.5 тэрбум төгрөг хуваарилсан гэх шуугиан сөрөг хүчин болон МАН-ын зарим гишүүдийн зүгээс хүчтэй сэвэгдэв. Боловсролын сайд Л.Энх-Амгалан үүнийг "УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн зөвлөх Яамны судалгааны материалыг ашиглан төсвийн хуваарилалт мэтээр гүтгэсэн" гэж тайлбарлана лээ. Ерөнхий сайд Н.Учрал уг дарамтыг сөрж, АТГ-ын үүдэнд өөрөө очиж "Нуух зүйлгүй, шалгуулъя" гэдгээ мэдэгдсэн. Энэ нь өөрийгөө хамгаалах PR гэхээсээ илүүтэй өөрийнх нь эсрэг "гал асаасан" намынхаа хуучин фракцуудад өгсөн сөрөг довтолгоо байв.

Дараагийн АКЦ: "Удганы бичлэг" болоод Н.Учралын пост

Яг энэ үед удган Б.Булнай гэгчийн нэгтгэж тавьсан, Хууль зүйн сайдын нэрийг барьж хэрэг наймаалцсан гэх бичлэг нийгэмд тархав.Уг бичлэгийн талаар Ерөнхий сайд Н.Учрал "Цагдаагийн дэд хурандаа энгийн иргэний гэрт очиж, Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэрэг наймаалцан дарамталж байгаа бичлэг үзлээ. Ийм улайм цайм хэргийг нүдээ аниад өнгөрүүлж хэрхэвч болохгүй" гэж танхимынхаа сайд С.Амарсайханы эсрэг шууд бөмбөг тэсэлсэн.Энэхүү мэдэгдэл нь гурван зорилготой гэж харагдахаар байна. Нэгдүгээрт, 3.5 тэрбумын скандалаас анхаарлыг холдуулж, Хууль зүйн сайд С.Амарсайхан руу чиглүүлсэн.

Хоёрдугаарт, С.Амарсайханы тулгуурлаж байсан Цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагаж, хүчний байгууллагын хяналтыг нь сулруулсан. Гуравдугаар “аавын” захиалгаар Х.Баттулгатай нартай шууд нүүр тулах. С.Амарсайхан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай худ ураг. Цагдаа, шүүхийн системд Х.Баттулгын үеэс тогтсон сүлжээг Н.Учрал ийнхүү ил тод зарлаж, цэвэрлэх ажиллагааг эхлүүлэв.

Гутгаар АКЦ: “Шоронгийн бослого”

Цагдаагийн дараагийн цохилт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ) дээр ирэв. ШШГЕГ-ын дарга А.Намсаманд олон нийтийн өмнө гарч "ХЗДХ-ийн сайдын томилсон тэргүүн дэд дарга Б.Мөнхдөл хорих байруудад хууль зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа хийж байна. Бид алба хаагчдаа өмгөөлнө" гэж мэдэгдсэн төдийгүй тавь гэсэн хүнийг нь даргын тушаалд томилж байснаа ч ичихгүй ил болгосон юм.

Төрийн захирах, захирагдах ёсоор агентлагийн дарга нь өөрийн шууд дээд дарга болох Хууль зүйн сайдынхаа томилсон хүнийг хууль зөрчсөн гэж нийтэд мэдээлэх нь ердийн үед боломжгүй. Энэ бол ШШГЕГ-ын дарга А.Намсаманд С.Амарсайханы захиргаанаас гарч, Ерөнхий сайд Н.Учралын талд орж хийсэн "Шоронгийн даргын ил бослого" юм.

Шорон, хорих байруудыг хянадаг байгууллагыг сайдаас нь салгуулснаар С.Амарсайханы "хүчний хамгаалалт" бүрэн цоорлоо.

Төрийн ордны шатарыг хэн нүүж байна вэ?

Энэ бүх өрөг ямар логикоор явж байгааг том зургаар нь харвал Ерөнхийлөгчийн өрөө рүү л хөтөлнө. МАН-ын УИХ дахь хамгийн хүчтэй бүлэглэл бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийнх болсон. Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Н.Учрал нарыг тэр л тавьсан. Одоогийн зорилго нь Засгийн газар дотор шүүрч авсан Х.Баттулга, С.Амарсайхан нарын нөлөөг бүрэн арчихаар тэр санаархаж байна.

Н.Учралын хувьд ардаа У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын дарамтад орохгүйн тулд тэдний хамгийн том тулгуур С.Амарсайханыг танхимаасаа зайлуулах "зоригтой" тоглолтыг хийж байна.

С.Амарсайханы хувьд "баримттайгаар хариу өгнө" гэсэн. Түүний хийх мэдэгдэл зөвхөн тайлбар бус, Н.Учрал болон түүний ард буй бүлэглэлийн эсрэг "хариу компромат" дэлгэх магадлалтай.

Шоргоолжны үүр цаашид тайван байж чадах уу?

Одоо МАН-ын дотоод улс төр ухрах замгүй жинхэнэ утгаараа амаргүй улаан бүсэд орлоо. Ерөнхий сайд Н.Учрал өөрийн танхимын Хууль зүйн сайдаа цагдаагаар хэрэг наймаалцсан, хорих газар хууль зөрчсөн гэж зарласан тул хоёр сайд цаашид нэг Засгийн газарт хамтран ажиллах ямар ч боломжгүй. Ирэх өдрүүдэд МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ-ын чуулганаар хоёрхон сценари өрнөнө. Н.Учрал С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас нь огцруулж, хүчний байгууллага дахь Х.Баттулгын фракцын ажиллагааг бүрэн зогсооно. Дараа нь С.Амарсайхан, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын эвсэл парламент дээр хүч үзэж, Н.Учралын Засгийн газрыг унагахаар тоглоно. АН энэ зодоонд алгаа ташаад орно. Аль хэзээний нэгээс бусад бүлгийн гишүүнээ Н.Учралыг огцруулах өргөдөлд гарын үсэг зурсан тэд аз жаргалтайгаар албан тушаалын наймаагаа хийнэ.

Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг МАН-ын бужигнаан удахгүй задарна. Хэн нь хэнийгээ огцруулах эсвэл Засгийн газар бүхэлдээ унах уу гэдгийг ойрын өдрүүдийн тохироонууд шийднэ.

5-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...