Монгол ахуй, морин соёлыг орчин үеийн аялал жуулчлалтай хослуулсан “Сортурай” морин кемп олон хүний анхаарлыг татаж байна. Бизнесийн удирдлагын чиглэлээр БНСУ-д докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй залуу өөрийн мөрөөдлөө бодит ажил болгон хэрэгжүүлж, монгол адуу, монгол соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор энэхүү кемпийг байгуулжээ. “Сортурай” морин кемпийг үүсгэн байгуулагчийг Н.Дарханмөнх гэдэг.Бид түүнтэй хүүхэд нас, морьтой холбоотой дурсамж, үндэсний үзэл, бизнесийн философийнх нь талаар ярилцсан юм.
– Та аль нутгийн хүн бэ?
-Би Төв аймгийн Баянхангай сумын харьяат. Монгол Улсад нийгмийн ажлын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Дараа нь БНСУ-д магистрын зэрэг хамгаалж, одоо бизнесийн удирдлагын чиглэлээр докторын сургалтад суралцаж байна.
– Малын захад өссөн үү?
-Би хөдөө өссөн хүүхэд. Морь унаж, хурдан морьтой нөхөрлөж өссөн. Багадаа унасан морьд маань ихэвчлэн айрагддаг байсан болохоор хүмүүс намайг “азтай хүүхэд” гэж ярьдаг байлаа. Ер нь монгол хүн морьгүйгээр төсөөлөгдөхгүй. Бидний өв соёл, түүх, бүр өнөөдрийн тусгаар тогтнол хүртэл морьтой салшгүй холбоотой. Тиймээс би адуунд үргэлж талархаж явдаг.
– Бизнесийн сэтгэлгээ тань багаасаа төлөвшсөн юм шиг санагдлаа?
Тийм ээ. Манайх гуанз ажиллуулдаг байсан. Би багадаа ундааны сав түүж мөнгө олно, түүнийгээ хуримтлуулна. Томроод мал авч өсгөнө. Ер нь багаасаа “яаж үнэ цэн бүтээх вэ” гэж боддог хүүхэд байсан. Их сургуулиа төгсөөд бизнес эрхлэх мөрөөдөлтэй байсан учраас БНСУ-д ажиллаж, хөрөнгө хуримтлуулсан. Дараа нь өөрийн төслүүдээ эхлүүлсэн.
– “Сортурай” морин кемп байгуулах санаа хэрхэн төрсөн бэ?
-Арванхоёр жил тасралтгүй өдрийн тэмдэглэл хөтөлж байна. Хуучин тэмдэглэлээ үзэж байтал 2017 онд “2027 он гэхэд морин кемп байгуулна” гээд бичсэн байсан. Анхнаасаа монгол ахуйг мэдрүүлэх газар байгуулна гэж төлөвлөж байжээ. Морь унахыг хүсдэг ч боломж нь хязгаарлагдмал хүмүүс олон байдаг. Нөгөө талаас би өөрөө адуу үржүүлэх хүсэлтэй байсан. Ингээд хоёр хэрэгцээг нэгтгээд морин кемп байгуулах санаа бодит болсон. Өнөөдөр манайд ирсэн хүн дээл хувцас өмсөөд, монгол гэрт байрлаад, айраг уугаад, морь унаад жинхэнэ монгол ахуйг мэдрэх боломжтой
– Танай кемпийн гол онцлог юу вэ?
-Манайх зөвхөн морь унуулдаг газар биш. Бид монгол соёлыг цогцоор нь мэдрүүлэхийг зорьдог. Хотын хүн ирээд шууд морь унаж болно. Хүсвэл үндэсний хувцас өмсөнө. Гэрт байрлана. Айраг, цагаан идээ амтална. Нэг үгээр хэлбэл, монгол ахуйтай танилцах бүх нөхцөлийг бүрдүүлсэн.
– Та адуунуудаа “гэр бүл” гэж нэрлэдэг юм байна? Хэдэн адуутай вэ?
-Одоогоор 70-80 орчим адуутай. Үүнээс 30 гаруй нь уналгын морьд. Миний хувьд эдгээр морь бизнесийн хэрэгсэл биш. Эд бол миний найзууд, хамтрагчид. Тийм болохоор “гэр бүл” гэж нэрлэдэг. Монголчуудын хувьд морь бол унаа төдий зүйл биш. Жинхэнэ анд нөхөр нь.
– Та монгол адууг хамгаалах тухай их ярьж байна. Яагаад энэ асуудалд онцгой анхаардаг вэ?
-Монгол адуу бол бидний өв соёлын нэг хэсэг. Өнөөдөр хурдан морь гэхэд эрлийз адуу их болсон байна. Би эрлийз адууг буруутгадаггүй. Харин өөрийн монгол адуугаа орхигдуулж, устгаж байгаад эмзэглэдэг. Монгол адуу бол зөвхөн мал биш. Энэ бол монголчуудын олон зууны түүх, бахархал, үнэт зүйл. Тиймээс монгол адуугаа хамгаалах нь монгол хүнийхээ мөн чанарыг хамгаалахтай адил гэж боддог.
– “Сортурай” гэх нэрний утга юу вэ?
-Би Сорхогтани хатны тухай уншиж байсан. Түүний ухаан, алсын хараа надад маш их таалагддаг. Тэгээд “Сор” гэдэг хэсгийг нь авч, адуутай холбоотой нэртэй хослуулж байгаад “Сортурай” гэсэн нэрийг бүтээсэн. Дэлхийд давтагдахгүй нэр бий болгохыг хүссэн юм.
– Одоогийн байдлаар хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байна вэ?
-Нийтдээ 200-300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэхдээ миний зорилго зөвхөн ашиг олох биш. Ажлын байр бий болгох, залуусыг ажилтай болгох, монгол соёлыг түгээх зэрэг нийгмийн ач холбогдолтой зорилтууд ч бий.
– Хотын хүүхдүүдэд морь унах ямар ач холбогдолтой гэж боддог вэ?
- Морь унах нь хүүхдэд маш их зүйл сургадаг. Юуны өмнө амьд амьтантай зөв харилцахыг заана. Хариуцлага суулгана. Тэвчээртэй болгоно. Өөрийгөө удирдаж сургана. Би үргэлж “Морио жолоодож сурсан хүн өөрийгөө ч жолоодож сурдаг” гэж боддог. Морь бол хүнийг төлөвшүүлдэг амьд багш юм.
– Цаашдын мөрөөдөл, зорилгосоо хуваалцаач?
-“Сортурай” бол миний хувьд эхлэл. Цаашид энэ төслөөс бий болсон боломжуудыг ашиглаад боловсрол, эрүүл мэнд, технологийн салбарт хувь нэмэр оруулахыг хүсдэг. Оюутнуудад тэтгэлэг олгох, дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэх, Монголд хэрэгтэй технологийн шийдлүүдийг дэмжих мөрөөдөл бий. Ер нь миний бүх зорилгын цаана нэг л зүйл байдаг. Тэр нь Монгол Улсаа хөгжүүлэх.
– Өөрийгөө нэг өгүүлбэрээр тодорхойлбол?
- Би өөрийгөө Монгол Улсынхаа эзэн гэж боддог. Эзэн байна гэдэг нь эх орноо хайрлах, өв соёлоо хамгаалах, ирээдүйн төлөө хариуцлага хүлээхийг хэлнэ.
– Уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Монгол ахуй, морин соёл, тал нутгийн эрх чөлөөг мэдрэхийг хүсвэл морьтойгоо нөхөрлөөрэй. Морь бол монголчуудын жинхэнэ анд. Тэр андтайгаа ойр байх тусам бид үндэс язгууртаа илүү ойр байна гэж боддог.







