|
--°C
|horoscope icon |
logo
logo

ТӨРИЙГ БУРХАН БОЛГОСОН ХҮМҮҮС

-Гуйлгачин улсыг төр биш, гуйлгачин сэтгэлгээ бүтээдэг-

Будда "Сэтгэл бүхний түрүүнд явдаг. Сэтгэлээр бүх зүйл бүтээгддэг" гэдгийг номложээ.

Харин Есүс "Зүрхнээс муу бодол гардаг" анхааруулан үлдээж. Будда, Есүс хоёр өөр өөр замаар нэгэн үнэнийг заасан мэт.

Зовлон эхлээд Төрийн ордонд бус, хүний дотор төрдөг аж. Харин тэрхүү шунал, айдас, атаархал нь эрх мэдэлтэй болоход том төр мэндэлдэг авай. Том төр бол хүний ариун чанарын бүтээл биш, харин хүний сул талыг хуульчилсан дүр төрх юм. Авлига, хомсдол, хязгаарлалт гэдэг нь том төрийн бүтээл биш, харин эрх мэдэлд хүрсэн хүний дотоод шуналын жимс гэлтэй. Монгол өнөөдөр яг энэ хоёр өгүүлбэрийн дунд зогсож байна.

Бид диваажинг хүсдэг. Харин диваажинг бүтээхийг үзэн яддаг.

Өвгөн лам нэгэн шавьдаа,

-Чи гал дээр гараа тавьчихаад "Яагаад шатав?" гэж бүү уйл. Эхлээд гараа тат гэж сургажээ. Лам өөд болсны дараа шавь нь сургаалийг нь мартжээ. Гал дээр гараа тавьчихаад "Яагаад шатав?" хэмээн уйлсаар шатаж үхэцгээжээ. Өнөөдрийн Монгол ч ялгаагүй. Төрийг гал гэдгийг мэдсээр байж, гараа улам гүн дүрээд "Яагаад халуун байна вэ?" гэж гайхаж сууна.

  • Шатахууныг тэгш, сондгой улсын дугаараар хязгаарлаж эхэллээ.

  • Өчигдөр замын түгжрэлээс тэгш, сондгой.

  • Өнөөдөр шатахууны оочерт тэгш, сондгой.

  • Маргааш юугаар вэ? Эрэгтэй, эмэгтэйгээр нь тэгш сондгойтох уу?

Ингэж сонсоход инээдтэй сонсогдох байх.Гэвч социализм үргэлж инээдтэй зүйлээс эхэлж, эмгэнэлтэй зүйлээр төгсдөг. Наадмын өмнө "шатахуун хангалттай" гэж бардам балайрсан хүмүүс өнөөдөр хий нь гарсан гүзээ шиг шалчийжээ.

Асуудал худлаа ярьдаг Г.Дамдиннямд биш. Худлаа ярих боломжтой тогтолцоо аж. Будда "Шунал, мунхаг, хорсол гурав зовлонгийн үндэс" гэсэн. Монголд энэ гурав төрийн ордонд оржээ.

  • Тиймээс шунал нь төсөв болов. Мунхаг нь халамж болсон. Хорсол нь атаархлын татвар болж хувирав.

Христийн нэгэн сургаалд авьяасаа булсан зарцын тухай гардаг. Авъяасыг нь үнэлж эзэн нь өгсөн мөнгийг айсандаа газарт булаачихдаг. Монголын төр яг тэр зарц шиг. Иргэдийн татварыг аваад эргэлдүүлж, булж, тарааж, дахин булдаг.

Төр баялаг бүтээдэггүй. Бүтээсэн баялгийг хуваарилдаг. Хуваарилалт нь удалгүй давуу эрх болж, давуу эрх нь удалгүй хулгай болдог. Монгол Улсын төсөв сүүлийн арван жилд хэд дахин өссөн. Төрийн байгууллага, агентлагуудын тоо нэмэгдсэн.

Төрөөс шууд болон шууд бус халамж авдаг иргэдийн тоо сая давсан.

Харин бүтээмж, экспортын бүтэц, жижиг бизнесийн орчин, хувийн өмчийн хамгаалалт өөрчлөгдсөнгүй. Харин ч хумигдсан. Халамж нэмэгдэх тусам ядуурал алга болсонгүй. Төсөв томрох тусам авлига багассангүй. Эрх мэдэл төвлөрөх тусам хариуцлага хаягдав. Асуудал мөнгөндөө биш. Эзэн нь олон болсон явдал. Өнөөдөр Монголдоо монополь олон компаниуд байна. Гэхдээ монголдоо шүү. Тэд л баяждаг, бусад нь хоосордог гажиг тогтолцоо. Тэдний тоо олширвол бидний амьдрал сайжирна гэсэн хамгийн аюултай төөрөгдөлд бид живж байна. Өнөөдөр Улаанбаатарын түгжрэлийг тушаалаар шийдэх гэж оролдож байна. Шатахууны хомсдолыг хориглоод шийдэх гэж оролдож байна. Үнэ өсөхөөр хүчээр дарах гэж оролдож байна. Бизнес дампуурахаар татаасаар шийдэх гэж оролдож байна. Тэд өвчнийг эмчлэхгүй. Халуурлыг л буулгана. Шалтгааныг нь өөрчлөхгүй мөртлөө шинж тэмдэгтэй нь тэмцэнэ. Ийм эмчилгээ өвчтөнөө эдгээдэггүй, харин өвчнийг архагшуулдаг.

Есүс "Муу модонд сайн жимс ургахгүй” гэж айлджээ. Хэрэв үндэс нь эрх мэдлийн төвлөрөл бол жимс нь үргэлж авлига, хомсдол, танил тал, хүнд суртал, дараалал, карт, хязгаарлалт байх болно. Муу модноос сайн алим хүлээдэггүйтэй адил том төрөөс эрх чөлөө, сайн сайхан, сонголт хүлээх боломжгүй.

Бид нэг буруу зуршилтай. Бүх асуудлыг төрөөр шийдүүлэхийг хүсдэг.

  • Ажилгүй бол төр шийдээч. Өвдвөл төр эмчлээч. Орлого багасвал төр нэмээч. Үнэ өсвөл төр бууруулаач. Зам түгжирвэл төр хязгаарлаач. Шатахуун дуусвал төр хуваарилаач. Төрийг бурхан болгосон хүмүүс эцэстээ ийнхүү төрийн боол болдог ажээ. Учир нь хүн шүтсэн зүйлдээ эцэстээ захирагддаг.

Гандангийн нэгэн ламын гаргаж тавьсан сургаальд "Өөрийгөө дийлсэн хүн мянган дайнд ялсан хүнээс агуу" гэжээ. Харин бид үр хүүхдээ өсгөхийн орон төрөө өсгөсөөр иржээ.

Угтаа хүн өөрийн хөдөлмөрийн эзэн байх ёстой. Өмч нь хамгаалагдсан байх ёстой. Зах зээл мэдээллийг хамгийн зөв түгээдгийг хавтгай дэлхийн хаанаас ч олж харах боломжтой аж. Өрсөлдөөн алдааг засдаг гээд л бас нэгэн бурханд ойртсон хүн хэлээд байхад л буруу номтон гээд буруу замаар будаа тээсээр... Төрийн алдааг татвар төлөгч төлдөг гэдгийг бид буй биеэрээ, амьдралаараа өнөөдөр мэдэрч байна. Тиймээс төр томрох тусам алдаа их, төлөөс үнэтэй болдог ажээ. Монголын хамгийн том зовлон ядуурал биш. Авлига ч биш. Шатахууны хомсдол бүр ч биш. Бидний сэтгэлгээнд суусан “төр шийднэ" гэдэг тэнэглэл.

Там руу очихын тулд заавал үхэх шаардлага алга. Эрх чөлөөгөө хэсэг хэсгээр нь сайн дураараа өгөөд байхад л хангалттай ажээ. Өнөөдөр дугаар. Маргааш шатахуун. Нөгөөдөр үнэ. Дараа нь сонголт. Эцэст нь эрх чөлөө үгүй болно.

Зовлонгийн үндэс нь бидний сонголт. Бид том төрийг сонгосон. Том төр хомсдолыг авчирсан. Хомсдол хязгаарлалтыг төрүүлсэн. Хязгаарлалт эрх чөлөөг залгисан. Тиймээс Монголын асуудлын эхлэл төрд биш. Төрийг бүхнийг шийдэгч бурхан болгосон бидний итгэлд бий. Зовлонт улсын зовлон нь бид өөрсдөө. Гэхдээ сайн мэдээ ч бас энд оршино.

Учир нь зовлонгийн шалтгаан хүн өөрөө юм бол, авралын эхлэл ч мөн өөрөөс нь эхэлнэ. Төрийг өөрчлөхөөс өмнө төрийг шүтдэг сэтгэлгээгээ өөрчил. Тэгж чадвал Монгол өөрчлөгдөнө. Чадахгүй бол бид дахиад л дараагийн аврагчаа сонгоно. Дараагийн хомсдлоо амсана. Дараагийн эрх чөлөөгөө өгнө.

3-н цагын өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...