|
--°C
|horoscope icon |
logo
logo

МАН С.ЗОРИГТ ХАЙРТАЙ

Нээрээ л “хайртай” болчихож. Урьд нь сонгууль болохоор л дурсадаг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх талаар хөндөг байсан. Эл хэргийн мөрдөгч УИХ-ын гишүүн болсон. Хамгийн сүүлд данхар Засгийн газар гурван шатны шүүхээр ял оноосон “алуурчдыг” айл болгоны хойморьт хоёр сар үзүүлж байгаад олонх болсон. Ийм өгөөжтэй хүнд хайр зарлахаас яах вэ? Одоо бүр хөшөөг нь хамгаалдаг болж. Х.Нямбаатарын үлдээсэн бузар булай дээр очоод бухимдаж байсан шинэ хотын дарга залуу С.Зоригийн хөшөөг харанхуй шөнөөр нүүлгэсэн хэргийн дүйвээн дээр гарч ирээд "Ардчиллыг өмчлөх эрх хэнд ч байхгүй...", "Намайг хотын дарга байхад энд өндөр барилга барихгүй..."

гээд бараг “С.Зориг сан”-гийн хэвлэлийн төлөөлөгч шиг яруу тод ярьж байна.

Үнэндээ МАН өөрчлөгдсөндөө ингэж байгаа юм биш. АН өөрөө ийм боломж бэлэглэсэн юм.

АН туг барьсан цаг бий. Гэхдээ өөрсдөө тугаа буулгаж, тугал хариулахыг сонгосон юм. Чи өөрийнхөө тугийг газарт унагачихвал өрсөлдөгч чинь түүнийг өргөөд "минийх" гэж даллах нь зүйн хэрэг. Өнөөдөр яг ийм зүйл боллоо. МАН ардчилал ярьж байна.АН өмч ярьж байна. МАН үнэт зүйл ярьж байна. АН газрын кадастр ярьж байна. МАН түүх ярьж байна. АН барилгын зөвшөөрөл ярьж байна. Эмгэнэлтэйеэ.

Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нарын хамтарсан “наадмын хуушуурын засаг”-ийн уриа нь С.Зориг агсны хэлсэн "Улс орны эрх ашиг нэгдүгээрт, намын эрх ашиг хоёрдугаарт, хувь хүний эрх ашиг гуравдугаарт” гэх үг байв. Энэ өгүүлбэрийг Монгол даяараа ишилдэг. Гэхдээ хэн ч энэ үгийн уг философийг асуудаггүй. "Улс орны эрх ашиг"-ийг хэн тодорхойлох юм бэ?

Төр үү? Нам уу? Ерөнхий сайд уу, Шадар сайд уу? Эсвэл иргэн өөрөө юу? Либертариудын хувьд эрх чөлөө улсын эрх ашгаас эхэлдэггүй. Хувь хүний эрхээс эхэлдэг.

Тийм болохоор энэ эшлэл өнөөдөр МАН-ын аманд бүр эвтэйхэн сонсогдож байгаа юм. Яагаад гэвэл социал демократ үзэлд нь бүрэн дүүрэн нийцнэ. Тиймээс тэд засгийн газрынхаа өвөрт АН-ыг оруулахдаа хүртэл С.Зоригийн үгийг ашигласан хэрэг.

Өнөөдөр АН-ынхан юу хамгаалж байна?

С.Зоригийг үү? Үгүй дээ, үгүй. Ардчиллыг юу? Арай том эндүүрэл болно, үгүй.

Харин тэд өөрсдийнхөө байрыг, өөрсдийн газрыг, өөрсдийн талбайг хамгаалж шүлсээ үсчүүлж байна. Тэд өмнө нь өөрсдийнхөө газрыг ч зараад “идчихсэн” хүмүүс.

Нэг л мэдэхэд ардчилсан нам биш, СӨХ-ны Удирдах зөвлөлийн хурлын хэрүүл шиг хэдэн талаас хэрүүл хийж байна. С.Зоригийг МАН булаагаагүй. АН л “булшилсан”. Түүхэнд хөшөөгөө нураалгасан нам посткоммунист олон оронд бий. Харин ардчилсан улсын ардчилагчийн лидерийн хөшөөгөө зайлуулдаг нам Монголд л бий. Өнөөдөр МАН С.Зоригийг хайрласан юм биш. АН л С.Зоригийг хамгаалж чадаагүй, бүр хөшөөг нь зайлуулж байна. АН л С.Зоригийг хамгаалах ёс суртахууны эрхээ ийнхүү алдчихлаа. Хотын дарга Б.Пүрэвдагва өнөөдөр юу ч булаагаагүй. АН л өөрийнхөө бэлгэдэл, түүх, үнэт зүйлийг эзэнгүй орхисон. Улс төр эзгүй талбайд дургүй. Хэн нэгэн заавал очиж зогсдог, чи түүхээ мэдэхгүй бол чамд түүхийг чинь зааж өгөх хүн бишгүй олдоно гэдгийн нотолгоо энэ болчихлоо.

Улс төрд байргүй нам байж болно. Гэхдээ түүхгүй, үзэл баримтлалгүй нам байдаггүй. С.Зориг МАН-ын гишүүн байгаагүй. АН-ын ч гишүүн байгаагүй. Гэтэл өнөөдөр хоёр нам хоёулаа түүний нэрээр улс төр хийж байна. Амьд хүнийг нь сонсдоггүй улс,
үхсэн хүнийх нь хөшөөг булаацалддаг Монголын онцлог гэлтэй. Тэгээд үүнийгээ түүхээ хамгаалж байна гэж нэрлэдэг билээ.

1-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...