|
--°C
|horoscope icon |
logo
logo

Н.Учралын Засгийн газрыг тойрсон намрын “нядалгаа” буюу С.Амарсайханы "компромат"

Монголын улс төрд нэгэн танигдсан атлаа байнга түүнд дөрлүүлдэг шалгарсан технологи бий. Нийгмийг бүхэлд нь шоконд оруулж, ёс суртахууны хэм хэмжээг нь унаган, айдас болоод уур хилэнг нь зэрэг бадраах “мах” цахим орчинд шиддэг. Найр, наадам эхэлсэн, мах үнэд орсон эл өдрүүдэд “шинэ мах” шидэх төдийд л олон нийт тэрхүү мах руу улаан нүдлэн дайрч, нэг нэгнээ хэмлэн хоёр туйлд хуваагдах хооронд хууль өөрчлөгдөж, Засгийн газар ганхаж, ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн далд тохироо өрнөж байдаг.

Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг тойрсон "дагавар охиноо хүчирхийлсэн, жирэмслүүлсэн" гэх шуугиан яг энэ зохиолоор өрнөж байна.

"Ворошиловын мэргэн буудагч" ба Сошиал цагдаагийн технологи

Үйл явдлыг анхааралтай ажиглавал өмнө нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед цаазын ялыг сэргээхийн тулд нийгмийн сэтгэл зүйг бэлдэж, телевизүүдээр "Варшиловын мэргэн бууч" киног ар араас нь бүх сувгаар шахуу гаргуулан, нүцгэн авгай нарыг жагсаал хийлгэж байсан тэр л сэтгэл зүйн дайны тактик харагдана. Гэхдээ хоёр өөр логик мөргөлдөх авай.

Эхний логик: С.Амарсайханы өөрийнх нь тактик уу?

Тэрээр цахим орчин дахь худал мэдээлэл, троллуудын эсрэг хуулийн заалтуудыг зүтгүүлж, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлахыг завдаж байгаа. Тэгвэл өөрөө ийм гутамшигтай, ёс суртахууны хамгийн доод цэгийн "хийсвэр" довтолгоонд өртсөнөөр олон нийтэд "Харав уу, сошиал орчин ямар аюултай, зэрлэг байна вэ. Тиймээс цахим орчныг хуулиар чангалах нь зөв!" гэх сэтгэл зүйг бүрдүүлж, хуулиа батлуулах хөрсөө өөрөө бэлдэв үү? Дүгнэлт хийхээ азна.

Удаах логик: Л.Оюун-Эрдэнийн хэрээнүүд гуаглав уу?

Эсвэл энэ нь С.Амарсайханд өгч буй улс төрийн том сануулга уу? Түүнийг улс төрийн хувьд нэгмөсөн амьдаар нь оршуулах хэмжээний компроматыг чулуудаж, өөрийгөө хамгаалах чадамжгүй болгох ажиллагаа юу? С.Амарсайхан бол өмнө нь КОВИД-ын үеийн усан оргилуур, дүүжин тээвэр, Туул голын бургас хядсан, Зайсангийн амыг тэр чигт нь өмчилсөн, Боловсролын зээлийн сангийн хулгай гэх мэт бодит шүүмжлэлүүдэд хангалттай өртөж байсан нэгэн. Гэвч бодит бусармаг үйлдлүүдэд нь хариуцлага тооцоогүй хэр нь гэр бүлийнх нь эмзэг сэдэвтэй зангидах нь олон нийтийг бодлого ярихаас хөндийрүүлж, зөвхөн цус харах гэсэн үзэгч болгон хувиргадаг. Энэ тухай яриа өмнө нь гарч л байсан. Гэтэл яагаад яг энэ өдрүүдэд зохион байгуулалттай сэвэгдэх болов.

Н.Учралын Засгийн газрын "халуун жин"

С.Амарсайханы хувьд одоогийн Ерөнхий сайд Н.Учралтай асуудалгүй, харин Х.Баттулгатай худ ургийн холбоотой. Тэгэхээр шугам нь Б.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын тэнцвэр алдагдаж, тэдний хоорондын мөргөлдөөн ил гарсанд оршиж байх шиг. Д.Амарбаясгаланг Ерөнхийлөгчтэй тохиролцсон гээд буй үнэн бололтой. "Н.Учралын Засгийн газар халуун намраар унана" гэх яриа зүгээр нэг явган яриа биш. Өнөөдөр МАН-ын дотоод фракцуудын зодоон хэрээс хэтэрсэн.Л.Оюун-Эрдэнэ, Б.Амарбаясгалан нарын эрх мэдлийн хуваарилалт дээрх цав улам тэлсэн. Олон нийтийн анхаарлыг С.Амарсайхан руу чиглүүлж байх хооронд Засгийн газрыг огцруулах эсвэл сайд нарын танхимыг хөдөлгөх арын тохироонууд хийгдэж байна. МАН-ын 30-ын бүлэг хаврын чуулган хаагдангуут Солонгосыг зорьсон жив жув бодитоор болсон явдал.

Гадаадаас ирсэн "хэрээ" хэлд орох Ерөнхийлөгчийн сонгуулийн нүүдэл

Шуугианы цаана Монголын улс төрийн хамгийн том жүжигчид байна. Гадаадаас Л.Оюун-Эрдэнэд заналхийлсэн захидал шидэж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж чимээгүйхэн хүрэлцэн ирж, Эрдэнэтийн наадмын хойморт дорвиун сууж харагдсан нь санамсаргүй зүйл биш. Түүнд "эрүүгийн хэрэг үүсгэнэ" гэж шогширч байсан Л.Оюун-Эрдэнийн талынхан өнөөдөр таг чиг. Энэ нь ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн тохироо хэдийнэ эхэлснийг бэлхнээ харуулна. “Цогт хун тайж алаг морьтой явна” гэдэг шиг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хойноо Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг хослуулан суулгаж, ихэд ихэмсэг инээмсэглэж суусныг бүгд л харсан. Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын блок Ардчилсан намаас Н.Алтанхуягийг сойж, одоогийн эрх мэдлийн бүтцийг хадгалах эсвэл өөрсдийн нөлөөг үргэлжлүүлэх хувилбар руу шахаж байна. Одоогийн Ерөнхийлөгчийн тал тэдний эсрэг Ардчилсан намаас С.Баярцогтыг өрсөлдүүлэхээр карт дэлгэж байх шиг. Түүнд хамгийн том сурталчилгаа нь гадаадаас ирэгч бололтой.

Ийнхүү улс төрийн намууд дотоодоороо биш, нам харгалзахгүй бүлэглэл фракцаараа нэгдэж, бие биетэйгээ наймаалцаж эхэлжээ. Ц.Элбэгдоржийн ирэлт, Н.Алтанхуяг болон С.Баярцогт нарын нэрс эргэлдэж байгаа нь Монголын улс төр хуучин “мангасын ам" руу буцаад орсныг сануулна.

"Хэрээ" хаашаа нисэж байна вэ?

Монголчууд хөөрхий, сошиалд шидсэн ямар ч баримтгүй эсвэл цочирдмоор "мах" руу дайран, бие биетэйгээ сошиал сүлжээгээр хэмлэлдсээр үлдэх нь ойлгомжтой. Харин энэ хооронд С.Амарсайханы иргэдийн үзэл бодлыг хязгаарлах заалтууд дундуур нь шургаж магадгүй. Н.Учралын Засгийн газрын хувь заяа тайзны цаана шийдэгдэнэ. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн хуваарилалт, МАН болон АН-ын далд наймаа эцэслэх болно.

Хэрээ үргэлж эргэлдэж байдаг

Бид С.Амарсайхан гэх "мах" руу ширтэж, үнэн үү, худал уу гэж талцаж байх хооронд махыг чулуудсан "хэрээнүүд" Монгол төрийн хойморт суудлаа хуваарилаад дуусаж байна. Хамгийн зөв асуулт бол "С.Амарсайханы охиноо хүчирхийлсэн нь үнэн үү?" биш юм. "Энэ шуугианы манан дотор биднээс юуг нуун дарагдуулж, ямар эрх мэдлийг хуваарилж байна вэ?" гэдэг асуулт юм.

4-н өдрийн өмнө

Сэтгүүлч : Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...