SOS: Нөөцийн мах, нөөцийн ногоо, нөөцгүй улс..

Сүүлийн 18 жилийн хугацаанд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг “дэмжих”,
“хөгжүүлэх” нэрээр татвар төлөгчдийн 538 тэрбум төгрөгийг шууд зарцуулж, 4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Гэтэл бодит байдал дээр энэ салбарт ажиллагсдын тоо 31 мянгаар буурч, хөдөлмөрийн бүтээмж нь улсын дунджаас хоёр дахин бага шавартай зууралдаж байна. Сүүлийн өдрүүдэд парламент дээр ХААХҮ-ийн салбар тойрсон маргаан, “гэрээ ч байхгүй, тушаал ч байхгүй” их хэмжээний санхүүжилт шилжүүлсэн асуудал болон "Хүнсний ногооны нөөц анх удаа бүрдүүлнэ" гэх Ц.Идэрбат саадын төрийн шинэ санаачилга тун аюултай “сөгнөө”-г дахин эхлүүлэх нь.
Людвиг фон Мизесийн анхааруулснаар, төрийн оролцоо бүр зах зээлийн гажгийг үүсгэдэг бөгөөд түүнийг засах нэрээр дахин төрийн оролцоог нэмэгдүүлснээр эцэстээ бүрэн төвлөрсөн, үр ашиггүй систем руу унадаг. Монголын мах, хүнсний ногооны зах зээл дээр яг энэ зүй тогтол руу эргээд орчихлоо. Өмнөх нийгмийн үед хот дүүрэн хоньтой ч амаржсан эхнэртээ шинэ шөл уулгачиж чаддаггүй байсан яг тэр ахуй руугаа буцаю. Зах зээлд шилжээд эхлээпд хятадаас, дараа нь арай гэж өөрсдийн хэрэгцээгээ хангадаг болсон хүнсний ногоо ингээд төрийн оролцоотой дампуурах нь. “Нөөцийн ногоо” гэж энэ хорлон сүйтгэх ажиллагааг нэрлэв.
Төрийн "нөөц" гэх хиймэл оролцоо үнийг л өсгөдөг
Тогтвортой үнэ, хүртээмж гэх уриатайгаар төрөөс захиргааны аргаар мах, хүнсний ногооны "нөөц" бүрдүүлдэг явдал нь чөлөөт зах зээлийн үнийг бүрэн алдагдуулж байна. Төр их хэмжээний мөнгийг зах зээл рүү шахан багц худалдан авалт хийснээр, эрэлт хиймлээр өсөж, хувийн хэвшил болон иргэдийн худалдан авах бодит нийлүүлэлт хомсдож мах олдохгүй, олдохгүй болохоор үнэ өсөх үзэгдлийг хаврын хаварт бид харсаар ирлээ.
Нийлүүлэлт хомсдож, төр өөрөө зах зээлийг монопольдолсноор махны үнэ өссөн шиг хүнсний ногооны үнэ ч даган өсөх нь. Өмнө нь малчин,одоо ногоочид зах зээлийн бодит эрэлтэд тохируулан бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн оронд төрийн тендер, хөнгөлөлттэй зээл, татаас харан өрсөлдөхөө бодож эхэлдэг. Энэ нь чанар, бүтээмжийг биш, харин лобби ба төрийн шахааны бизнесийг тэтгэдэг. Энэ шийдвэрээс хамгийн түрүүнд ашиг олох хүн бол Хөдөлмөрийн баатар аавтай сайд охины компани.
Бүтээмжийн алуурчин
Эдийн засагч Фридрих Хайекын тэмдэглэснээр, зах зээл дэх үнэ бол сая сая хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн мэдээллийн нэгдэл юм. Төр ямар нэгэн салбарт асар их хэмжээний татаас (4.4 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл өгсөн талаар одоо ид шуугиж байна) шахах үед хэн үнэхээр үр ашигтай ажиллаж байгаа, хэн ашиггүй ажиллаж байгааг нягтлах эдийн засгийн механизмгүй болгодог. Татаас авсан баатрын компани дампуурах эрсдэлгүй болдог тул зардлаа хэмнэх, технологийн шинэчлэл хийх, бүтээмжээ дээшлүүлэх шаардлагагүй болдог. Үр дүнд нь 18 жилийн турш хэдэн их наядаар нь цутгасан ч ажиллагсдын тоо нь буурч, бүтээмж нь дунджаас хоёр дахин бага хэвээр үлдсэн нь үүний тод нотолгоо юм. Өнөөдөр ургац хураалтын үеэр ажиллах хүнгүй болсон бөгөөд цэргийн дарга нарыг авлигадаж цэргийн хүчээр л ургацаа алдахгүй, амь зогоож байна. Цэргийн дарга нарын гэдгэр, ногоочдын бөгтгөр болсныг ярих юм биш.
Төрийн мафижсан бүтэц
Ямар ч гэрээгүй, сайдын тушаалгүйгээр татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулж байгаа нь төрийн хэт их оролцоотой салбарт авлига, бюрократ мафи хэрхэн бэхждэгийг бидэнд харуулсаар байх ч маш гоё нэр, томъёотойгоор биднийг тайвшруулсаар. Төр хэдий чинээ их мөнгө хуваарилна, төдий чинээ улстөрчид, тэдний гар хөл болсон бүлэглэлүүд тэр мөнгийг замаас нь завших хөшүүрэгтэй болно. Ядуу татвар төлөгчдийн мөнгөөр хэдхэн лоббичид болон дарга нар хөрөнгөжиж, харин жирийн иргэд дэлгүүрийн лангуун дээрээс үнэтэй мах, ногоо худалдан авахад хүрдэг.
Хөдөө аж ахуйн салбарыг төрийн савраас салгая
Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний ногоо, махны нийлүүлэлтийг тогтворжуулах ганц бодит гарц нь чөлөөтэй орхих юм.Төрөөс нөөцийн мах, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах нэрээр хийдэг худалдан авалтуудыг бүрэн зогсоох ёстой. Чөлөөт өрсөлдөөн дунд хувийн борлуулагчид, зоорь, агуулахын бизнес эрхлэгчид ашгийн төлөө эрсдэлээ өөрсдөө үүрэн, хямд үнээр чанартай ногоог жилийн дөрвөн улиралд нийлүүлэх замаар өрсөлдөх ёстой.
Төр бизнес хийж, үнэ тогтоож, зээл хуваарилдаггүй, зөвхөн өмчийн эрхийг хамгаалдаг, хуулийн биелэлтэд хяналт тавьдаг агентлагийн хэмжээнд хүртэл чиг үүргийг нь танаж, татвар төлөгчдийн мөнгийг шахахаа болих хэрэгтэй. ХААХҮЯ-ны чиг үүргийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ч доогуур хэмжээнд аваачихад л асуудал аяндаа цэгцэрнэ. Дээр нь, хүнсний ногоо, мал ахуйн гаралтай бүтээгдэхүүний импортын хиймэл саад ба босгыг арилгаж, дотоодын болон гадаадын үйлдвэрлэгчдийг ижил тэгш чөлөөт орчинд өрсөлдүүлэх хэрэгтэй. Өрсөлдөөн нэмэгдэх тусам чанар сайжирч, үнэ бодитойгоор буурна.
Төр хүнсний ногоо, махнаас савраа татаж, чөлөөт зах зээлийн хуулийг үйлчлүүлсэн цагт л малчид, тариаланчид болон хэрэглэгчид бүгдээрээ хожно. Төрийн "нөөц"-ийн бодлого бүр иргэдийн шүүс, татвар төлөгчдийн мөнгийг сорсоор дуусах болно. Түүгээр явсан гайг үүгээр дуудахгүйн тулд энэ шийдвэрийг эсэргүүцэх нь ирэх жил ядаж ногоогоо авах тэнхээтэй байхыг бодууштай.
25-н өдрийн өмнө
Нийтлэгч
Нарантөгс
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...






