"БААТАР"-ын анатоми

Монголын нэгэн Баатарыг баривчлан шалгаж байна. Ер нь энэ улс "Баатар" цолоор малгайлан, олон нийтийн тархийг угааж, баялаг бүтээгчдийг шулан мөлждөг PR-ын баг ба популистуудын гэмт сүлжээ болж хувирчээ. Монголын төмөр замын бодлогыг Цэцэд өгч өргөн царигтай болгосон нэгэн баатар өнөөдөр гадаад гараад зугтжээ. Ердөө өнгөрсөн жилийн өдийн хотын баатар болоод байсан хашлаганы “хулгайч” гадаадаас бас л боргож сууна.
Өнөөдөр "Херо" Б.Баатар шалгагдаж буй нь Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарын ахан дүүсийн харилцаанд хэрхэн ан цав гарч, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын сүүдэр хэрхэн ард нь ард нь сүлжилдэн заналхийлж буйг харуулж байна. Ялагч талын дуу хоолойнууд хүмүүст үүнийг "Шударга ёс тогтож байна" гэж байдгаараа чарлаж, итгүүлнэ гэж андуураад байх шиг. Монголчууд мунхаг болохоор л тэд ингэж тохуурхдаг. Энэ бол манай бохир систем цэвэршиж байгаа явдал огтхон ч биш. Энэ бол хэрэггүй болсон эрэг шурагаа хог дээр хаяад шинээр сэлбэн төрийн дээрмээ дахин хуваарилах гэж буй ээлжит мафийн зодоон.
Эх оронч байна гэдэг нь эдийн засгаа сүйрүүлэхийн нэр үү?
Женко Х.Баттулгын санхүүжүүлж, зургийн даргаар нь ажилладаг "100 чухал сэдэв"-ээр ард түмний ухамсарт суулгасан "Нарийн цариг тавьбал Хятадын танк ороод ирнэ" гэх мангасын яриа чухам хэнд ашигтай байсан бэ? Хэн түүнд итгэсэн бэ? Монгол Улс Гашуунсухайт-Ганцмодны боомтыг нарийн царигаар шууд холбож, уул уурхайн экспортоо 3-4 дахин нэмэх асар том гео-эдийн засгийн боломжоо 10 гаруй жилээр гацаасан.
Энэ хооронд манай татвар төлөгчид, баялаг бүтээгчид хэдэн арван тэрбум ам.долларын бодит орлогоо агаарт задарснаар дуусгав. Зам дагуу тоос манарган, жолооч нараа боолчилж, байгаль орчноо сүйтгэсэн. Энэ бүхэн энгийн нэг технологийн алдаа биш. Энэ бол зүүний популистууд "Үндэсний аюулгүй байдал" гэх чамин баг зүүж, Монгол Улсын эдийн засгийг сүйрүүлсэн хорлон сүйтгэх ажиллагаа байв.
"Херо" эсрэг Хурандаагийнхан...
Төрийн дээрмийг зөвтгөхийн тулд заавал "оюун санааны пропагандачид" буюу суртал нэвтрүүлэгчид хэрэгтэй байдаг. Үүнийг биелүүлэгч, шоугаар нийгмийн сэтгэл зүйгээр тоглосон гол архитектор нь "Херо" Б.Баатар байв. Тэрээр Н.Энхбаяр, М.Энхболд, Ц.Элбэгдоржоос эхлээд Х.Баттулга, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хүртэлх бүх "Баатар"-уудын тайзны гэрлийг тааруулж, аврагчийн дүрийг нь тодруулж, хоолойны өнгийг нь тохируулж өгсөн. Тэдний балгаар хувийн хэвшлийг "шуналтай олигархууд" гэж цоллож, баялаг бүтээгчдийг буруутгах нийгмийн сэтгэл зүйг суулгасан. Төртэй хамссан хэдхэн том компаниудын гарт Монголын бүх мөнгө эргэлддэг болсон. Чөлөөт зах зээлийг хумиж, төр бүхнийг мэднэ гэж цээжээ дэлддэг болсон.
"Баялгийн сан", "Ирээдүйн өв сан", "Хүүхдийн мөнгө"-ийг хавтгайруулан хуваарилж, иргэдийг хөдөлмөрлөх сонирхолгүй, төрийн гар хардаг "халамжийн хулгана" болгов.
Төрийн өмчит компаниудыг борооны дараах мөөг шиг олшруулж, авлигачдын шахааны бизнес болгов. Үр дүнд нь инфляци тэнгэрт хадаж, иргэдийн худалдан авах чадвар шалаар нэг уналаа.
"Шинэ сэргэлтийн бодлого", "Алсын хараа 2050" гэж тунхагласан гоё үгсийн цаана ердөө л төрийн асар том хүнд суртал, иргэдийн хэтэвчийг суйлах зүүний социал-популизм нуугдаж байсан ч бид одоо ч харахгүй хэвээрээ. Энэ бол зэрэг капитализм биш кроникапитализм.
Баатарыг ялж баатраар тодрох нь
Өнөөдөр Херо Баатарыг баривчлах шалгах ажиллагаа явагдаж, Н.Учралын Засгийн газрын бөгсөн дороосоо шатаж, У.Хүрэлсүхийн институци болоод нөгөө жигүүрүүдийн дайн далд өрнөж байна.
.Элбэгдоржийн тарьсан "баруунжсан чамирхалтай" зүүний аппарат, Х.Баттулгын "аранзал зээрд популизм", У.Хүрэлсүх ба Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын "гоё контент" бүгд нэг л зоосны хоёр тал! Тэд бүгд нэг сүлжээ.
Тэдний зорилго хэзээ ч чөлөөт Монгол, Чөлөөт эдийн засаг бий болгох байгаагүй. Тэдний цорын ганц зорилго бол төрийн эрх мэдлийг тэлж, иргэдийн эрх чөлөө ба хөрөнгийг дээрэмдэх, өөрсдийн мафийн сүлжээг үеийн үед үлдээх байсан. Өнөөдөр тэд эрх мэдэл, мөнгөний ковшoo хувааж чадахаа болиод ирэхээрээ бие биенээ баривчилж, шүүхийн хаалгаар чирж байна.
Бүлтгэр хүү минь бүүвэй...
Монголчууд бид хэзээ болтол "Баатар" гэсэн хоосон хийрхэлд хууртаж, PR-ийн гоё бичлэг, айдсын давалгаанд ухаанаа алдах юм бэ? Мюррей Ротбардын хэлснээр "Төрөөс баатар битгий хай. Төр өөрөө таны эрх чөлөө, хөрөнгийн гол дайсан" гэдгийг хэзээ ойлгох вэ?
Бид энэ хуурмаг зүүний популизм, төрийн халамжийн сүлжээ, PR-аар босгосон "балгас"-ыг нурааж, чөлөөт зах зээл, хувийн хэвшлийн халдашгүй байдал, хувь хүний хариуцлага ба эрх чөлөөг дээдэлсэн зарчимд очсон цагт л энэ сүйрэл зогсоно.
"Баатар"-уудын жүжиг дуусч, хөшиг хаагдахад тайзан дээр зөвхөн өртэй, ядуурсан, тархиа угаалгасан ард түмэн үлдэх ёстой гэж үү?
7-н өдрийн өмнө
Нийтлэгч
Mongolic
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...






