ТОНУУЛЧДЫН ШИРЭЭН ДЭЭР...

Тонуулчдын ширээн дээр та бидний амьдрал өрөөтэй. Таны халаасан дахь хэд маргааш мах эсвэл талхны алинд хүрэлцэх эсэх, хорт хавраар шаналж буй ээж, хорвоод уушиг нь цоорхой төрсөн хүүхдийн чинь хүчин төрөгчийн аппаратыг салгах эсэх, бидний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэн, тэдний ууж идэх, наргих ширээнийх нь захад хэзээ мөдгүй унахад бэлэн оршино. Төрийн ордон, түүнийг тойрсон шилэн барилгууд өдрийн наранд сүрлэг харагдавч, түүний цаана өрнөх амьдрал чухамдаа сүүдэр, мэхлэлт, худал хуурмаг хууран мэхлэлтийг нуун далдалжээ. Жорж Орвеллийн "1984" зохиолд "Дайн бол энх тайван, эрх чөлөө бол боолчлол, үл мэдэх бол хүч" хэмээн засаглалын эсрэгцлийг томьёолдог шиг өнөөгийн Монголын улс төрд "Хөгжил гэдэг нь тонуул, шинэчлэл гэдэг нь шахаа, цалин тэтгэвэр нэмнэ гэдэг нь төгрөгийг цаас болгох ажиллагаа, шүүх гэдэг нь мартуулалт, тайвшруулах тарилга" болж хувирчээ.
Монголын нийгмийн хамгийн эмгэнэлтэй тал нь гэмт хэрэг биш, харин гэмт хэргийг энгийн үзэгдэл болгон хүлээж авдаг тэрхүү дасан зохицол юм. Фёдор Достоевскийн "Гэм ба ял" роман дахь Раскольников бол ядаж л нийгмийн шударга бус байдлын эсрэг өөрийнхөөрөө тэмцэж, сүнсээ тарчлаан эцэстээ гэмшдэг идеалист дүр. Тэр манай улстөрчдийн хажууд ариун бурхан. Харин өнөөгийн манай төрийн сэнтийд заларсан Энхээ, Баяраа, Батаа, Хандаа, Нараа, Оюунаа, Алтай... тэргүүтэй улстөрчдөд Раскольниковын мөн чанар түй ч байхгүй. Тэд бол ерөөсөө л тус романы Пётр Петрович Лужин мэт өчүүхэн амиа хичээсэн, прагматик шуналтнууд юм.
Лужин "Өөрийгөө хамгийн эхэнд хайрла, учир нь дэлхий дээрх бүх зүйл хувийн ашиг сонирхол дээр тогтдог" гэх зарчмаар бусдын зовлон дээр өөрийн тансаглалыг цогцлоодог. Манай засаглагчид яг л Лужин шиг "иргэдийн сайн сайхан" гэх гоё үгээр халхавч хийн, нийтийн боломжийг хувьдаа завшиж байна. Тэдэнд ичгүүр, дотоод ял гэж үгүй.
Тэдний хувьд ард түмний татвар, улсын орд газар, төсвийн хөрөнгө бол нийтийн сайн сайхны төлөөх хэрэгсэл бус, зөвхөн тэдний "онцгой эрх"-ийн эх үүсвэр аж.
ЖДҮ-ийн сангийн зээлээс эхэлсэн энэхүү цуврал "дээрэм" Хөгжлийн банкны их наядаар хэмжигдэх чанаргүй зээл, Ногоон автобусны "будагтай шахаа", Нүүрсний хэрэг, Сэлбэ сэргэлтийн нэрээр далайлгах их мөнгөний схемеэр үргэлжилж байна. Нүүрсний хулгайн хэрэгт л гэхэд Оюутолгой болон бусад томоохон төслүүдийн төсөвтэй дүйцэхүйц, багцаалдсанаар 40 гаруй их наяд төгрөгийн асуудал яригдсан. Энэ бол зүгээр нэг тоо биш, эрүүл мэндийн салбарт очиж болох байсан орчин үеийн эмнэлгүүд, сургууль, цэцэрлэгүүд, боловсролгүй үлдсэн бүхэл бүтэн үеийн боломжийг хумхийн тоос болгосон ял юм.
Сонгууль дөхөх бүрт тэд "Цалин, тэтгэврийг нэмлээ" хэмээн сүр бараатай зарлана. Гэвч цаасан дээрх тэр хэдэн төгрөгийг санхүүжүүлэхийн тулд Төв банкны хэвлэх машиныг өдөр шөнөгүй ажиллуулж, төгрөгийн үнэ цэнийг жорлонгийн цаасны хэмжээнд хүртэл унагаж байна. Мөнгийг үнэгүйдүүлж, цаас болгох энэ бузар механизмаас ерөөсөө л ашиг сонирхлын огтолцолд орсон цөөн хэдэн гэр бүл, тэдний бүлэглэлүүд хождог. Валютын ханшийг барьж, төсвийн их наядуудаас тендер нэрээр мөнгө угааж, доллар болгон гадагш нь зөөж байхад, жирийн иргэд цалингийн хэдэн төгрөгөөрөө маргааш нь талх ч авч чадахгүйд хүрэх инфляцийн аянгад ниргүүлж байна.
Төрийн албан тушаалтнууд болон улстөрчдийн амнаас унах увайгүй үгс олон нийтийн бухимдлыг дэвэргэж, иргэдийнхээ итгэлийг ул тооцдгийн бэлэг тэмдэг болов. Одоо бүр "ЖДҮ-гээс зээл авсан нь гэмт хэрэг биш, бизнесээ дэмжсэн явдал", "Ногоон автобуснууд уагтаа хуучин биш, будаг нь хатаагүй байсан юм", эсвэл "Бид системээр нь өөрчилнө" гэж ичгүүргүйгээр мэдэгдэхэд бэлэн, хэн ч тэдгээр хэрэгт хариуцлага хүлээсэнгүй. Улстөрчдийн хэлж буй "Шинэчлэл", "Хөгжлийн мега төсөл" гэх үгсийн араас дахин нэг их наядын хулгай, дараагийн хариуцлагагүй явдал л тодордог.
Дэлхийн банкны ядуурлын түвшний судалгаагаар Монгол Улсын хүн амын 27.1 хувь нь ядуурлын түвшнээс доогуур амьдарч байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5000-10000 ам.долларт хүрэх талаар байнга “ульдаг” ч инфляци, төгрөгийн сулралд дарагдсан иргэдийн бодит орлого тасралтгүй буурсаар байна. Гэтэл нөгөө талд цөөнх хэдэн гэр бүл, фракцууд төрийн худалдан авах ажиллагааг монополчилж, мөнгө угаах тоглоомоо үргэлжлүүлсээр... Тэдний эхнэр, хүүхэд нь гадаадын хөгжилтэй оронд өөхөө соруулж, гоо сайхны хагалгаанд орж, өөрсдөө порно од шиг хиймэл эрхтэн хийлгэдэг болжээ.
Хамгийн эмгэнэлтэй нь тэдний энэ бүх хулгайд хэзээ ч шийтгэл ирдэггүйд оршино. Достоевскийн ертөнцөд ядаж л гэмт этгээд сэтгэлийн асар их шаналал, дотоод зөрчил, шүүхийн шийдвэрээр ял шийтгэлээ эдэлж, гэмшилээр сүнсээ авардаг. Харин Монголын улстчдөрийн "гэм"-д "ял" алга. Энд хэрэг хуучирч, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгодог, яллагдагч хэрэг наймаалцаад ял завшиж, улстөрч болж дахин сонгогддог, хэрэг нээсэн нэртэй хууль хүчний байгууллагууд нь цаг хугацааны явцад мартуулдаг зарчим үйлчилж байна.
Нийгэм бүхэлдээ "Амьтны ферм"-ийн сүүлчийн хэсэг шиг болжээ. Гадаа зогсох ард түмэн цонхоор дотогш шагайхад, дарга нар болон дээрэмчид хоёр бие биетэйгээ тун адилхан харагдах бөгөөд хэн нь улстөрч, хэн нь хулгайч болохыг ялгахад үнэндээ бэрх болжээ. Үндэстнээр нь ядууруулж, төгрөгийг цаас болгон, залуусын ирээдүйг сүйрүүлж буй энэ тогтолцоо бол Монголын ард түмний хамгийн том аюул, тусгаар тогтнолын дайсан гэлтэй.
Тонуулчдын ширээн дээр заларсан тэд бидний амьдралаар хөзөр тоглож байна... Гэхдээ алдах зүйлгүй болсон монголчуудын тэвчээр тасрахад тонуулчдын дур зоргоороо балбадаг ширээг хөмрөх болно. Түүний дараа хулгайчдад үлдэх ганцхан орон зай бол шорон...
8-н өдрийн өмнө
Нийтлэгч
Mongolic
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...






