|
--°C
| |
logo

ГААРЧ БУЙ ДАНХАР ТӨР, ТАТВАРЫН ДАРАМТ, ГАДААД ӨР

Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан Монголын төрийн түүхэнд хамгийн ихээр төрийг данхайлгаж, хамгийн их төсвийг тэлсэн, түүний хэрээр зарлага, татвар нэмэгдсэн Ерөнхий сайдаар цоллуулж байгаа ч өмнөх болоод араас нь гарагсдад адилхан зүйл их ээ.  Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталж, орлогыг 31.9 их наяд, зардлыг 33.9 их наяд төгрөгт хүргэхээр шийдвэрлэжээ. Үүний үр дүнд төсвийн нийт зарлага өмнөх батлагдсан түвшнээс 971.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт доголдохоор болов. Засгийн газар энэхүү алдагдлыг нөхөхийн тулд 1.8 их наядыг дотоодын үнэт цаас (Засгийн газрын бонд) гаргаж, 779.2 тэрбум төгрөгийг гадаад зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Товчхондоо тэд дахиад өрөнд оруулах нь.

Төр өөрөө нэг ч төгрөгийн баялаг бүтээдэггүй. Төрд байгаа бэлэн мөнгө бүр хувийн хэвшил, баялаг бүтээгчид, татвар төлөгчдийн хөдөлмөрөөс хураан авсан мөнгө байдаг.

Засгийн газар зардлаа 1 орчим их наяд төгрөгөөр тэлж байгаа нь төр өөрийнхөө нүсэр бүтцийг хумихыг хүсэхгүй, харин ч хувийн хэвшлийн баялгийг дахин хуваарилах замаар өөрийн эрх мэдлийг тэлж буйн илрэл юм. Зардал нэмэгдэх тусам зах зээлийн орон зай хумигдаж, төрийн бюрократи болон зохицуулалтын дарамт нэмэгддэг.

 

Засгийн газрын бонд болоод гадаад өрийг хэн төлөх вэ?

Төсвийн 2 их наядын алдагдлыг нөхөхийн тулд 1.8 их наядын Засгийн газрын үнэт цаас болон 779.2 тэрбум төгрөгийн гадаад зээл ашиглана гэдэг нь ирээдүйд ногдох татварыг өнөөдөр завшиж байна гэсэн үг юм. Энэ үгийг бичигч бус МАН-чууд одоогоос арван жилийн өмнө АН эрх барьж байхуйд чичилж байсан бөгөөд өөрсдөө эрх авмагцаа өрийн таазыг өндөрсгөж, тэглэх бус тэлсэн юм.

Өр бол ирээдүйн татвар гэдгийг өнөөгийн нийгмийн захын оюутан тэдэнд хэлээд өгөх ч харамсалтай нь хэтэрхий ууж, идэх хүсэлдээ авсан увайгүй улстөрчдөд тэр хамаагүй. Засгийн газар дотоодын зах зээлээс 1.8 их наядын бонд гаргаж мөнгө татахад арилжааны банкууд дахь зээлийн эх үүсвэрийг төр өөрөө "соронздон" авна. Үүний үр дүнд хувийн хэвшил, ЖДҮ-үүдэд очих зээлийн хүү өсөж, бизнесийн хөрөнгө оруулалт саатдаг. Ингээд бизнес эрхлэгчид шахагдана гэсэн үг.

Өнөөдрийн улс төрчдийн гаргасан үрэлгэн шийдвэрийн төлбөрийг маргаашийн татвар төлөгчид буюу өнөөдрийн залуус, хүүхдүүд өндөр татвар, инфляциар төлнө.

Төсвийг алдагдалтай баталж, түүнийг өр зээл болон мөнгө хэвлэх замаар санхүүжүүлэх нь зах зээл дээрх төгрөгийн худалдан авах чадварыг унагаж, инфляцийг хөөрөгддөг. Инфляци бол төрийн гаргасан хамгийн шударга бус, далд татвар. Иргэдийн цалин, цуглуулсан хуримтлал үнэгүйдэж байхад төр илүү их мөнгө захиран зарцуулж үлдэнэ.

 

Эрх баригчдад өгөх салаавч

Н.Учралын засаг болоод УИХ төсвийн алдагдлыг зээлээр нөхөх биш, харин төрийн зардлыг эрс багасгах, нүсэр бүтцээ өм цөм цотхотгож, хэрэгцээгүй төсөл хөтөлбөрүүдийг зогсоох ёстой. Татварыг бууруулж, татвар төлөгчдийн мөнгийг төрийн дансанд эргэлдүүлэн шамшигдуулах биш, иргэд, компаниудын гарт үлдээх нь илүү эдийн засгаа сэргээнэ.

Төрийн оролцоог хумиж, хувийн хэвшилд орон зайг нь бүрэн олгож байж гэмээн бид өнөөгийн хүнд байдлаас гарна.

Засгийн газар өөрийн зардлаа хянаж чадахгүй байгаа үед хувийн хэвшил болон иргэдийн эрх чөлөө, санхүүгийн тусгаар тогтнол заналхийлэлд орж байдаг. Төр "бүсээ чангалах" цаг хэзээ ирэх вэ? Тэднийг ингэж дураараа дургихыг хараад л суух уу?

 

Нийтлэгч

Нарантөгс

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...