|
--°C
|horoscope icon |
logo
logo

Бусдын эрх чөлөөнд халдаж тэмцэх нь зөв үү?

Жагсах, үзэл бодлоо илэрхийлэх нь иргэн бүрийн суурь эрх. Гэвч амгалан тайван жагсаал болон эрх баригчдыг бус иргэдийг хохироодог ухаангүй активизм хоёрын хооронд зааг бий. Бензингүй болсны төлөө тэмцэж байна гээд шатахуун нь дуусах гэж байгаа бусдыгаа хохироон замын хөдөлгөөнийг саатуулах, мотоциклтой гороолж, бусад иргэдийг ажилдаа явах, эмнэлэг очих, хувийн ажлаа амжуулах боломжийг хааж байгаа нь төрийн эсрэг биш, иргэдийн зовлонг иргэдэд нийтлүүлж буй үйлдэл юм.
Өрнөдийн зүүнтнүүдийн хэт даврагч активистууд яг ийм арга хэрэглэдэг. Тэд замаа хааж зогсон, жирийн таксины жолооч, түргэний машиныг боодог. Энэ нь асуудлыг шийдэх биш, харин чин сэтгэлээсээ бухимдаж байсан иргэдийн тэмцлийн утга учир, үнэ цэнийг унагаж, утга учиргүй тэнэглэл болгож хувиргадаг. Манайд ч энэ арга барил хэзээний дэлгэрсэн бөгөөд жагсаалыг жагсаалаар дарах арга гэвэл хэнд ч танил төдийгүй эрх баригчдад дотно сонсогдоно.

Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаалын эсрэг жагсагчид өнөөдрийн засгийн эсрэг жагсаж, жирийн иргэдийн бухимдлыг бузарлав. Шатахуун колонк дээрх урт дараалал, хөл залгах унаагүй болсон иргэдийн унтран буй итгэл, үүнээс үүдэлтэй замын хөдөлгөөний түгжрэл, жагсаал цуглаан...
Гэвч энэ бүх үйл явдлын цаана бодит асуудал болоод улс төрийн жүжигчилсэн тоглолт гэсэн хоёр өөр үйл явдал зэрэгцэн өрнөж байна. Бид яагаад шатахуунгүй болов? Үнэхээр жирийн иргэд тэмцэж байна уу эсвэл хэн нэгэн тэдний бухимдлаар ашиг сонирхлоо гүйцэлдүүлж байна уу?


Домино эффект: Төрийн зохицуулалт хэрхэн хомсдол дууддаг вэ?

Яагаад шатахуунгүй болчихов? Зам тээвэр, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням энэ асуултад "Иргэд айсандаа болоод их хэмжээгээр авч нөөцөлснөөс болж хомсдол үүсэв" гэх тайлбарыг өгдөг. Энэ бол алдааг хэрэглэгч рүү наах сонгодог заль юм. Эдийн засгийн ухаанд, ялангуяа Австрийн сургуулийн онолд "Үнийн механизм" гэж ойлголт бий. Зах зээл дээр үнийг чөлөөт өрсөлдөөнөөр тогтоож байж л эрэлт, нийлүүлэлт тэнцвэрждэг. Гэтэл төрөөс шатахууны үнийг хатуу барьж, импортыг цөөн хэдэн компанид тусгай зөвшөөрлөөр даатгаж, хиймлээр хязгаарласнаар бодит зах зээлийн сүлжээг тасалчихдаг. Ингэснээр домино эффект үүсдэг. Эхний домино нь, төр үнийг хиймлээр барина. Импортлогчид эрсдэлээ даахгүй, нийлүүлэлт багасна. Дараагийн домино нь, Засгийн газар хязгаарлалт хийхээ зарлана. Эцэст нь, иргэд маргааш шатахуунгүй болохоос айж, колонк руу нэгэн зэрэг дугаарлана. Г.Дамдиннямын хэлсэн шиг иргэд нөөцөлсөндөө хомсдол үүссэн юм биш. Төрийн буруу бодлого нь иргэдийг айдаст автуулж, ийм үйлдэл хийхэд хүргэсэн юм. Шалтгаан нь төр, үр дагавар нь иргэдийн очер.


Хиймэл иргэний хөдөлгөөний технологи гэж юу вэ?

Асуудал гүнзгийрэх тусам иргэдийн бухимдал дээд цэгтээ тулна. Яг энэ үеэр олон нийтийн сүлжээ болон гудамжинд "жагсаал" эхэлдэг. Гэвч энэ жагсаал үнэхээр чин сэтгэлийн органик тэмцэл үү гэвэл үгүй. Өрнөдийг сүйрүүлж буй зүүнтнүүдийн хийдэг "Astroturfing" гэх ойлголт байдаг. AstroTurf гэдэг нь хиймэл зүлэг гэсэн үг. Энэ нь жамаараа, хар аяндаа бий болж буй иргэний хөдөлгөөнийг дуурайлган хийсэн хиймэл иргэний хөдөлгөөнийг хэлдэг.
Улс төрийн Пи-Арчид, эрх мэдэл горилогчид, эрх мэдлээ алдагдсад болон намын фракцууд иргэдийн бодит бухимдлыг олж хармагцаа дараах дөрвөн алхмаар үүнийг хийдэг. Эзэнгүй бухимдлыг барьцаалах хэрэгсэл болгодог. Жишээ нь, жирийн иргэн бензингүй гайхаад зогсож байхад бэлтгэгдсэн баг тухайн асуудлын "толгойлогч" болж гарч ирнэ. Ингээд жагсаалд уриална. Дараагийн удаад дүр бүтээнэ. Өөрөөр хэлбэл, жагсаалд олон нийтийн анхаарлыг татах "дүрүүд"-ийг оролцуулна. Жилийн өмнө Л.Оюун-Эрдэнийг өмөөрч байсан "Miu Miu" брендийн нүдний шилтэй авгай, эсвэл "Монгол хаан" жүжгийн лого бүхий малгай өмссөн залуус, мотоциклтой цуваа, “Араакш Тогтох” гэх мэтийн хүмүүс гэнэт нэг замаар жагсана. Энэ бол санамсаргүй зүйл биш, пи-ар технологичдын зохион байгуулсан тайзны чиэглэл юм. Тэднийг эрх баригчдын доторх эрх мэдлээ алдагдсад хөнгөс өн санхүүжүүлж, хүссэнээрээ хөдөлгөж дөнгөнө.


Зам хааж жагсаалыг гартаа авсан нь

Жинхэнэ иргэдийн дуу хоолойг дарагдуулж, өөрсдийн уриаг цуурайтуулна. Зам хааж, бусад иргэдийг хохироох замаар "Бид тэмцэж байна" гэх контент бэлтгээд цацаж байгаа нь шатахууны хомсдлын эсрэг эхэлсэн жагсаал хэрхэн зүсээ хувиргасныг бэлхнээ гэрчилнэ.

Улс төрийн шахаа

Жагсаалын төгсгөлд шатахууныг шийдэх биш, МАН-ын 30-ийн бүлгийн эрх ашгийг хангах, сайдыг огцруулах эсвэл төсөв хуваарилалтаас өөрсдөө хангалттай хүртэх, эрх мэдлийн дахин хуваарилалтын далд тохироо хийгдэнэ. Энэ бол иргэдийг "бэлгэвч" болгон ашиглаж буй заваан арга барил. Гэвч Монголд бол хэзээний энгийн үзэгдэл болтлоо нутагшиж байна.


Энэ жүжгийг хэрхэн зогсоох вэ?

Монголчууд бид хоёр зүйлийг маш тодорхой ялгаж салгаж сурах шаардлагатай байна.
Асуудлын үндэс суурьтай тэмцэж сурмаар. Шатахууны хомсдолоос гарах ганц арга бол төрийг бүгдийг зохицуулагч эцгийн дүрээс нь буулгах юм. Шатахууны үнийг бүрэн чөлөөлж, тусгай зөвшөөрөл гэх мэт монополь дөнгийг тайлж, чөлөөт өрсөлдөөнийг оруулж ирэхийг төрөөс шаардах ёстой. Төр шатахуун импортлодоггүй, хувийн хэвшил бэлтгэдэг.
Үүний дараа "хиймэл зүлэг"-т хууртахгүй байх нь чухал. Аливааг сохроор дагах бус саытар эргэцүүлэх нь чухал. Жинхэнэ иргэдийн дуу хоолой, улс төрийн фракцуудын санхүүжилтээр явж буй "Miu Miu шилтэй, зохион байгуулалттай активизм"-ыг ялгаж салгах. Бусдын чөлөөтэй зорчих, амьдрах эрхэнд халдаж буй жагсаал нь иргэдийн тэмцэл биш, улс төрийн технологийн нэг хэсэг гэдгийг ухамсарлах цаг болжээ.
Төр бидний сонголтыг хааж, харин улс төрийн жүжигчид бидний бухимдлыг худалдан авч байна. Тиймээс л монголчууд бидэнд эрүүл ухаан, зах зээлийн бодит зарчим л хамгийн сайн хамгаалалт болно.

Нийтлэгч

Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...