Х.Нямбаатарын найр тавьсан хятадууд хөлжиж, залуусын мөрөөдөл үгүй болов

Монголын төр барилга барьж, наймаа хийнэ гэдэг чухамдаа чононд хонь хадгалуулж, сохор хүнд толь зарахтай л ижил зүйл болжээ. “Охин тосгоноос явсан ч тосгон охиноос явсангүй” гэдэг шиг Х.Нямбаатар хотын даргаас зайлсан ч түүний балаг хотоос холдсонгүй. Өнөөдөр зөв зүгээр явган хүний замыг сэндийчин сольж, хашлага хэсэгчлэн солих төсвийн үрэлгэн байдал үргэлжилсээр байна. Гэвч хамгийн аюултай нь, гэр хорооллын айлуудыг орд цагаан өргөөнд оруулна гэж гурван сонгууль дамнан улин донгодож, сүүлдээ "Сэлбэ сэргэлт" нэрээр үлгэр ярьсны гашуун үнэнийг Хотын дарга Б.Пүрэвдагва саяхан нээчихлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа “Сэлбэ дэд төв нэг ч тоосго өрөөгүй байж, зөвхөн газар чөлөөлөлт ба дэд бүтцэд 700 орчим тэрбум төгрөг цацчихсан. Одоо 1 метр квадратыг нь 5.5 сая төгрөгөөр зарж байж 2.3 их наяд төгрөгийн бонд болон дэд бүтцийнхээ зардлыг нөхнө” гэв.
Энэ бол шинэ үеийн залуусын хямд орон сууцтай болох мөрөөдлийг төрийн сайн сайхныг амлаад саар бүхнийг хийгч улстөрчид өөрсдөө ашиг хонжоо харан хэрхэн төсвийн мөнгийг сүйдэлдэг ердөө нэг эмгэнэл юм.
Үндэсний барилгачид “өлсөж”, Хятадын компаниуд “цадсан” нь
Монголын барилгын салбарт эрсдэлээ үүрээд, олон мянган залуусыг цалинжуулж, өвөл зунгүй шавартай хутгалдаж буй үндэсний баялаг бүтээгчдээ Х.Нямбаатар хотын дарга байхдаа хэрхэн "жийж" хаясан бэ? Дотоодын компаниудаа татан оролцуулахын оронд БНХАУ-ын компаниудад тал засан гүйж, тендерийг нь бэлэглэсэн.
Монгол инженерүүдийнхээ хоолыг бусдын аманд шахаж, татвар төлөгчдийн босгосон 2.3 их наяд төгрөгийн бонд, улсын төсвийн их наядуудыг шууд урд хөрш рүү явуулах нь ээ. Монголдоо баялаг үлдээх биш, урд хөршийн эдийн засгийг тэтгэдэг ийм "эх оронч" бодлого гэж байх уу? МАН ер нь иймэрхүү арга барилаар гаршаад байгаа. Дарханы замыг мөн л хятад компаниудад найр тавьсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлэх гэж байсан 14 мега төслийн эх хувь нь яагаад Хятад хэлээр байгааг УИХ-ын гишүүд гайхан асууж л байсан. ТҮЦ-ийг шахаж, Солонгосын сүлжээнд найр тавихад ч бид баярлаад алга ташаад байсныхаа горыг өнөөдөр үнийн өсөлтөөр амсаж суугаа. Эцэст нь ширгэж буй Сэлбэ голыг сэргээхийн оронд "Сэлбэ сэргэлт" төсөл хэрэгжүүлсэн нь эцэстээ жирийн залуус худалдан авах боломжгүйн дээр барилгын зах зээлийн хөөсийг улам нэмэгдүүлсэн хорлонт төсөл ийнхүү болжээ.
Зах зээлийн зэтгэр ба 6 саяын хөөс
Хувийн хэвшил ба иргэд зах зээлийнхээ эрүүл хуулиар, эрэлт нийлүүлэлтийнхээ зарчмаар тохиролцож болох байсан салбарт төр "аврагчийн" баг зүүн, шууд дамжуулалттай загнаж, зандаран, танхайран орж ирэв. Нийслэлийн төсвийн мөнгийг газар чөлөөлөлт нэрээр салхинд хийсгэснээр хувийн хэвшлийн эрүүл өрсөлдөөнийг боомилоод зогсохгүй, орон сууцны бодит өртгийг хиймлээр тэнгэрт тулав.
"Айлуудыг хямд орон сууцжуулна" гэх амлалтын эцсийн өртөг нь 1 метр квадрат нь 5.5-аас 6 сая төгрөгт хүрч байна. Энэ бол сарын цалингаараа амьдардаг шинэ үеийн залууст хэзээ ч олгогдохгүй орон сууц болов. Хямд байртай болох залуусын мөрөөдлийг төрийн пиар, хариуцлагагүй явдлаас ийнхүү үнс нурам боллоо.
Ажлыг шинжлэх ухаан, тооцоо судалгаагаар биш, зөвхөн популизмаар хийдгийн гай энэ. Хэн нь хэрэгжүүлж, хэн нь тайлагнахаас үл хамааран, төрөөс эхлүүлсэн энэ мэт асар өндөр өртөгтэй төслийн төлбөр, бондын өрийг эцэст нь татвар төлөгч бид л нуруундаа үүрч таарна. Оролцох юм гэж байна, зах зээлд нь найдаад үлдээх зүйл гэж байна. Сэлбэ ч үгүй, Сэлбэ төсөл ч үгүй болох цаг ойрхон байна. Гайхуулж, гайхуулчаад гадаад руу гараад зугтсан Х.Нямбаатарыг одоо харин шүүрэн авчирч, ял асуух цаг болсон байлтай.
Нийтлэлч Л.Нарантөгс
8-н өдрийн өмнө
Нийтлэгч
Mongolic
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...






