ТӨРИЙН СҮҮДЭР ТОМОРЧ, СЭТГҮҮЛ ЗҮЙ ЖИЖГЭРЭХҮЙ

Үгээ хэлж чадахгүй болсон газарт дарангуйлал цэцэглэдэг. Өнөөдөр Монголын нийгэмд болж буй үйл явдлыг анзаарвал бид хэн нэгэн сэтгүүлчийн баривчилгаа эсвэл хэн нэгэн албан тушаалтны хэвлэлийн хуралд бус, ардчилсан нийгмийн хамгийн аюултай "системийн сүйрэл" рүү гулсан орж байгаагаа бэлхнээ харж болно.
Нэг талд нь Ерөнхийлөгчийн институцийн эрх мэдэл Үндсэн хуулийн дээгүүр хальж, хууль сахиулах байгууллагуудыг нэг хурууныхаа дохиогоор хөдөлгөдөг "дарангуйлагч" аппарат болон томорчээ. Нөгөө талд нь олон нийтийн мэдэх эрхийг хамгаалах ёстой сэтгүүл зүй нь улс төрийн бүлэглэлүүдийн гарын үзүүрт гүйгч, шантааж, захиалгын сүлжээнд идэгдэн ялзарчээ.
Бид яг одоо эрх мэдэлтэн, улстөрчдийн сүүдэрт хагас эрх чөлөөгөө хэвлэлийнхэн сайн дураараа худалдаж, амьсгал хурааж буй эмгэнэлт төрхийг харж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТОМОРЧ БУЙ СҮҮДЭР ДЭХ "ЯЛЛАГЧ" АППАРАТ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга микрофон барьж гараад иргэдийг шүүхээс урьтаж "гэм буруутай", "оргон зайлсан", "төлбөртэй мэдээлэл цацсан" хэмээн шууд яллав. Энэ бол зүгээр нэг хэвлэлийн төлөөлөгчийн алдаа биш. Энэ бол төрийн аппарат өөрөө ШҮҮГЧ, ЯЛЛАГЧ болсныг олон нийтэд зарласан хэрэг юм.
Монгол Улсын Үндсэн хуульд "Гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй" гэж маш тодорхой заасан. Гэтэл Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй Ерөнхийлөгчийн аппарат өөрөө хуулийн энэ суурь зарчмыг хөл дотроо гишгэлж байна.
Баривчлагдсан Т.Шинбаярын яриад байсан газрын талаар хотын дарга асан Х.Нямбаатар цахим хуудастаа, Бага тэнгэрийн амны газар олголт, Монгол цэргийн холбооны 22 давхар барилгын зөвшөөрөл зэргийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас шахаж, дарамталж байж захирамжлуулсан гэж мэдэгджээ. Нуухаа авах гээд нүдээ сохлов гэгчээр У.Хүрэлсүхийг А зэрэглэлийн газрыг илчилсэн хоёр дахь хотын дарга тэр болов. Өмнө нь, УИХ-ын дарга М.Энхболд унахдаа үхэр буугаа тавьж, хотын дарга байхдаа түүнд төрийн ордоны хойно газар өгч байснаа зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр ичгүүр сонжуургүйгээр илчилсэн юм. Энэ бүхэн төрийн эрх мэдэл хэрхэн хязгааргүй тэлж, засаглалын бүх шатанд тушаал өгдөг "эзэн" болсны бэлээхэн баримт.
Төрийн аппарат сошиалд гарсан шүүмжлэл, бичлэг бүрийн эсрэг цагдаа, тусгай албыг хөдөлгөж, шөнийн 05:30 цагт сэтгүүлчийг ачиж, цагдан хорьж байгаа нь нийгэмд нэг л зүйлийг сануулж байна. Х.Нямбаатар л хэлсэн болохоос биш "Үгэнд орвол шагнал, үгүй бол шорон!" гэдэг үнэн болжээ.
ШАНТААЖ БА МӨНГӨНИЙ СҮЛЖЭЭНД ИДЭГДСЭН СЭТГҮҮЛ ЗҮЙ
Нөгөө талдаа сэтгүүлчийг өмөөрөх гэж худал жүжиглэх шаардлагагүй. Өнөөгийн Монголын сэтгүүл зүй өөрөө гүнзгий ялзралд орсныг нуух боломжгүй. Сэтгүүлч Т.Шинэбаяр болон өнөөгийн сошиал лайвчдын хийж буй үйлдэл нь хараат бус, баримттай, ёс зүйтэй сэтгүүл зүйгээс хэдийнээ хөндийрсөн. Сонин содон нь энэ гээд солиотой галзуу дүртэй, олны танил сэтгүүлч нар захиалгаар мэдээлэл бэлтгэдэг, баримтыг нягтлахгүйгээр олон нийтийг сенсациар төөрөгдүүлдэг, цаанаа улс төрийн болон бизнесийн бүлэглэлийн мөнгийг угаадаг сүлжээ болон бүрэлдсэн нь эргээд сэтгүүл зүйн нэр хүндийг шороотой хутгалаа.
Шантааж хийдэг, лайваар шүүгч хийдэг, улстөрчдийн гарын үзүүрээр хөдөлдөг энэ эрүүл бус орчин нь төрд хэвлэл мэдээллийн амыг барих хамгийн ашигтай шалтгийг бэлдэж өгч байгаа нь ч харамсалтай нь үнэн.
ХОЁР ЯЛЗРАЛЫН ДУНД НУРЖ БУЙ НИЙГЭМ
Бид өнөөдөр "Хэт томорсон дарангуйлагч аппарат", "Мөнгөнд идэгдсэн ялзарсан хэвлэл" гэх хоёр аюултай тулгарсан. Төр нь сэтгүүл зүйн алдаа ба ёс зүйгүй байдлыг ашиглан шүүмжлэгч бүрээ "шантаажчин", "худал мэдээлэл цацагч" гэж шошголон, хууль сахиулах байгууллагаар амыг нь барьж байна.
Сэтгүүл зүй нь ёс зүйгээ алдаж, захиалгат улс төрийн хэрэгсэл болсноор иргэдийн итгэлийг алдаж, өөрийгөө хамгаалах вакцингүй болжээ. Энэ хоёр туйлшрал дунд үнэн мэдээллээр ангасан иргэд хохирч, Монгол Улсын ардчиллын тулгуур багана болсон чөлөөт хэвлэл, эрх зүйт төр хоёр хамтдаа нуран унаж байна.
Ерөнхийлөгчийн вант улс улам бүр томорч, төрийн сүүдэр нийгмийг бүхэлд нь бүрхэж байхад сэтгүүл зүй жижгэрч, өөрийнхөө ухсан нүхэнд унасан хэр нь улстөрчдөөс амь тариа залгуулж байна. Сэтгүүл зүй улстөрчдийн тэжээвэр “ноход” шиг уяаг нь уртасгаж, угаадсыг нь ойртуулбал хэн рүү ч ноцоход бэлэн болж, төр нь шүүгч, яллагч, цагдааг хамтад нь гүйцэтгэж эхлэх үед чөлөөт нийгэм дуусгавар болдог. Бид өнөөдөр л энэ хоёр ялзралын эсрэг дуугарахгүй бол маргааш гэхэд шүүмжлэх эрхтэй сэтгүүлч ч, шүүхээр эрхээ хамгаалуулах иргэн ч үлдэхгүй.
1-н өдрийн өмнө
Нийтлэгч
Mongolic
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...






