|
--°C
|horoscope icon |
logo
logo

Гацаанд намар, ордны тунирхал

Монголын улс төр уул нь их чухал, том том реформ, үндэсний аюулгүй байдал ярих ёстой газарсан. Гэтэл сүүлийн үед Төрийн ордны чуулганы танхим биш, нэгэндээ тунирхсан залуу хосуудын болзооны өрөө болж хувирлаа.
Сайтуудаар дүүрэн мэдээ цуврахыг харвал улс төрийн хямрал биш, хайр дурлалын маргаан яваад байх шиг.
"Эмэгтэй гишүүнээс уучлалт гуйхгүй бол би чуулгандаа суухгүй!" ч гэж байх шиг. Бурхан өршөөг! Энэ одоо юу вэ?
Хэндээ туниад, хэнийгээ сүрдүүлээд байгаа юм бэ? Яг л залуу хосуудын хэрүүл шиг.
- Чи намайг муухай харсан! Надаас албан ёсоор уучлалт гуйхгүй бол би өнөө өглөөний цайг чинь уухгүй, гэрээсээ гарлаа шүү! гэж сүрдүүлж байгаа аятай. Одоо тэгээд нөгөөдүүл нь,
- За за, заавал тэгж сүржигнэх хэрэгтэй юм уу? Би чуулганы ирцэд ормоор байна шүү дээ, уучлаарай... гэх үү?
Төрийн ажлыг, улс орны төсвийг, түгжрэл, утааг хүлээж буй түмэн олноо "унтуулчихаад", цаана нь хоёр гишүүн "Чи надаас уучлалт гуйх ёстой", "Үгүй ээ, чи эхлээд намайг гомдоосон" гээд уруулаа унжуулаад сууж байна гэж бодохоор инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг.
Гэтэл Ж.Баярмаа гишүүнийг нэг хараадахдаа!
Манай Ж.Баярмаа гишүүн бол энд жинхэнэ "ган төмөр" шиг зан чанар харуулж байна. Адилхан эмэгтэй хүн байж бүхэл бүтэн сошиалаар улаан цайм "Я"-гаараа дуудаж байхад тоосон шинжгүй сууна.
Ихэнх хүмүүс тэгж доромжлуулсан бол гүйж очоод шууд цүнхээрээ тархидаад, саваад эсвэл "Би маргаашнаас эхлээд чуулганд суухгүй, та нар намайг 'Я'-гаар дуудлаа!" гээд сошиалаар нэг стрийм хийж, лайв бичээд уйлаан майлаан болох байв. Гэтэл манай Баярмаа гишүүн тоосон ч шинжгүй, ямар ч тунирхалгүй "За, тэр чинь чиний л соёл" гэсэн шиг сууж л байна. Жинхэнэ "Төмөр хатан" гэж энийг л хэлэх байх.
Нэг талд нь бүхэл бүтэн "Я"-гаараа дуудуулчихаад төрийнхөө ажлыг хийгээд суулт хийж байхад, нөгөө талд нь нэг жаахан үгэнд гомдчихоод "Уучлалт гуйхгүй бол би хичээлдээ суухгүй, ээжийдээ хэлнэ!" гээд гар гараа зөрүүлээд сууж байгаа гишүүнийг харахаар инээдтэй биш гэхэд яах юм бэ?


Ордны хөшигний ардах явган яриа



Чуулганы танхимын үүдэнд нэгэн эрэгтэй гишүүн: (Хаалгаар шагайнгаа)
-Хөөе, суугаач дээ! Ирц хүрэхгүй Засгийн газар гацах гээд байна! гэх юм.
Тунирхсан гишүүн хариуд нь нүүрээ буруулан, цүнхээ чанга тэврээд
-Үгүй! Чи надад хандан хэвлэлээр "Уучлаарай, миний буруу байжээ" гэж хэлэхгүй бол би чуулганы танхимын босгоор ч алхахгүй! Яв, тэр Баярмаа руугаа яв!...
Эрэгтэй гишүүн:
-Яасан сонин юм бэ? Ж.Баярмаа чинь яаж ч дуудсан тоохгүй сууж л байна шүү дээ! Чи яагаад заавал ийм зан гаргаад байгаа юм бэ? гэвэл тунирхсан гишүүн:,
-Тэр Ж.Баярмаа чинь хатуу сэтгэлтэй эмэгтэй! Би бол эмзэг хүн. Чи намайг чуулганы танхимд хайрласангүй. Эхлээд уучлалт гуй, тэгвэл би кнопоо даржи чуулганд сууна.


Тунирхлаар яваа улс төр



Төрийн их суудалд суучихаад хувийн сэтгэл хөдлөл, гомдол, тунирхлаа төрийн ажлын дээгүүр тавина гэдэг Монголын улс төр айл гэрийн авгай, хүүхнээс ч долоон дор түвшинд очсоныг харуулж байна.
Ж.Баярмаа шиг гишүүд нь ямар ч доромжлол, дарамтыг даван туулж, ажлаа хийх гэж зүтгэж байхад, зарим нь ерөөсөө л шантааж хийх үндэслэлээ "уучлалт гуйх" гэдэг гоёмсог шалтгаанаар далдлах гэж хичээж байна.
Ийм ааш араншин бол ерөөсөө л олон нийтийн анхаарлыг татах, өөрөө хэрэгтэн биш "хохирогч" болж харагдах гэсэн арчаагүй марол.
Улс төрд "Гацаа" ирсэн нь үнэн. Гэхдээ тэр гацаа нь их том бодлогын зөрүүгээс биш, ерөөсөө л "Чи надаас уучлалт гуйсангүй" гэдэг залуу хосуудын тунирхал шиг хулгайчид хулгайгаа далдлах гэж гацчихсан байгаа нь хамгийн савж унам инээдэмтэй зураглал юм даа!

Нийтлэгч

Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...