|
--°C
|horoscope icon |
logo
logo

MONGOLIC ОНЦЛОВ: МОНГОЛБАНКНЫ АЛДАГДЛЫГ ИРГЭД ТӨЛНӨ

Монгол банкны хуримтлагдсан алдагдал 7.5 ИХ НАЯД ТӨГРӨГТ хүрснийг аудит баталлаа. Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-д төсөл өргөн барьж "Энэ алдагдлыг Засгийн газрын тусгай үнэт цаасаар хааж, Төв банкны хараат бус байдлыг жинхэнэ утгаар нь сэргээнэ" гэж тайлбарлаж байна.

Үүнийг энгийнээр орчуулбал их хөгийн сонсогдох нь дамжиггүй. Бизнес хийж чадалгүй дампуурсан дампуу нэгэн өөрийнхөө хоосон өрийн бичгийг эхнэртээ өгөөд “За хоёруулаа өргүй, хараат бус биеэ даасан гэр бүл боллоо” гэж зарлаж байгаатай яг ижилхэн.Амьдрал дээр тэр нөхөр толгойгоо хага ганжиндуулаад эхнэр ч үгүй, толгой ч үгүй болно. Харин төрийнхөн бол үүнийг бодлого гэдэг юм. Хөнөөл нь иргэдийн амьдрал шууд тусна.

Төв банкны Ерөнхийлөгчдийн уран донгодолтууд

Монголчууд мөнгө хэвлэх, үнэ тогтворжуулах үлгэрт сүүлийн 15 жил залилуулан амьдарч байна. Тэд юу гэж хэлж байв?

2012–2016 он (Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үе): Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал:

-Бензин, гурил, барилгын материалын үнэ өсөхөөс сэргийлж Монголбанкнаас санхүүжилт олгоно. Энэ бол инфляцыг бууруулах, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих хамгийн оновчтой бодлого гэж “донгодож” байлаа. Харин түүний балгаар Монголбанк 3 гаруй их наяд төгрөг хэвлэн хэдхэн компанид хөнгөлөлттэй зээл нэрээр тараасан. Үр дүнд нь төгрөгийн ханш 40% унаж, Монголбанк түүхэндээ анх удаа 3 их наядын хуримтлагдсан алдагдалд орж, шалгагдаж байв. Мэдээж тэр гараад зугтаасан.

2020–2025 он (Ковид, ипотекийн барьцаа ба своп хэлцэл): Одоогийн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Засгийн газрын удирдлагууд "Эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд ипотекийн 6%-ийн зээл болон шатахууны своп хэлцлийг Төв банк үргэлжлүүлэн хариуцна. Энэ бол нийгмийн хамгаалал, санхүүгийн тогтвортой байдал" гээд мөнгө хэвлэсэн. Үр дүнд нь төв банк өөрийн хийх ёстой үндсэн үүрэг болох мөнгөний ханшийг жагсаалаас гаргаж, халамж, төсвийн ажлыг хэвлэсэн мөнгөөрөө санхүүжүүлсээр байгаад алдагдал нь 7.5 ИХ НАЯД ТӨГРӨГТ (Ипотекийн 4.5 их наяд, Хятадын Ардын банктай хийсэн Своп хэлцлийн 6 тэрбум юанийн алдагдал гэх мэт) хүрчихсэн. Амьдрал дээр энэ сайхан үгнүүд ийм л гайг бий болгодог.

"Засгийн газрын тусгай үнэт цаас" гэж юу вэ?

Людвиг фон Мизес, Фридрих Хайек нарын Австрийн сургуулийн үүднээс харвал Монголын төр яг одоо хамгийн аюултай хууран мэхлэлт хийж байна. Засгийн газар цаасан дээр "Тусгай үнэт цаас" (бонд) гэж хэчнээн гоё үсгээр бичлээ гээд эдийн засагт ганц ч ширхэг талх, ганц ч литр шатахуун шинээр бий болохгүй. Энэ бол зүгээр л хоосон цаасаар хуучин алдагдлаа халхавчлах заль.

Ирээдүйд залуусыг боолчлох бодлого

Засгийн газарт бэлэн мөнгө байхгүй. Ирээдүйд тэр үнэт цаасныхаа өрийг залуусын төлөх татварыг нэмж эсвэл дахин шинэ мөнгө хэвлэж төлнө. Өнөөдрийн дарга нарын гаргасан 7.5 их наядын шарыг маргаашийн татвар төлөгч залуус тайлна гэсэн үг. Үүнийг хамгийн бохир " татвар" буюу инфляц гэдэг. Мөнгөний нийлүүлэлт баялгийн өсөлтөөсөө давснаас болоод зоогийн газрын цуйвангаас эхлээд бүх барааны үнэ өсдөг. Үүнийг эдийн засагчид "Иргэдийн цалин, хадгаламжаас хулгай хийж буй далд татвар" гэж нэрлэдэг. Төв банк Засгийн газартай нийлж өрөө цаасаар хаах тусам таны халаас дахь мөнгө чимээгүй хоргодсоор байна. Ямар ч үнэ цэнэгүй болж байна гэсэн үг.

Ийм бодлогоор хэн сүйрэв..?

Энэ бол Монголын улстөрчдийн бодоод олчихсон ноу-хау биш. Дэлхийн түүхэнд Төв банкны алдагдлыг Засгийн газрын бондоор хааж "мөнхийн хөдөлгүүр" хийх гэж оролдоод сүйрсэн бэлэн баримтууд бий.

Аргентин

Аргентины Төв банк нь Засгийн газрынхаа алдагдал, өрийг богино хугацаат тусгай үнэт цаасаар санхүүжүүлж "хамтын хариуцлага" гэж ярьсаар байгаад Инфляц нь 211%-д хүрсэн. Өнөөдөр Хавьер Милей ерөнхийлөгч болоод "Энэ дампуурсан Төв банкийг хөрөөдөж татан буулгая" гээд явж байна.

Мөнгөө жорлонгийн цаас болгосон Венесуэль

Засгийн газар болон Төв банк хоёр нь "хамтарч хариуцна" гэж ярьсаар байгаад гиперинфляц үүсгэсэн. Тэнд мөнгийг тоолохоос залхуураад жигнэж зардаг болж, хүн амынх нь 20% эх орноосоо дайжсан.

Бид тэдний араас гүйж байна

УИХ, Засгийн газар, Монголбанк гурав "Төв банкны хараат бус байдлыг сэргээнэ, төсвийн хатуу хязгаартай уялдуулна" гэж хэчнээн уран донгодовч, тэдний хийж буй бодит ажил нь мөнгө хэвлэж бий болгосон Монголбанкны 7.5 их наядын алдагдлыг Засгийн газрын өрийн бичиг болгон хувиргаж, эцсийн дүндээ бидний нуруун дээр үүрүүлж байна.

Энэ бол эдийн засгийн реформ биш, зүгээр л Ponzi-ийн схемийг төр өөрөө ажиллуулж буй хэрэг юм.

Нийтлэгч

Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...