|
--°C
| |
logo

Б.Жавхлан дэвших нь байтугай уучлалт гуйх ёстой

Монголын улстөрчид нэг хэвшмэл тактиктай. Нүүрсний үнэ өсөхөөр "Бид эдийн засгийг аварлаа" гэж цээжээ дэлдэнэ. Амьжиргаа доройтохоор гадаад геополитик, дэлхийн хомсдол, дайн руу бүхнийг чичлэнэ. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ ойртож, Сангийн сайд асан Б.Жавхлан эрх баригч намаас Ерөнхийлөгч үеэлийнхээ дэмжлэгтэйгээр дэвшихээр болсон талаар шуугиж байна. Түүнээс бид татвар төлөгчдийн мөнгөөр тоглосон 5 жилийн бодит тайлан, төрийн тэрбум тэрбумаар яригдах хулгайн мөнгийг шаардах ёстой.

БАРИМТ 1: М2 ГЭХ ТОНУУЛ

Төв банкны мэдээллээс харахад эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт (М2) 2022 оны эцэст 29.7 их наяд төгрөг байв. Харин 2025 оны эцэс гэхэд энэ тоо 47.1 их наяд төгрөгт хүрч, гуравхан жилийн дотор даруй 58.6 хувиар буюу 17.4 их наяд төгрөгөөр тэлжээ.

Харин Сангийн яамны хэт тэлсэн төсөв энэ мөнгөний асар том хөөсрөлийг зах зээл рүү шахах гол "шагнал" болсон юм. Үүний балгаар төгрөгийн худалдан авах чадвар суларч, өчигдөр хангалттай хүрэлцдэг байсан цалин өнөөдөр нэмэгдсэн хэр нь хуучин авдаг байсан зүйлсээ авч чадахгүйд хүрсэн юм. Мөнгөний нийлүүлэлт 58%-иар өсөхөд иргэдийн цалин, хадгаламжийн бодит үнэ цэнэ инфляцын шуурганд арчигдсан юм.

ФАКТ 2: ОУВС-ГИЙН "УЛААН КАРТ"

Олон улсын Валютын сан (ОУВС)-гийн 2025 оны тайланд Монгол Улсын Засгийн газрын бодлогыг шууд баримтаар шүүмжилжээ. Ингэхдээ "2022–2024 онд уул уурхайн орлого 2 дахин өсөхөд төсвийн зарлага нь дагаад 67 хувиар тэлсэн. Энэ нь импорт ба инфляцын дарамтыг шууд хөөрөгдөв” гэдгийг тэд онцолсон юм.

Б.Жавхлан 2024 оны төсвийг 27.2 их наяд төгрөгт хүргэж, ганцхан жилийн дотор 5 их наядаар тэлэх төслийг Их хуралд оруулж ирсэн. Төр баялаг бүтээдэггүй байхад тэр ийнхүү өөрсдийнхөө тансаглах төсвийг оруулж, иргэд, бизнесүүдийн өргөжүүлж болох байсан боломжийн өртгийг суутган авч, данхар бүтцээ тэжээхэд зориулсан юм.

ФАКТ 3: ҮР АШИГГҮЙ ЗАРДЛУУД

Төрийн зарлага өсөхөд иргэдийн амьдрал дээшилдэггүй гэдгийг Хилийн боомтын захиргаа зэрэг төрийн байгууллагуудын аудитын дүгнэлт, төсвийн зөрчлүүд гэрчилнэ. Төр татвар төлөгчдөөс мөнгө татан авахад хувийн хэвшлийн ажлын байр нэмэх, цалин тавих, хөрөнгө оруулах боломж тэр хэмжээгээр хумигддаг. Гэтэл ер ашиггүй зам, сумын соёлын төв, элдэв хэрэгцээгүй барилга байгууламж, зэрэгт татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, дээр нь иргэдээс илүү их татвар авдаг хуулийн санаачилсан автор нь тэр.

Ерөнхийлөгч болохоос өмнөх 3 асуулт

2027 оны сонгуулийн өмнө Б.Жавхлангаас асуух улс төрийн пиар биш, бодит санхүүгийн асуултууд байна.

  1. Уул уурхайн супер циклийн үеэр хуримтлал үүсгэхийн оронд төсвийг 67%-иар тэлсэн хариуцлагыг хэн хүлээх вэ?

  2. М2 өсөлт ба төсвийн тэлэлтээс үүдсэн инфляцад иргэдийн цалин яагаад үнэгүйдэв?

  3. Татвар төлөгчдийн мөнгөөр төрийн хэдэн үр ашиггүй бүтэц, тендерийн сүлжээг тэжээв?

Төрийн зорилго бол өөрийгөө тэлж, иргэдийг хараат байлгах биш, иргэд өөрсдөө баялаг бүтээх орчныг үлдээх явдал. Улсын санхүүг ийнхүү хорлосон хүн Ерөнхийлөгчийн сэнтий рүү зүтгэхээсээ өмнө татвар төлөгчдийн мөнгөөр юу хийснээ яг тоогоор тайлагнаж, хариуцлагаа хүлээх ёстой.

 

Нийтлэгч

Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...