Нийгмийн хариуцлага уу, ам таглах мөнгө үү?

Түймрийн аюул, зуд турхан, цар тахал тохиох бүрд Монголын сошиал орчин ба трэнд мэдээллүүд нэг л сценариар өрнөдөг. Томоохон группийн эзэд, олигархиуд, тэдний өв залгамжлагчид хэдэн зуун саяар нь хандив өгч, хувийн нисдэг тэргээ ашиглуулж, тонн тонноор нь дизель түлш, хүнсний тусламж гамшгийн голомт руу илгээв гэх чихэнд чимэгтэй мэдээллүүд ар араасаа цуварна. Эерэг мэдээ гэх хаштагтай энэ мэдээ үнэндээ сөрөг үр дагаварын наминчлал гэлтэй. Дэмбэрэл юм үзээгүй юм болохоороо баярлаад сүйд гэдэг шиг нийтээрээ тэднийг "эх оронч", "нийгмийн хариуцлагатай" хэмээн алдаршуулж, алга ташин сошиолд тренд болгоно.
Гэвч үйл явдлын дарааллыг бага зэрэг ухрааж, хөшигний цаадах улс төрийг ажиглавал энэ нь огтхон ч "сайн дурын нийгмийн хариуцлага" биш, харин эрх мэдэлтнүүдийн шахалт, гэмээ цагаатгах арга болон "крони капиталист" тогтолцооны оршин тогтнохын төлөөх наймаа болох нь илэрхий харагддаг.
Түймрийн утаа, Ерөнхийлөгчийн дүү: Нийгмийн хариуцлагын сенсааци
Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь буюу 468 мянга гаруй гектар талбай галд өртсөн асуудал нийгмийг бухимдуулж, уг түймэрт Ерөнхийлөгчийн дүү болон холбогдох хамаарал бүхий этгээдүүд холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл хүчтэй дэгдэж эхлэв. Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр иргэдийн шүүмжлэл дээд цэгтээ хүрэх яг тэр агшинд бизнесийн томоохон бүлэглэлүүд "бэлэн байдалд" орсон бололтой.
Жилээс жилд төсөв урьд өмнө нь байгаагүйгээр их наядаар тэлж байхад нисдэг тэрэг байхгүй. Нисдэг тэргээ үнэгүй ашиглуулахаа мэдэгдэж, дахин нөхөн сэргээх урт хугацааны санхүүжилтийг даахаа амалж, зуд болон түймрийн голомт руу сая саяар нь мөнгө хандивлаж, тонн тонноор нь шатахуун, хүнс, мөнгөн хандив шидэж эхлэв.
Нийтлэг эрх ашгийн эсрэг чиглэсэн ноцтой асуудал болон улс төрийн бүлэглэлүүдийн хууль бус үйлдэл олон нийтэд ил болохтой хамт "нийгмийн хариуцлага" гэх халхавчийг даруй шидэж, иргэдийн бухимдлыг хандивын мэдээгээр мартуулдаг нөгөө л арга. Энэ бол нийгмийн хариуцлага биш, Пи-Ар буюу хариуцлагаас олон нийтийн анхаарлыг сарниулах тактик.
Г.Занданшатарын мэдэгдэл ба Төрийн ордон дахь "хүлцэнгүй тэрбумтнууд"
Засгийн газрын тэргүүн байхдаа Г.Занданшатар Монголын стратегийн компаниудын өмчийн тодорхой хэсэг, эрдэс баялгийн орлогыг төрд эргүүлэн авах, "хөрөнгө хураах" тухай асуудлыг хөндөж эхлэхэд бизнесийн эзэд яаж аашилсан билээ?
...Жинхэнэ чөлөөт зах зээлийн хувийн хэвшлийн эзэд бол өөрийн өмч, хувийн эзэмшлийг төрийн хууль бус халдлагаас Үндсэн хуулийн дагуу шүүх дээр хамгаалах ёстой. Гэтэл манай "тэрбумтнууд" Төрийн ордонд гашуудалд очсон аятай ирж, төрийн түшээдийн өмнө маш хүлцэнгүйгээр "Төрд өгөхөд татгалзах зүйлгүй, дэмжиж байна" гэхчилэн толгой цохин сууцгаав. Яагаад тэд ингэж хүлцэнгүй байсан гээч? Учир нь тэдний хөрөнгө, бизнес нь чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөс бус, төрийн тусгай зөвшөөрөл, монопол эрх, ЖДҮ болон элдэв сангууд, Хөгжлийн банкны зээл, татварын өвөрмөц хөнгөлөлт, төрийн давуу байдлаас бий болсон. Төр нэг өдөр "хувь авна" гэхэд тэд эсэргүүцэж чадахгүй. Учир нь тэдний бизнес эхнээсээ төртэй хамссан "Крони капитализм" (Crony Capitalism) дээр тогтож байсан юм. Тэдний өгч буй хандив бол төрд төлж буй нэг төрлийн хамгаалалтын сүүдрийн татаас юм.
Билл Гейтс ба "Нийгмийн хариуцлагын" бохир бизнес
Энэ систем зөвхөн Монголд байдаг зүйл биш. Дэлхийн хэмжээний супер тэрбумтнууд ч энэ замаар явж ирсэн. Саяхан монголоор доншуучлаад бай сан Билл Гейтсийн жишээ үүний нэгэн нотолгоо. 1990-ээд оны сүүлчээр Microsoft компани програм хангамжийн салбарыг монополчилж, АНУ-ын Хууль зүйн яамнаас Антимонополын хуулиар компаниа хоёр хуваалгах дээрээ тулж, нэр хүнд нь шалдаа буусан. Яг энэ үеэс Билл Гейтс "Билл ба Мелинда Гейтсийн сан"-г байгуулж, дэлхий даяар вакцин, боловсролд тэрбум тэрбум доллар хандивлаж эхэлсэн юм. Анх бууж өгөх гэж байсан монополч залуу тун удалгүй дэлхийг аврагч "буянтан" болж хувирав.
Ийм сангууд болон CSR (Нийгмийн хариуцлага) нь тэрбумтнуудад татвараас зайлсхийх, бохир бизнесийн нэр хүндээ угаах, цаашлаад дэлхийн эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг хувиараа залах, эрүүл системийг устгах асар том боломж олгодог.
Авлагчаа гээд араатныг дагавал яана билээ хө
Либертари эдийн засагч Милтон Фридманы дурдсанаар, "Бизнесийн ганц нийгмийн хариуцлага бол хуулийн хүрээнд шударга өрсөлдөөнөөр ашгаа нэмэгдүүлэх явдал".
Шударга өрсөлдөж, татвараа төлөөд, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж буй компани нийгэмд тусдаа хандив өгөх ч шаардлагагүй. Гэтэл манайд нефть болон стратегийн салбарт монополь бизнесүүд өрсөлдөөнийг боомилж, иргэдийг шатахууны хомсдолд оруулж, эдийн засгийг туйлдуулчаад иймэрхүү бурууг маниустаа өгдөг. Тэгсэн атлаа түймэр эсвэл зуд болоход хэдэн тонн бензин үнэгүй өгч "аврагч"-ийн дүрийг бүтээдэг. Өөрөөр хэлбэл, системээр нь иргэдийн боломжийг хумсалж хохироочихоод, дараа нь ялимгүй хэсгийг нь хандив нэрээр буцаан өгч алга ташуулах нь олон.
Тэгээд яах уу?
Нийгмийн хариуцлага гэдэг либертари үзлээр бол утгагүй зүйл бөгөөд бодит байдал дээр крони капиталист тогтолцоог амар тайван байлгах "унтуулга" юм. Төртэй хамсаж бизнесээ өргөжүүлдэг, өрсөлдөөнийг боомилдог, эдийн засгийн уналт ба хомсдолыг үүсгэдэг олигархи бүлэглэлүүд гамшгийн үеэр хандив шидэхэд бид алга таших ёсгүй.
Бидэнд тэрбумтнуудын сайн дурын авран хамгаалах шоу, хандивын сүлжээ хэрэггүй. Бидэнд хувийн өмчийг халдашгүй хамгаалдаг, төрийн ба бизнесийн заагийг загласан, чөлөөт өрсөлдөөнтэй, тэгш эдийн засгийн орчин л хэрэгтэй байна. Бид түймэр, хулгай, дээрэм, гадны дайснаас хамгаалж, шударга шүүхээр шүүлгэх гэж л татвар төлдөг. Төсөв ч түүнд зарцуулагдах ёстой.
9-н өдрийн өмнө
Нийтлэгч
Нарантөгс
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...






