|
--°C
| |
logo

Тэжээврийн инкубатор

Далавчтай бол нисэхсэн, жигүүртэйсэн бол дүүлэхсэн... УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хэлснээр “Голыг нь тасалчихгүй ядуу байлгаж байгаад сонгуулийн үеэр саналыг нь авдаг улс төрийн тогтолцоо”-той үед яагаад ч улс орон өөдлөхгүй нь. Монголд зүтгээд зүтгээд улных хэвээрээ. Хүнийг устгахад дайн, танк, төмөр зам, тахал эсвэл шорон, гадаад хүчин зүйлс ч  шаардлагагүй аж. Ердөө л түүний бүх хэрэгцээг нь үнэгүй хангаж, өөрөө зүтгэх, эрсдэл үүрэх, тэмцэх шаардлагагүй аргацаасан орчин бүрдүүлэхэд л хангалттай юмсанж.

 Үүнийг биологчид тэжээвэржүүлэлт гэж нэрлэдэг бол улстөрчид “Нийгмийн хамгаалал” гэж чихэнд чимэгтэйгээр цоллодог.

Өнөөгийн Монгол Улсад яг энэ чимээгүй геноцид өрнөж байна. Төрөөс иргэддээ, залуустаа халамж нэрээр тарааж буй бэлэн мөнгө, ямар нэгэн хөнгөлөлт, талон бүр нь тэдний хөдөлмөрлөх, сэдэх, бүтээх сэрэл, мэдрэмжийг нэг нэгээр нь боомилж буй тайвшруулах тарилга юм.

 

Хувийн хэвшлийн нуруун дээрх сая “тэжээвэр”

 

Асуудлын гүнд орохоос өмнө бодит тоо ру өнгийе. Улсын нэгдсэн төсвийн жилийн дийлэнх хэсэг нь нийгмийн хамгаалал, халамж, тэтгэвэр, тэтгэмж болон төрийн нүсэр аппаратыг тэжээхэд зориулагддаг. Засгийн газраас жил бүр зөвхөн Халамжийн сан болон Нийгмийн даатгалын татаасаар дамжуулан 4.5–5.5 их наяд төгрөгийг идэвхтэй хэрэглээнд чиглүүлэн цацдаг. Өнөөдөр "Хүүхдийн мөнгө" хэмээх сонгуулийн хахуульд жилд 1 их наяд гаруй төгрөг үрэгддэг. Энэ нь амьдралын түвшин, хэрэгцээ шаардлага харгалзахгүйгээр бэлэн мөнгө тараах, иргэдийн сэтгэл зүйд багаас нь "Төр надад сар бүр мөнгө өгөх ёстой" гэх донтолтоор вакцинжуулж буй бэлэн жишээ.

 

Ажиллах хүчний парадокс

 

Өнөөдөр барилга, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт 100 гаруй мянган ажлын байр эзнээ хүлээж байхад залуус "Ажил олдохгүй байна" хэмээн төв талбайд жагсаж эсвэл халамжийн босго заагт баригдан далд эдийн засагт өдөр хоногийг аргацааж байна.

Төр баялаг бүтээдэггүй. Төр зөвхөн хэн нэгний хөлсөө урсгаж олсон орлогоос татвар, торгууль нэрээр дээрэмдэж, ажил хийхээс татгалзсан өөр нэгэнд хахууль болгон өгдөг. Энэ бол шударга ёс биш. Энэ бол баялаг бүтээгчдийг шийтгэж, шимэгчдийг урамшуулдаг гажууд тогтолцоо.

 

Хүнийг “тэжээвэр” болгох механизм

 

Австрийн сургуулийн эдийн засагч Людвиг фон Мизес, Фридрих Хайек нар төрийн интервенцизм нь хүмүүсийн морал болон зан үйлийг эвдэж, ёс зүйн доройтолд хүргэдэг болохыг сануулж байв. Төрөөс халамж авч эхэлсэн хүнд дараах 3 шатлалт доройтол явагддаг аж.

Хамгийн түрүүнд хүн өөрийнхөө амьдралд 100% хариуцлага хүлээхээ болино. Би ажилгүй болсон ч, би эрсдэл гаргасан ч, би алдсан ч төр намайг тэжээнэ гэх аюултай сэтгэлгээ залуу хүний сэтгэл зүйд сууснаар тэрээр өөрийгөө жолоодох чадвараа бүрэн алддаг.

Амьдрах тэмүүлэлгүй болох нь дараагийн шинж тэмдэг. Чөлөөт зах зээлд хүн бусдад хэрэгцээтэй үнэ цэнэ, баялагийг бүтээж байж орлого олдог. Гэтэл халамж нь ямар ч баялаг бүтээхгүйгээр амьд орших боломж олгосноор хүний сурч мэдэх, өрсөлдөх, бэрхшээлийг давж гарах биологийн ба сэтгэл зүйн зангилааг хөдөлгөөнгүй болгон царцаадаг. Өнөөдөр улстөрчдийн амнаас унгах болсон хамгийн уянгалаг үг бол хүүхдийг өрсөлдүүлэхээ болих тухай утопи болсон.

Эцэст нь бүрэн барьцаалагдана. Төрөөс өгч буй халамжаар амьдардаг хүн хэзээ ч чөлөөт иргэн байж чадахгүй. Тэрээр дараагийн сонгуулиар аль нэг намын бэлэн мөнгөний амлалт, халамжийн нэмэгдлийн өмнө өвдөг сөгдөх хувь тавилантай. Энэ бол иргэнийг улс төрийн тоглоомын "хоол" болгож буй хамгийн зальтай боолчлол юм. Өнөөдөр яг тоть шиг “Төр шийдээчээ” гэх үсгийг ахмад, залуу, хүүхэд хөгшингүй унагаах болсон нь бид тэдний тэжээвэрүүд болсныг бэлхнээ гэрчилнэ.

 

Мөлхөгчдийн арми

Хамгийн эмгэнэлтэй нь энэ тэжээвэр сэтгэлгээ цэцэрлэгт орохоос эхлээд хорь гарч яваа, эрч хүчээр буцалж байх ёстой өнөөгийн залуусын дунд соёл болон дэлгэрчээ.

Залуус өнөөдөр "Би юу бүтээж чадах вэ?" гэж асуухаа больсон. Тэдний хамгийн эхэнд асуудаг асуулт нь "Төрөөс надад юу өгөх вэ?", "Байрны зээлийг төр яагаад хөнгөлөхгүй байна", "Сургалтын төлбөрийг яагаад тэглэхгүй байна вэ" гэх гомдол. Энэ бол ирээдүйгээсээ гуйлга гуйж буй арчаагүй тэдний дуу хоолой.

Ядахад яр гэгчээр муухай зальжин, ямар ч идэвхгүйг нь яана. Хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулан бизнес эхлүүлэхийн оронд яаж халамжийн шалгуурт "ядуу" гэж бүртгүүлэх вэ, яаж төрийн төрөл бүрийн төсөл, тэтгэлгээс мөнгө саах вэ гэх зальжин аргад залуус ухаанаа уралдуулж байна.

Баялаг бүтээдэг татвар төлөгчдийн тоо өдөр ирэх тусам цөөрч, төрийн амыг харж гараа сунгагчдын тоо асар хурдацтай тэлж байна. Дээр нь амар хялбараар амьдралаа сайжруулах гэсэн элдэв көүчийг сохроор даган дуурайна. Ийм нийгэмд эдийн засгийн өсөлт байх боломжгүй, зөвхөн бүх нийтийн ядуурал ба сүйрэл л нүүрлэдэг.

 

Тэжээврийн тэжээлийг тасдах

Бүгд халамжлуулаад бодож сэтгэхээ байсан болохоор “тэгээд шийдэл, гарц нь юу юм” гэж одоо асуух байх. Халамж бол ядуурлаас аврах хэрэгсэл биш, харин ядуурлыг мөнхжүүлэгч, хүний зүрх зориг, эрмэлзлийг мохоогч хор гэдгийг бид хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй.

Монгол Улс залуу үеэ, ирээдүйгээ аврахыг хүсвэл ганцхан замаар явах ёстой.  Тэр нь хавтгайрсан бүх халамжийг нэн даруй зогсоох. Нийгмийн халамжийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, биеэ дааж чадахгүй нэн шаардлагатай цөөнхөд л хязгаартай байдлаар хүртээх явдал.

Татварын дарамтыг эрс бууруулахыг одоо шаардан гудамжинд жагсах хэрэгтэй. Баялаг бүтээгчдээс дээрэмдэж ажиллах дургүйчүүдэд тараадгийг зогсоож, татварыг багасгах замаар хүн бүр өөрийн хөдөлмөрийн үр шимийг 100% өөрөө захиран зарцуулах орчныг нээхгүй бол бид ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцаж явна.  Хувийн өмч, чөлөөт өрсөлдөөнийг хамгаалахын оронд бүгд л хураа, нураа, хорь, тавь гэж хамгийн чангаар хашгирдаг боллоо. Залууст бэлэн мөнгө биш, харин өөрийн авьяас, хөдөлмөрөөрөө баялаг бүтээх эрх чөлөөг нь буцаан өгмөөр байна. ТҮЦ-ээ ажиллуулна уу, талхаа бариад зарна уу төрд түй ч хамаагүй. Төр тэжээгчийн биш, тэжээврийн багийг зүүж, иргэн өөрөө өөрийнхөө амьдралын эзэн болох цагт л энэ үндэстэн өвдөг дээрээсээ босох болно. Бидэнд төрөөс хаях халамжийн ясыг булаалдан атгаж амьдрах тэжээвэр залуус биш, чөлөөт зах зээлд өөрийн хүчээр эзэн нь байж чадах бүтээгчид хэрэгтэй байна.

 

Нийтлэгч

Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...