|
--°C
| |
logo

БОРЖИН ХАШЛАГЫГ ДАГАН БЭДЭРСЭЭР БАГА ТЭНГЭРИЙН ХАУСТ ХҮРЭХҮЙ

Боржин чулуун хашлагын “но”-гоос Бага тэнгэрийн хямдрал хүртэл тэмдэглэл оршвой-

Улс өрчдийн бие биенийхээ бөгсийг ухаж, лайваар бохир муухайгаа дууддаг тоглоом эцэс сүүлдээн комеди шоу цаашаа болон хувирлаа. Нэг талд нь "Ерөнхийлөгчийн ард мөнгө босгодог сүлжээ байна, Бага тэнгэрт тансаг хаустай" хэмээн шүлсээ үсчүүлэх хотын дарга асан Х.Нямбаатар, нөгөө талд ЕТГ-ын ХМА-ны дарга Ц.Ганзориг. Гэвч тэд бие биенээ барьж өгөх гээд байгаа мэт боловч үнэндээ хоёул өөрсдийнхөө болон системийнхээ хулгай, ялзралыг ард түмэнд ил болгоод өгчихлөө.


360 мянган долларын хадгаламжийн гайхамшиг



Ц.Ганзориг дарга гадаад явахаасаа өмнө ямар хаус байхгүй талаар мэдэгдсэн. Харин айлчлалаас буугаад юм үзэж, нүд тайлсан хүн шиг тайлбарлахыг сонсоод манай улсын иргэд бүгдээрээ банкны хадгаламжийнхаа хүүг дахин нэг тооцоолж үзэх шаардлагатай болов. "Ерөнхийлөгч 2022 онд хадгаламжаасаа 360 мянган доллар, 2025 онд 200 сая төгрөг шилжүүлээд л Бага тэнгэрт хаус авчихсан, ХОМ-т нь байгаа" хэмээн хэнэггүй тайлбарлав. Б.Дэлгэрсайханы сайд шиг “Намайг одоо гуйлгачин гэж бодоод байгаа юм уу” гэж арай л хэлчихсэнгүй. Төрдөө зүтгэсэн хүний цалин хадгаламжинд ороод, өөрөө аяндаа үржээд, сүүлдээ 360 мянган доллар (1.2 гаруй тэрбум төгрөг) болон үрждэг ямар ид шидийн банк Монголд байдаг юм бол? Ерөнхийлөгчид бийлэгжүү эгч нь Солонгосоос доллар явуулсан хэвээрээ байгаа юм болов уу?
Нийслэлийн иргэд 6 хувийн ипотекийн зээл хөөцөлдөөд 50 сая төгрөгийн урьдчилгаа олж чадахгүй махаа идэж байхад дарга нар "Зүгээр л хадгаламжаасаа авчихсан, ХОМ-т байгаа учраас цэвэрхэн" гэж томрох юм. Тэдний хувьд ХАСХОМ (Хөрөнгө орлогын мэдүүлэг) гэдэг нь хууль бус мөнгийг "хууль ёсны" болгож угаан харагдуулдаг шидэт цаас болон хувирчээ.


Шүгэл үлээгчээc “шувуу” болсон баатар


Тэгвэл Ерөнхийлөгчийнхөө нууцыг лайваар дэлгэж шударга тавын нэг, “чи юу гээд байгаа юм бэ”, хотын дарга асан Х.Нямбаатар өөрөө хэн байв?
Нийслэлийн төсвийн асар их мөнгийг жил болгон замын боржин хашлага (боржуур) солиход зарцуулж, замын ажлаар мөнгө угаах, угаахгүйгээр барахгүй "Туулын хурдны зам" гэгч мега төслөөр сүржин пиар хийсэн ч 6,2-хон км хурдны зам гэж дэлхийд байхгүй луйвар хийх гээд баригдаж, Канад зугтаад, одоо орогнол хүсч яваа түүнд хууль хяналтынхан "мөнгө завшсан", бусдад давуу байдал олгосон хэрэг нээн шалгаж эхэлсэн. Жиг жуг сонсох нь ээ, баахан юань, алтыг нь гүйцэтгэх ажиллагаагаар “дэлбэлсэн” ч гэлцдэг.


Нийслэлчүүдэд Х.Нямбаатар ихээ гай тарьсан хүн. Иргэдийн амьжиргаа хүнд байхад авто замын болон нийслэлийн төрөл бүрийн татвар, хураамжийг нэмж, ард түмний суганд гар дүрж байснаа "хотын хөгжил" хэмээн хацар дээрээ улаан будаг түрхэн тайлбарлаж байв.
Хотод бол тэр хаан шиг аашилсан. Нийслэлийг хувийн компани шигээ, иргэдийг зарц шигээ санаж, өөрийнх нь эсрэг дуугарсан залуус ба иргэдийн эсрэг намынхаа жагсагчдыг цуглуулан сөрөг жагсаал хийлгэж байсан түүх ердөө хавар.
Ийм "буутай, боржууртай" дарга хаусын тухай ярихаар ард түмэн яаж ч бодсон "Бие биенээсээ дутахгүй идэж уучихаад, сандал суудлын хэрүүлээсээ болоод бие биенийхээ бохирыг цацаж байна" гэж харах нь аргагүй.


Шүүх, АТГ-аас илүү "хэрүүл" үнэн байна



Муу муухайгаа илчлэх гэж хоорондоо уралдаж байгаа тэднийг харахаар "Мал тэжээвэл ам тосодно, хүн тэжээвэл толгой цустана” гэдэг үг дээр нэмээд “Ерөнхийлөгч, хотын дарга хоёр хэрэлдвэл үнэн тодорно" гэдэг шинэ зүйр үг зохиомоор байна.
Өнөөдөр манайд АТГ, шүүх байгаад ч хэрэггүй мэт. Зүгээр л эрх мэдэлтнүүдийг хооронд нь муудалцуулаад, сандал суудлыг нь ярихад л нэг нь ямар мөнгөөр Бага тэнгэрт тансаглаж байгаагаа "ХОМ" нэрээр өөрийгөө илчилнэ. Нөгөөх нь замын хашлага, Туулын зам, татварын мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь яаж завшсанаа лайваараа болон шалгагдаж буй хэргээрээ илчилнэ.
Мөнгөндөө ханалгүй, эрх мэдэлдээ эрдэж "хаан" шиг аашилж байсан тэд өнөөдөр нэг нэгнээ занаж, ард түмэнд өөрсдийнхөө бохир мөнгөний “угаалгын машинаа” харуулж байна. Албан тушаалтнууд минь, үргэлжлүүлэн хэрэлдээд бай. Ард түмэн чинь та бүхний бохир сүлжээг ямар ч тайлангаас илүү тодорхой харж, гунигтайгаар баясаж байна.

Нийтлэгч

Нарантөгс

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...