ТӨРӨӨСӨӨ ХУЛГАЙЛСАН НЬ БАГАДААД ХАМГААЛУУЛДАГ БОЛОО ЮУ?

-Хулгайчийг хайдаг төр үү, хулгайчдаа хайцаалдаг төр үү?-
Монголын улс төрд нэг л сонин үзэгдэл тогтлоо. Төрийн мөнгө, нийтийн өмчтэй холбоотой томоохон дуулианд нэр холбогдсон хүмүүс нь тайлбар өгөхгүй, хуулийн байгууллагын үүд сахихгүй, харин улс төрийн индэр дээрээс толгойноосоо том том юм яриад маадгар суудаг болов. Зарим нь гадаадаас лайв хийнэ. Зарим нь цахимаар намын хурлаа удирдана. Зарим нь бүр юу ч болоогүй мэт идсэн уусан хэрэгт холбогдсон ч үсээ янзлуулж, намын хуралдаа өтгөн халимагтай, өнгө зүс орчихсон санал өгч сууна. Манайд ер нь АТГ, прокурор, цагдаа, шүүх байна уу?
110 САЯ АМ.ДОЛЛАРЫН АСУУДАЛ ХААНА ГАЦАВ?
“Бодь интернэшнл”-ийн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 110 сая ам.долларын гэх авлигын асуудал бол Монголын төрийн өмч, нийтийн баялаг хэрхэн улс төр, бизнесийн эрх ашгийн огтлолцолд орж болдгийн ноцтой жишээ.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2026 оны гуравдугаар сард энэ асуудлаар АТГ-т 894 хуудас материал өгсөн тухайгаа мэдэгдсэн. Үүний дараа “Бодь”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра холбогдох баримт, мэдээллийг дэлгэж, гэрчийн хамгаалалтад орох хүсэлт гаргасан тухай хэвлэлүүд бишгүй мэдээлсэн. АТГ ажлаа хийхгүй болохоор өнөөдөр АТГ-ын үүдэнд авлигын хэргийн талаар мэдээлэл хийдэг мода дэлгэрчихлээ.
110 сая ам.долларыг төрийн өмчит компанийн гэрээ, санхүүжилтээр дамжуулан гаргаж, улстөрчдөд тараасан гэх ноцтой мэдээлэл яригдсан. Мөн тодорхой хүмүүсийн нэр, мөнгөн дүн олон нийтэд ил болсон. Гэхдээ нэр дурдагдсан хүн бүрийн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр одоогоор байхгүй. Зарим нь буруутгалыг няцаасан. Ингээд л тэрбум, их наядаар тооцогдох “ногоон автобус”, “Хөгжлийн банкны хэрэг”, “Нүүрсний хулгай” гэх мэт улстөрчдийн хэргүүд “обсо”.
ТЭГВЭЛ АТГ ЮУ ХИЙВ?
Хэрэг шалгаж байгаа бол мөрдөн шалгах ажиллагааны явц, шалгаж буй асуудлын хүрээ, нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаагаа хуульд нийцүүлэн олон нийтэд мэдээлэх ёстой. Хэрэг нууцын зэрэглэлтэй бол нууцыг задлах шаардлагагүй. Гэхдээ нууц гэдэг нэрээр хариуцлагагүй байдлаа халхалж болохгүй. Дээрх хэрэгт гол гэрч болохоо илэрхийлсэн хүн нь хаана байна? Гэрчийн хамгаалалтад авах хүсэлтэд нь ямар хариу өгсөн бэ? Гэрээний эх хувь, мөнгөний гүйлгээ, санхүүжилтийн шийдвэр, гарын үсэг зурсан албан тушаалтнуудыг шалгасан уу? Хэрэв мөнгө тараасан гэх мэдээлэл худал бол үүнийг нотолж няцаасан уу?
Эдгээр асуултын хариуг иргэд авах эрхтэй. Гэтэл таг чиг.
АМУНДРА КАНАДАД БАЙГАА ЮУ ЭСВЭЛ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ТҮҮНИЙГ ХАЙХАА МАРТСАН УУ?
А.Амундрагийн тухай мэдээлэл ч мөн адил тодорхой бус хэвээр байна. Түүнийг гадаадад байгаа, гэрчийн хамгаалалт хүссэн, 110 сая ам.долларын асуудлаар мэдүүлэг өгөхөд бэлэн гэх мэдээлэл өмнө нь гарч байсан. 2026 оны зургадугаар сард хэвлэлүүд түүнийг АНУ-д очсон гэх мэдээлэл ч нийтэлж байв.
Харин өнөөдөр Х.Нямбаатарын тухай биш, Х.Нямбаатарын тухай лайв, “Бодь”-ийн Д.Баясгалан Канад руу явсан гэх хүмүүсийн мэдээлэл давхцаж байна. “Өдрийн сонин”-ын өнөөдрийн дугаарт Д.Баясгаланг өнгөрсөн сарын сүүлээр Канад руу ниссэн гэх мэдээлэл гарчээ. Түүнийг Х.Нямбаатартай холбоотой асуудлаар очсон гэх тайлбар нь нийтлэлийн таамаг бөгөөд бие даасан баталгаатай баримт одоогоор алга.
Хэрэв А.Амундра үнэхээр 110 сая ам.долларын асуудлаар чухал мэдээлэл, баримт эзэмшиж байгаа бол Монголын хууль хяналтын байгууллагууд түүнтэй ямар ажиллагаа явуулж байна вэ? Гэрчийг хамгаалах ёстой юу, дарамтлах ёстой юу? Мэдүүлгийг нь авах ёстой юу, эсвэл түүнийг гадаадад байхад нь мартах ёстой юу? Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогыг гэрэл цохиулах нэг хэрэг, төрийн өмчийг шамшигдуулан, урд хөршийнхөнтэй нийлж улсаа тоносон “хулгайг” хэзээ лайв хийхийг нь хүлээж, хийхээр нь үзэх нь АТГ-ын ажил мөн үү? Энэ бол АТГ-аас хариулт нэхэх асуулт. Шилэн, шувуу ажиллагаа чинь яасан бэ?
ҮСЭЭ СУУЛГАСАН ЗАВШИГЧИД, ЗҮСЭЭ НУУСАН ЗАВХАЙРАГЧИД
Арваннэгдүгээр сарын 7-нд Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурал боллоо. 489 төлөөлөгч оролцсон энэ хуралд Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар гадаадаас цахимаар оролцож, ажлын тайлангаа танилцуулжээ. Улмаар намын хорооны шинэ даргаар Б.Пүрэвдагва сонгогдсон байна.
Энд нэг зүйлийг сануулахад, Х.Нямбаатарын хувьд энэ нь зүгээр нэг намын албан тушаалын асуудал биш. Түүнийг 2026 оны есдүгээр сарын 25-нд Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татсан тухай АТГ-ын албан тушаалтны мэдээллийг хэвлэлүүд эшилсэн. “Туулын хурдны зам”-ын урьдчилгаа 500 тэрбум төгрөгийн санхүүжилт, албан тушаалын томилгоо, тендер сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар шалгаж байгаа юм.
АТГ-ын мэдээлснээр, аравдугаар сарын 9-нд түүнийг Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлуулах хүсэлт хүргүүлсэн. Энэ нь Интерпол хүсэлтийг хүлээн авч, зар мэдээг албан ёсоор нийтэлсэн гэсэн үг биш. Хөх булан нь баривчлах бус, байршил болон холбогдох мэдээлэл цуглуулах зориулалттай мэдэгдэл юм.
Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатарыг гэм буруутай гэж шүүх тогтоогоогүй ч түүнийг яллагдагчаар татсан, олон улсын шугамаар байршлыг нь тогтоолгох хүсэлт гаргасан нь хэвлэлээр мэдээлэгдсэн бодит үйл явдал. Гэхдээ эрэн сурвалжлаагүй гэсэн үг. Гэтэл энэ хүн гадаадаас лайв хийгээд зогсохгүй Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хуралд цахимаар оролцож, тайлангаа тавьж байна. Алуурчид айл болгоны хойморьт сонгуулиар залардаг байсан бол хойноос нь хулгайчид тухалжээ. Төрийн байгууллагын тогтоол танилцуулахад олдохгүй байгаа хүн намынхаа хуралд цахимаар оролцох боломжтой байдаг нь ямар учиртай вэ? Хэрэв өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа бол эх орондоо ирж, хууль хяналтын байгууллагад тайлбараа өгөх нь хамгийн зөв зам биш гэж үү?
Улс төрийн лайв бол мөрдөн байцаалтын оронд явахгүй. Фэйсбүүкийн шууд дамжуулалт нь шүүх хурал биш. Өөрийнхөө гэм буруугүйг нотлох эрхтэй ч хуульд заасан ажиллагаанаас цахим орчинд дүр бүтээж бултах эрх хэнд ч байхгүй. Мөнөөх 10 саяар үйлчилгээ авсан дарга ах ч энэ хуралд суусан нь дамжиггүй. Х.Нямбаатарын туслахууд үнэтэй брэндийн цаг, костюм, үс суулгуулчихаад л маадгар сууж байна. Өөр зөндөө олон олон “завхай” нэр авсан залуус хурлын заалыг дүүргэсэн харагдана лээ. Манай хууль, хяналтынхан хуулиа хоёр өөр нүүрээр хэрэгжүүлдэг тод жишээ энэ.
ХУУЛЬ ХЭНД ҮЙЛЧИЛДЭГ ВЭ?
Энэ бүхний хажуугаар Нийслэлийн МАН-ын хорооны хурлын үеэр төрийн өмч, авлигын хэрэгтэй холбоотой асуудалд нэр холбогдсон хүмүүсийн улс төрийн байр суурь, оролцоо хэвээр байгаа тухай олон нийтийн шүүмжлэл өрнөж байна.
Хэн нэгэн үсээ суулгуулсан, гадаад төрхөө өөрчилсөн нь гэмт хэргийн нотолгоо биш. Хүний үсээр гэм бурууг тогтоодоггүй. Харин олон нийтийн анхаарал татаж буй зүйл бол төрийн өмчийн асуудлаар хариуцлага нэхэгдэж байхад улс төрийн хүрээлэл дотор ямар ч асуудалгүй мэт сууж байгаа дүр зураг юм.
Үс нь ургаж болно. Албан тушаал нь солигдож болно. Намын дарга нь ажлаа өгч болно. Гэхдээ төрийн өмчийн мөнгө хаашаа орсон, хэн ямар шийдвэр гаргасан, хэн ямар ашиг хүртсэн гэдэг асуулт арилчихгүй. Хамгийн аюултай нь авлига ч биш, авлига илэрсэн ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо юм. Нэг хэсэг нь гадаадаас лайв хийнэ. Нөгөө хэсэг нь намынхаа индэр дээр эргэн гараад албан тушаалаа шилжүүлнэ. Харин иргэд шатахуунд дугаарлаж, татвараа төлж, амьдралаа залгуулсаар.
Төрийн өмч гэдэг эзэнгүй хөрөнгө биш. Тэр бол иргэн бүрийн өмч. Төрийн өмчит компанийн алдагдал бол эцэстээ иргэний халааснаас гардаг мөнгө. Төрийн тендерийн хуйвалдаан бол иргэний төлсөн татварыг цөөн хүний ашиг сонирхолд шилжүүлж буй хэрэг.
Хувийн өмчийг хулгайлсан хүнийг хариуцлага хүлээлгэдэг шиг нийтийн өмчийг завшсан байж болзошгүй албан тушаалтанд ч яг ижил зарчим үйлчлэх ёстой. Төрийн өмч гэдэг төрийн албан тушаалтны хувийн өмч биш.
АТГ, ПРОКУРОР, ШҮҮХЭЭС АСУУХ АСУУЛТУУД
-“Бодь интернэшнл”-ийн 110 сая ам.долларын гэх асуудлаар 2026 оны гуравдугаар сард хүлээн авсан 894 хуудас материалд ямар мөрдөн шалгах ажиллагаа яасан бэ?
-А.Амундра гэрчийн хамгаалалтад орох хүсэлт гаргасан бол ямар шийдвэр гаргасан бэ? -Түүнтэй холбогдож, мэдүүлэг авсан уу?
-110 сая ам.долларын гүйлгээ, бэлэн мөнгөний хөдөлгөөн, гэрээний үнийн өсөлт, холбогдох албан тушаалтнуудын шийдвэрийг шалгаж байгаа юу?
-Х.Нямбаатарт холбогдох Интерполын “Хөх булант” хүсэлтийн одоогийн статус юу вэ?
-Хаана байгааг нь тогтоосон уу?
-“Туулын хурдны зам”-ын 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр, холбогдох томилгоо, 20 орчим тендертэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд байна вэ?
-Эдгээр хэргүүдийн хүрээнд төрийн өмчид учирсан бодит хохирлыг тогтоосон уу. Хэрэв тогтоосон бол хохирлыг барагдуулах ажиллагаа эхэлсэн үү?
Эдгээр асуулт бол улс төрийн дайралт биш. Татвар төлөгчдийн асуулт.
ЭЦСИЙН ЭЦЭСТ
Монголд хулгай хийсэн эсэх нь тогтоогдоогүй байхад хүнийг хулгайч гэж цоллож болохгүй. Гэхдээ хулгай хийсэн эсэхийг тогтоох ёстой байгууллагууд ажлаа хийхгүй байхад тэднийг зүгээр хараад сууж бас болохгүй. Хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. Намын гишүүн, сайд, дарга, бизнесмэн, жирийн иргэн гээд хэнд ч ялгаагүй.
Хэрэв төрийн өмч шамшигдуулсан гэх хэрэг үнэн бол хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой. Худал бол хэн ч байсан нэр төрөө сэргээлгэх эрхтэй. Харин аль аль тохиолдолд эцсийн хариуг лайв биш, хууль ёсны мөрдөн шалгалт, хараат бус шүүх өгөх учиртай.
Өнөөдөр Монголд төрийн өмчийг хэн хамгаалж байгаа нь тодорхойгүй байна. Харин төрийн эрх мэдэлтэй хүмүүс өөрсдийгөө хамгаалахдаа ямар чадвартайг бид хангалттай харлаа.
Төрөөсөө хулгайлсан нь багадаад төрөөрөө хамгаалуулдаг улс боллоо, Монгол Улс!
АВЛИГААР ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛДАГ ТӨР ЭЦЭСТЭЭ ӨӨРӨӨ НУРДАГ
Түүхэнд ийм зүйл ганц Монголд тохиолдож байгаа юм биш.
ЗХУ-ын Брежневийн үеийг эргэн санацгаая. Намын дээд давхарга албан тушаал, эрх мэдэл, тусгай хангамж, нөлөөллийн сүлжээгээр өөрсдийгөө хамгаалдаг болсон байв. Жирийн иргэд бараа бүтээгдэхүүний хомсдолд орж, эдийн засаг зогсонги байдалд орсон ч эрх баригч элитийн давуу эрх хэвээр байлаа. АНУ-ын Төрийн департаментын 1980-аад оны эхэн үеийн дотоод үнэлгээнд ЗХУ-ын эрх баригч элитийг зогсонги, авлигад автсан, улс орныг үр дүнтэй удирдах чадвараа алдсан гэж тодорхойлсон байдаг.
Намын эрх ашиг улсын эрх ашгаас дээгүүр тавигдаж, албан тушаалтан албан тушаалтнаа хамгаалж, хариуцлага тооцох механизм суларсан. Ингэснээр авлига зөвхөн мөнгө завших асуудал биш, төрийн удирдлагын бүх түвшнийг нэвт шингээсэн тогтолцооны өвчин болжээ.
Үүний балгаар эдийн засгийн зогсонги байдал, хүнсний хомсдол, нийгмийн итгэл алдарснаас эцэст нь ЗХУ 1991 онд задран унасан. Мэдээж ЗХУ-ын задрал ганц авлигаас шалтгаалаагүй. Эдийн засгийн бүтцийн доголдол, улс төрийн хямрал, үндэстнүүдийн тусгаар тогтнолын хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн. Гэхдээ хариуцлагагүй элит, шинэчлэл хийх чадваргүй нам, өрийн бүтэц нь системийн доройтлыг улам гүнзгийрүүлсэн нь түүхэн баримт.
Румыний Чаушескугийн түүх бүр ч сургамжтай.
Тэрээр улс орноо хүчирхэг аж үйлдвэржсэн гүрэн болгоно гэсэн зорилгоор эдийн засгийг төвлөрүүлж, гадаад өрөө аль болох хурдан төлөх бодлого хэрэгжүүлсэн. Үүний төлөө иргэдийн хэрэглээг хязгаарлаж, эрчим хүч, хүнс, өргөн хэрэглээний барааг экспортод чиглүүлж, ард түмнээ хүнд нөхцөлд амьдруулсан. Яг л манайх шиг төрийн суртал ухуулга нь хөгжил, тусгаар тогтнол, үндэсний бахархлыг ярьж байхад иргэд нь талх, дулаан, цахилгааны хомсдолтой нүүр тулж байлаа.
1989 онд Румын гадаад өрөө төлж дуусгасан ч ард иргэдийн амьдрал сайжраагүй. Харин ч эдийн засаг, нийгмийн бухимдал хуримтлагдсаар Чаушескугийн дэглэм хувьсгалаар нуран унасан. Өнөөдөр манай гадаад өр талийсан. Нэг хүнд 30 сая төгрөгийн өр ноогдож байгаа бол үүнийг улам бүр нэмэхээр Засгийн газрын бонд гаргаж, Монголбанкны хуримтлагдсан 6.9 их наядын өрийг төлөх хуулийн төсөл өргөн барьчихаад байна.
Тэгэхээр улсын өрийг төлсөн нь төр зөв ажиллаж байгаагийн баталгаа биш. Төрийн сүр хүч, том бүтээн байгуулалт, сүржин уриа нь иргэдийн амьдралын бодит үзүүлэлтийг орлож чаддаггүй.
Заирын Мобутугийн түүх төрийн өмчийг эрх баригчдын хувийн өмч мэт ашиглахын үр дагаврыг харуулдаг.
Мобуту төрийн институци, нам, аюулгүй байдлын байгууллагуудыг өөрийн эрх мэдлийн сүлжээнд нэгтгэж, улс төрийн өрсөлдөгчдөө шахан зайлуулж, авлигыг тогтолцооны нэг хэсэг болгосон. Төрийн байгууллагууд иргэдэд үйлчлэхээс илүүтэй эрх баригчийн эрх мэдлийг хадгалах хэрэгсэл болж хувирсан. Эцэст нь төрийн институц нь суларч, эдийн засаг нь доройтож, улс орон задралын ирмэгт хүрсэн. Манайд ч яг л ийм үйл явц өрнөж байна.
Эдгээр түүхээс нэг л дүгнэлт харагдана.Төрийн өмчийг хамгаалах ёстой хүмүүс нь төрийн өмчөөс ашиг хүртдэг сүлжээний нэг хэсэг болбол хулгайг шалгах байгууллага хүртэл хулгайг хамгаалах механизм болж хувирах эрсдэлтэй.
Монгол яг энэ түүхийг давтах ёстой гэж хэн ч хэлээгүй. Монгол бол ЗХУ, Румын, Заир биш. Бас Аргентин, Венесуэл ч биш. Гэхдээ нам, төр, бизнесийн ашиг сонирхол хоорондоо хэт нягтарч, хуулийн байгууллагын бие даасан байдал суларч, албан тушаалтанд хариуцлага тооцох боломж хумигдвал ямар үр дагаварт хүрдгийг гадны ч, манай ч түүх хангалттай харуулсан.
Төрийн өмчийг завшсан эсэх нь тогтоогдоогүй хүмүүсийг урьдчилан гэм буруутайд тооцох нь шударга ёс биш. Харин хэргийг нь шалгахгүй, баримтыг нь нягтлахгүй, хариуцлага тооцохгүй орхих нь ч шударга ёс биш. Төрийн хамгийн том аюул нь авлига биш. Авлига илэрсэн ч юу ч өөрчлөгддөггүйд оршдог. Яг Монгол шиг.
12-н өдрийн өмнө
Нийтлэгч
Нарантөгс
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...






