|
--°C
| |
logo

У.ХҮРЭЛСҮХИЙН ДАРААГИЙН КАРЬЕР ЮУ ВЭ?

-Зарим хүн албан тушаал ахихын тулд шат өгсдөг. Харин зарим нь огцрох бүрдээ нэг шат дээшилдэг..-

 

Монголын улс төрд нэгэн сонирхолтой карьерын загвар бий боллоо. Албан тушаалаасаа буух бүрдээ улс төрийн замналаа дуусгах биш, харин дараагийн шатанд хүрэх боломж олдог нэгэн улстөрч байна. Тэр бол У.Хүрэлсүх.

Ердийн байгууллагад ажилтан ажлаа муу хийвэл тайлангаа тавьж, алдаа дутагдлаа хариуцдаг. Харин улс төрд заримдаа тайлан тавихаас өмнө суудлаа өгчихдөг. Бүр гайхалтай нь, суудлаа өгөх бүрдээ дараагийн удаа илүү өндөр сэнтийд залардаг байх жишээтэй. У.Хүрэлсүхийн улс төрийн замналыг эргүүлээд харъя.

 

2012 он. УИХ-ын гишүүн

УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай Төрийн ордонд нударга зөрүүлсэн дуулианы дараа У.Хүрэлсүх гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргав. Албан ёсны өргөдөлдөө гэр бүлийн хүнийхээ эмчилгээний шаардлагыг дурдсан байдаг. Гэхдээ парламентын суудлаа орхисон нь улс төрийн замналаа орхисон хэрэг байсангүй. Харин ч цааш өгсөх замнал нь үргэлжилсэн юм.

 

2017 он. Шадар сайд

Энэ удаа өөрийг нь тагнаж, чагнасан гэх асуудал дэгдээж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай цаашид хамтран ажиллах ёс суртахуун, итгэл үнэмшилгүй боллоо хэмээн мэдэгдээд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгөв.

Тагнаж, чагнасан гэх дуулиан Засгийн газрын дотоод зөрчлийг улам хурцатгасан. АТГ тухайн үед уг асуудлыг шалгаж, өөрийгөө тагнасан гэх мэдээллийг зохион байгуулсан байж болзошгүй үндэслэлээр У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлсэн тухай мэдээлж байлаа. Энэ нь тухайн үеийн мөрдөн шалгах ажиллагааны мэдээлэл болохоос шүүхийн эцсийн шийдвэр биш гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Харин улс төрийн үр дүн нь тун сонирхолтой. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болов.

Шадар сайдын суудлаас буусан хүн Ерөнхий сайдын суудалд суув.

 

2021 он. Ерөнхий сайд

Цар тахлын үеэр нярай хүүхэдтэй эхийг эмнэлэг хооронд хүйтэнд нимгэн хувцастай зөөвөрлөсөн асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж, иргэд жагсав. У.Хүрэлсүх ёс зүйн хариуцлага хүлээнэ хэмээн мэдэгдэж, Засгийн газраа огцруулах хүсэлт гаргалаа.

Тухайн үед түүнийг хариуцлага хүлээдэг, зарчимтай төрийн түшээ хэмээн магтах хүмүүс олон байсан. Гэвч Ерөнхий сайдын суудлаа өгсөн нь улс төрийн карьерынх нь төгсгөл болсонгүй. Хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, төрийн тэргүүн болов.

Ерөнхий сайдын суудлаас буусан хүн Ерөнхийлөгчийн сэнтийд залрав.

 

Ерөнхийлөгчөөс буух ээлжит буулт: 2026 он...

Төмөр замын төсөлтэй холбоотой авлигын асуудлаар сөрөг хүчний зүгээс шалгуулах шаардлага тавьсны дараа Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөх шийдвэрээ зарлалаа. Нэр төрөө сэргээлгэхийн тулд хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдэв.

Мэдээж хэрэг, шалгуулах шаардлага тавигдсан нь гэм буруутай гэсэн үг биш. Үүнийг хууль, шүүх тогтооно. Харин улс төрийн намтарт нь дахин нэг суудлаа орхих үйл явдал нэмэгдэх гэж байна.

Ингээд түүний улс төрийн намтрыг нэг хүснэгтэд багтаавал:

Он

Албан тушаал

Дараагийн улс төрийн шат

2012

УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөв

Улс төрийн замналаа үргэлжлүүлэв

2017

Шадар сайдаас буув

Ерөнхий сайд болов

2021

Ерөнхий сайдаас огцров

Ерөнхийлөгч болов

2026

Ерөнхийлөгчийн ажлаа өгөхөө зарлав

?

 

Дөрвөн үе, дөрвөн өөр нөхцөл, нэг л давхцал эндээс харагдана.

 

ОГЦРОХ НЬ ЯЛАГДАЛ БИШ, ДАРААГИЙН ШАТ ЮМ УУ?

Эндээс нэг сонирхолтой улс төрийн парадокс харагдана. Ердийн улстөрчийн хувьд огцрох нь улс төрийн карьерынхаа нэг шат ухарсан хэрэг байдаг. Харин У.Хүрэлсүхийн хувьд огцролт бүр дараагийн шат руу өгсөх тавцан болж хувирсан мэт дүр зурагтай.

Үүнийг урьдчилан төлөвлөсөн пи-ар гэж нотлох баримт байхгүй. Гэхдээ улс төрийн үр дүнг нь харахад албан тушаалаа орхих бүрдээ өөрийгөө шинэ дүрээр харуулах боломж бүрдүүлж иржээ.

Нэг удаа зарчимдаа үнэнч хүн болж харагдана. Дараагийн удаа ёс зүйн хариуцлага хүлээсэн төрийн түшээ болно. Бас нэг удаа өөрийгөө шалгуулахад бэлэн, нэр төрөө хамгаалж буй хүн болж гарч ирнэ.

Улс төрд зарим хүн албан тушаалаа хадгалахын тулд пи-ар хийдэг бол У.Хүрэлсүх албан тушаалаа өгөхдөө пи-ар хийдэг хүн.

Түүний хувьд огцрох гэдэг шатаар уруудах биш, лифтээр дээшлэхтэй адил болчихоод байна.

Албан тушаалаа өгсөн нь хариуцлага хүлээсэн гэсэн үг үү? Эсвэл хариуцлага нэхсэн хүмүүсээс зугтаасан хэрэг үү?

Нэгэнт төрийн өндөр албан тушаал хашсан бол хийсэн ажлаа тайлагнах, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх үүрэг нь суудлаа өгсөн ч дуусахгүй. Төрийн алба бол асуудал гарахаар тайлбараа орхиод явдаг хувийн компани биш. Төрийн эрх мэдэл бол хувийн өмч ч биш. Жагсагчдын хэлдгээр “Ажлаа өгөх амархан”. Харин хийсэн ажлаа тайлагнах, алдаагаа хүлээх, асуудлыг шийдэх нь жинхэнэ хариуцлага юм.

Тэгээд ч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа гэдэг зөвхөн ёслолын арга хэмжээнд оролцож, одон медаль гардуулж, гадаадын зочин хүлээн авах хугацаа биш. Хийсэн ажлаа тайлагнаж, ард түмний өмнө хариуцлага хүлээх хугацаа юм.

 

ТҮҮНИЙ ДАРААГИЙН КАРЬЕР НЬ ЮУ ВЭ?

 

У.Хүрэлсүхийн улс төрийн замнал хаашаа эргэх бол? Намын дарга болох уу? Улс төрийн шинэ хөдөлгөөн эхлүүлэх үү? Эсвэл хэсэг хугацаанд нам гүм байж, дараагийн том боломжийг хүлээх үү?

Одоогоор энэ бүхэн таамаг төдий. Гэхдээ өмнөх замналыг нь харахад нэг зүйл сонирхол татна. Тэрбээр албан тушаалаасаа буух бүрдээ улс төрөөс явсангүй. Харин дараагийн шатанд хүрч иржээ.

Магадгүй Монголын улс төрд нэгэн шинэ карьерын шатлал бий болсон байхыг үгүйсгэхгүй.

УИХ-ын гишүүнээс Шадар сайд, Шадар сайдаас Ерөнхий сайд, Ерөнхий сайдаас Ерөнхийлөгч..?

Энэ удаагийн асуулт нь Ерөнхийлөгч яагаад ажлаа өгөв гэдгээс гадна дараагийн удаа ямар дүрээр, ямар албан тушаалтайгаар эргэн ирэх вэ гэдэгт ч чиглэж байна.

 

Нийтлэгч

Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...