|
--°C
| |
logo

БРЕЖНЕВИЙН ХИАМНААС УЧРАЛЫН НӨӨЦИЙН МАХ ХҮРТЭЛ-2

-Тусгаар монголын иргэн бусдын шийдвэрийг хүлээж амьдрах ёсгүй-

 

Махны дараалал хүний ходоодыг хонхолзуулдаг бол шатахууны дараалал бүхэл бүтэн эдийн засгийг боомилдог.

Монгол Улс шатахууны хэрэглээнийхээ дийлэнхийг импортоор, тэр дундаа ОХУ-аас хангадаг. Энэ бол олон жил хуримтлагдсан бүтцийн хамаарал. Нийлүүлэгч талд засвар гарна, тээвэр саатна, нийлүүлэлтийн хуваарь өөрчлөгдөнө. Дайнд бөмбөгдүүлнэ. Тэгэхэд Монголын иргэн колонк дээр дугаарлаж эхэлдэг.

Нэг улсаас хэт хамааралтай байх нь зөвхөн гадаад худалдааны асуудал биш. Энэ бол эдийн засгийн аюулгүй байдлын асуудал.

Энд бас нэг логик бий.

Төр стратегийн бүтээгдэхүүний хангамжийг хариуцна гэж ярьдаг. Гэвч олон жилийн турш нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлж, дотоодын боловсруулах хүчин чадал бий болгож, хадгалалтын нөөцөө нэмэгдүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж чадаагүй бол иргэдэд юу тайлбарлах вэ?

Тэдний хэлдэг дайны үе, олон улсын геополитик, ОХУ-ын үйлдвэр засварт орсон гэдэг тайлбар байж болно. Гэхдээ энэ бол Монголын иргэнээс үл хамаарах эрсдэл. Төрийн бодлого ийм эрсдэлийг тооцож, өөр хувилбар бэлдэх ёстой байсан. Гэв тэгдэггүй. Харин бид жил бүр ижил асуулт асуудаг. Бензин ирэх үү? Дизель олдох уу? Хэд хоногийн нөөцтэй вэ? Аль колонк дээр түлш байна вэ?

Улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хэд хоногийн нөөцөөр хэмжих нь хангалтгүй. Нөөцөөс гадна эх үүсвэр, тээвэр, өрсөлдөөн, хөрөнгө оруулалт, гэрээний найдвартай байдал чухал.

Төр өөрөө шатахуун импортлох албагүй. Харин импортлох боломжийг хааж, өрсөлдөөнийг хязгаарлаж, бизнес эрхлэгчдийг тодорхой цөөн сувгаас хамааралтай болгох ёсгүй.

Тусгаар тогтнол гэдэг бусдын нийлүүлэлтийг хүлээж суух тэсвэр биш, өөрийн эрсдэлийг удирдах чадвар юм.

Монгол Улс далайд гарцгүй байж болно. Гэхдээ сонголтгүй байх ёсгүй.

 

ҮНИЙГ БАРИХ ГЭЖ ОРОЛДООД БИДНИЙ АМЬДРАЛЫГ БАРЖ БАЙНА

Төрийн хамгийн дуртай үгсийн нэг нь “үнийн тогтвортой байдал”.

Үнийн өсөлт бол мэдээж иргэдэд хүнд тусдаг. Гэхдээ үнэ өссөн гэдэг шалтгаанаар үнийг буруутгах нь халуурсан хүний халууны шилийг хагалж “эмчлэхтэй” адил.

Термометр халууныг бий болгоогүй. Харин биеийн байдлыг мэдээлж байна. Үнэ ч мөн адил. Махны үнэ өссөн бол эрэлт, нийлүүлэлт, зардал, улирлын нөхцөл, ханш, тээвэр, үйлдвэрлэлийн бүтцийг судлах хэрэгтэй. Харин үнийг бууруулах тушаал гаргалаа гээд эдгээр шалтгаан арилчихгүй.

Үнэ бол зах зээлийн дохио. Өндөр үнэ нийлүүлэлт нэмэх хэрэгцээг үйлдвэрлэгчдэд мэдээлдэг. Ашиг олох боломж бий болвол шинэ бизнес эрхлэгчид зах зээлд орж ирнэ. Өрсөлдөөн нэмэгдэж, хэрэглэгч сонголттой болно.

Харин төр үнийг хүчээр доош барьж, нийлүүлэгчийн ашгийг үгүй хийж, бизнесийн эрсдэлийг нэмэгдүүлбэл шинэ нийлүүлэгч орж ирэх сонирхол буурна. Үүний үр дүнд бараа хомсдох эрсдэл нэмэгдэнэ.

Гэхдээ үнийн өсөлт бүрийг төрийн оролцооноос болсон гэж үзэж болохгүй. Мөнгөний бодлого, төсвийн алдагдал, импортын үнэ, ханш, ургац, цаг агаар, дэлхийн зах зээлийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Гол нь эдгээрийг судлахын оронд ченжийг загнаж, занаад,  үнийг захиргаадалтаар тогтоох нь асуудлыг шийдэх арга биш.

2026 оны хоёрдугаар сарын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 18.1 хувиар өссөн байна. Үүний дотор үхрийн махны үнэ 26.4 хувиар нэмэгджээ.

Энэ тоо бол иргэдийн худалдан авах чадварт ирж буй дарамтын бодит илэрхийлэл. Гэвч төр үүнийг зөвхөн махны үнийг тогтоох замаар шийдэх гэж оролдвол шалтгааныг нь бус шинж тэмдгийг нь эмчилж буй хэрэг.

Мизесийн эдийн засгийн тооцооллын тухай санаа энд дахин гарч ирнэ. Үнэ, ашиг, алдагдал гэдэг бизнес эрхлэгчдэд төдийгүй нийгэмд нөөцөө хэрхэн ашиглах тухай мэдээлэл өгдөг. Тэр мэдээллийг төрийн тушаалаар орлуулах гэж оролдох нь нийгмийн мэдлэгийг нэг ширээн дээр хурааж байна гэсэн үг.

Монголчууд “Үнэн хэлсэн хүнд хүн өштэй, үхэр унасан хүнд нохой өштэй” гэдэг. Гэхдээ зах зээлийн үнэ төрд таалагдахгүй байна гээд түүнийг буруутгах нь үнэнийг нуусантай адил.

Үнийг буруутгахаасаа өмнө үнийг өсгөсөн шалтгааныг ол. Бизнес эрхлэгчийг загнахаасаа өмнө бизнес эрхлэх боломжийг нь хар.

ТӨР БҮХНИЙГ ХИЙХ ГЭЖ ОРОЛДОХ ТУСАМ ХАРИУЦЛАГААС ЗУГТДАГ

Төрийн тухай нэг том эндүүрэл бий. Төр том байх тусмаа хүчтэй, төр их мөнгө зарцуулах тусмаа иргэдээ хамгаалдаг гэж боддог.

Гэтэл төрийн хэмжээ томрох нь төрийн чадамж сайжирсны баталгаа биш.

Олон яам, агентлагтай байж болно. Олон дарга, зөвлөх, ажлын хэсэгтэй байж болно. Тэр ч бүү хэл асуудал бүрээр тусгай штаб байгуулж болно. Гэвч иргэн өглөө босоод бензин олдохгүй, орой дэлгүүр ороод мах авч чадахгүй байвал төрийн байгууллагын тоо ямар хэрэгтэй юм бэ?

Төрийн үүргийг хоёр зүйлээр ялгаж харах хэрэгтэй.

Нэгдүгээрт, төр хүний эрх, амь нас, өмч хөрөнгө, гэрээний эрх чөлөөг хамгаалах ёстой. Хууль зөрчсөн этгээдэд хариуцлага тооцож, шударга өрсөлдөөнийг хангах ёстой.

Хоёрдугаарт, төр иргэдийн өмнөөс үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний шийдвэр гаргах ёсгүй. Төрийн албан тушаалтан иргэний мөнгөөр эрсдэл үүрч, дараа нь алдааныхаа төлбөрийг татвар төлөгчдөөр төлүүлэх эрхтэй байж болохгүй.

Мюррей Ротбард төрийн албадлагын шинж чанар, хувь хүний өмчийн эрхийн талаар бичихдээ хүний эрх чөлөөний суурь нь өөрийн бие, хөдөлмөр, өмчөө захиран зарцуулах эрх гэдгийг онцолдог.

Либертари үзлийн үүднээс төрийн эрх мэдлийг хязгаарлах нь төрийг устгах гэсэн үг биш. Харин төрийг өөрийн хууль ёсны хил хязгаарт нь байлгах тухай асуудал юм.

Монголчууд “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашина” гэдэг. Гэтэл эдийн засгийн амьдрал дээр хүн бүр өөрийн толгойгоороо шийдвэр гаргах боломжийг төр нь хязгаарлаад байвал яаж бие даасан иргэн бий болох вэ?

Малчин малаа зарахдаа төрийн заавар хүлээдэг, худалдаачин үнээ тогтоохдоо төрийн зөвшөөрөл боддог, хэрэглэгч бараагаа авахдаа төрийн хөнгөлөлт хайдаг нийгэмд эрх чөлөө зөвхөн Үндсэн хуулийн заалт болж үлдэнэ.

Эрх чөлөө гэдэг төрөөс бэлэг болгон өгдөг зүйл биш. Хүнд угаасаа байх ёстой заяагдмал эрх юм.

 

ХАЛАМЖААР АМЬДАРДАГ ИРГЭН ҮҮ, МӨНЧИГРӨӨРӨӨ АМЬДАРДАГ ИРГЭН ҮҮ?

Төрийн оролцоо зөвхөн үнэ тогтоох, мах нөөцлөхөөр хязгаарлагдахгүй. Иргэдийн амьдралыг халамж, татаас, хөнгөлөлтөөр зохицуулах гэсэн хандлага ч мөн адил.

Үнэ өсөхөөр тэтгэвэр нэмнэ. Цалин хүрэхгүй болохоор бэлэн мөнгө тараана. Иргэдийн амьдрал хүндэрвэл хөнгөлөлттэй зээл гаргана. Бизнес эрхлэхэд хүндрэлтэй бол төрийн сангаас зээл олгоно.

Ингэсээр төр иргэнийхээ амьдралыг сайжруулахын оронд өөрийнхөө бий болгосон тогтолцооны хамааралд оруулдаг. Үр дүн нь өнөөгийн гуйлгачин монгол, ядуугийн зовлон.

Төр иргэдээ ядуу байлгахыг хүсдэггүй байж болно. Гэхдээ иргэдийг ядууралд хүргэж буй шалтгааныг өөрчлөхгүйгээр мөнгө тараагаад байвал асуудал шийдэгдэх үү?

Адам Смит 1776 онд хэвлүүлсэн “Үндэсний баялаг” бүтээлдээ хөдөлмөрийн хуваарь, хувийн ашиг сонирхол, чөлөөт солилцооны эдийн засгийн ач холбогдлыг тайлбарласан. Түүний алдарт “үл үзэгдэх гар” гэдэг ойлголт нь хүн бүр өөрийн ашиг сонирхлыг хөөхдөө өрсөлдөөн, солилцооны нөхцөлд бусдын хэрэгцээг хангах боломжтойг илэрхийлдэг.

Энэ нь хүн бүр ариун сэтгэлтэй, бизнес эрхлэгч бүр сайн хүн гэсэн үг биш. Харин нэг хүний сайн санаанаас илүү өрсөлдөөн, хариуцлага, өмчийн эрхэд тулгуурласан тогтолцоо нийгэмд илүү тогтвортой үр дүн бий болгож чадна гэсэн санаа юм.

Монголд бизнес эрхлэгч ашиг олохыг нүгэл мэт үздэг хандлага бий. Ашиг олбол шунахай, үнэ нэмбэл мөлжигч, хөрөнгөжвөл луйварчин гэж хардах нь элбэг. Гэтэл ашиг олох боломжгүй бол хэн шинэ үйлдвэр барих вэ? Хэн агуулах байгуулах вэ? Хэн хөргөлтийн төхөөрөмж оруулж ирэх вэ? Хэн шатахууны нийлүүлэлтийн өөр эх үүсвэр хайж эрсдэл үүрэх вэ?

Ашиг бол зөвхөн бизнес эрхлэгчийн халаасанд үлдэх мөнгө биш. Ашиг олох боломж нь шинэ хөрөнгө оруулалт, ажлын байр, үйлдвэрлэл, үйлчилгээний хөдөлгүүр болдог.

Мэдээж хууль бус монополь, авлига, төрийн хамгаалалттай шахааны бизнесийг чөлөөт зах зээл гэж нэрлэж болохгүй. Тийм бизнес бол зах зээл биш, төрийн эрх мэдлээр хамгаалуулсан давуу эрх юм. Яг өнөөгийн монголын топ 10 аж ахуйн нэгж шиг.

Тиймээс төрийн хийх ажил бол бизнес эрхлэгчийг шийтгэх бус, өрсөлдөөнийг хамгаалах. Халамжийн хамаарал бий болгох бус, хөдөлмөрлөж, бүтээж, өмчтэй болж, өөрийн амьдралаа авч явах боломжийг нэмэгдүүлэх явдал.

Хүн бүрийг төрийн халамжаар тэжээдэг улс баян болдоггүй. Харин хүн бүр өөрийгөө тэжээх боломжтой улс л баялаг бүтээдэг.

 

МОНГОЛД ТӨР БАГА БАЙХААС ӨМНӨ ИРГЭН НЬ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛОХ ЁСТОЙ

Монголчууд бидэнд нэг сайхан уламжлал бий. Нүүдэлчин ахуйд хүн өөрийн малаа хариуцаж, өөрийн амьдралаа авч явж, хөрштэйгөө наймаа хийж, хэрэгцээгээ өөрөө шийдэж ирсэн. Малчин хүн малаа хаана бэлчээх, хэдийг борлуулах, хэдийг өсгөхөө төрөөс асуудаггүй байлаа.

Энэ бол ямар ч хуульгүй, ямар ч зохицуулалтгүй байсан гэсэн үг биш. Харин амьдралын олон шийдвэрийг төвөөс бус, тухайн орон нутгийн мэдлэг, хувь хүний хариуцлагаар шийддэг байсан гэсэн санаа.

Өнөөдөр бидэнд хэрэгтэй зүйл бол тэр бие даасан байдлыг орчин үеийн хууль, хувийн өмч, чөлөөт худалдаа, шударга өрсөлдөөнөөр баталгаажуулах явдал.

Либертари үзэл бол төрийг үзэн ядах үзэл биш. Төрийн эрх мэдэл хязгаартай байх ёстой, хүн өөрийн амьдралын эзэн байх ёстой гэсэн үзэл юм.

Хүн өөрийн хөдөлмөрийн үр шимийг хүртэх эрхтэй. Өөрийн өмчөө захиран зарцуулах эрхтэй. Хэнтэй худалдаа хийх, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хаана хөрөнгө оруулах, юуг худалдан авахаа өөрөө сонгох эрхтэй.

Төр энэ эрхийг хамгаалах ёстой болохоос оронд нь шийдвэр гаргах ёсгүй.

Монголын эдийн засагт өнөөдөр дутагдаж буй зүйл зөвхөн мах, шатахуун, мөнгө биш. Хамгийн их дутагдаж байгаа зүйл бол иргэнийхээ чадварт итгэдэг төр, төрөөс хараат бус амьдрах боломжтой иргэн юм.

 

БРЕЖНЕВ ҮХСЭН Ч БРЕЖНЕВИЙН СЭТГЭЛГЭЭ ҮЛДЖЭЭ

Бид социалист нийгмээс гарсан. Гэвч социалист сэтгэлгээнээсээ бүрэн салаагүй байна.

Төр бүхнийг мэддэг, төр бүхнийг зохицуулдаг, төр бүхнийг шийддэг гэсэн хуучин итгэл үнэмшил маань шинэ нэр, шинэ дүрэмт хувцас өмсөөд амьдарсаар байна.

Нэг өдөр махны үнэ өсөхөөр төр нөөцийн мах гаргана. Нөгөө өдөр бензин тасалдахаар шуурхай штаб байгуулна. Дараагийн өдөр барааны үнэ нэмэгдэхээр хяналт шалгалт явуулна. Тэгээд асуудал шийдэгдээгүй хэвээр үлдвэл дахин хөтөлбөр, дахин тогтоол, дахин төсөв батална.

Энэ бол асуудлыг шийдэж байгаа хэрэг үү эсвэл асуудал шийдэж байгаа дүр эсгэсэн төрийн ээлжит жүжиг үү?

Төрийн бодлогыг түүний гаргасан тогтоолын тоогоор биш, иргэдийн амьдралд бий болгосон бодит боломж, үр дүнгээр хэмжих ёстой.

Төрийн амжилтыг хэдэн тонн мах нөөцөлснөөр бус иргэд махаа чөлөөтэй худалдаж авч чадаж байгаа эсэхээр хэмжих хэрэгтэй. Хэдэн удаа шуурхай хуралдсанаар бус шатахууны нийлүүлэлт найдвартай байгаа эсэхээр хэмжих хэрэгтэй. Хэдэн тэрбум төгрөгийн халамж тарааснаар бус хэдэн хүн төрөөс хамааралгүйгээр хөдөлмөрлөж, амьдралаа дээшлүүлж байгаагаар хэмжих ёстой.

Монголчууд “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэж хэлдэг. Энэ үгэнд эрх чөлөөний гүн ухаан бий.

Хүн өөрийн сонголтоороо алдах эрхтэй байх ёстой. Алдаанаасаа суралцах боломжтой байх ёстой. Амжилтаа өөрөө бүтээж, үр шимийг нь өөрөө хүртэх ёстой. Харин төр хүний өмнөөс бүхнийг шийдэж, дараа нь өөрийнхөө шийдвэрийн үр дагаврыг иргэдээр үүрүүлэх ёсгүй.

Бидэнд төрөөс хямдруулсан махнаас илүү махаа боломжийн үнээр авч чаддаг эдийн засаг хэрэгтэй. Төрөөс олгосон шатахууны апп-аас илүү найдвартай нийлүүлэлт хэрэгтэй. Төрийн халамжийн мөнгөнөөс илүү өөрийн хөдөлмөрөөрөө амьдралаа авч явах боломж хэрэгтэй.

Брежневийн үед хүмүүс хиамны төлөө дугаарладаг байсан. Өнөөдөр Монголд хүмүүс Н.Учралын нөөцийн махны төлөө дугаарлаж байна. Тэр үеийн дэлгүүрийн үүдэнд байсан дараалал өнөөдөр манай шатахуун түгээх станц, махны цэгүүдийн өмнө үргэлжилж байна.

Түүхийн хамгийн том сургамж нь социалист эдийн засаг нурсан явдал төдий биш. Харин сайн санаатай төр ч гэсэн хүний эрх чөлөө, зах зээлийн бодит мэдээлэл, хувийн санаачилгыг орлож чаддаггүйд оршино.

Брежневийн хиамнаас Учралын нөөцийн мах хүртэл хагас зуун жил өнгөрчээ. Гэвч монголчуудын дугаарлах шалтгаан өөрчлөгдөөгүй бол бид хөгжлийг хаанаас хайх ёстой вэ?

Төрийн ордонд биш. Тогтоолын хавтас дотор биш. Сайд нарын амлалтад ч биш.

Харин төрөөс хараат бус хөдөлмөрлөж, үйлдвэрлэж, худалдаалж, сонголтоо өөрөө хийж чадах эрх чөлөөтэй иргэний амьдрал дотроос хайх ёстой.

Хөгжил гэдэг төр иргэндээ юу тарааж байгаагаар бус, иргэн төрөөс гуйхгүйгээр юу бүтээж, юу худалдан авч чадаж байгаагаар хэмжигдэнэ.

Брежневийн хиамны дараалал түүх болсон. Харин Учралын нөөцийн махны дараалал хэзээ түүх болох вэ?

Нийтлэгч

Mongolic

Коммент (0)

Та сэтгэгдлээ үлдээнэ үү...

Сэтгэгдлүүд ачааллаж байна...