ОГЦРОХ УРЛАГ

Албан тушаалаасаа буух нь эрх мэдлээ алдахтай адил биш.
Монголын улс төрд нэгэн сонирхолтой үзэгдэл дахин давтагдлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр төрийн тэргүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч, УИХ 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд уг хүсэлтийг 92.3 хувийн саналаар дэмжив.
Төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаа дуусахаас 221 хоногийн өмнө албан тушаалаа өгч байгаа нь Монголын улс төрд урьд өмнө байгаагүй тохиолдол байлаа.
Гэхдээ энэ үйл явдлын хамгийн сонирхолтой хэсэг нь Ерөнхийлөгч огцорсон явдал биш. Харин огцрох өргөдөл гаргасан шалтгаан, түүнийг олон нийтэд тайлбарласан арга, УИХ дахь улс төрийн хүчнүүдийн хариу үйлдэл, хамгийн гол нь энэ бүхний дараа үүсэж болох улс төрийн шинэ нөхцөл байдал юм.
Улс төрд зарим хүн албан тушаалаа алдсанаар хүчгүйддэг бол зарим нь албан тушаалаа орхисноороо улс төрийн шинэ боломж нээдэг. У.Хүрэлсүхийн улс төрийн замналыг эргэн харахад энэ хоёр дахь хувилбарын тухай асуулт өөрийн эрхгүй төрнө.
УХРАЛТ УУ ЭСВЭЛ ДАРААГИЙН НҮҮДЭЛ ҮҮ?
У.Хүрэлсүхийн улс төрийн замналд нэгэн давтагддаг хэв маяг бий. Өнгөрсөнд тэрбээр нэг УИХ-ын гишүүнээс, хоёр Шадар сайдаас, дөрөв дэх удаад Ерөнхийлөгчөөс огцорлоо.
Эдгээр үйл явдлыг бүгдийг нь нэг шалтгаантай, урьдчилан төлөвлөсөн улс төрийн тактик гэж дүгнэх боломжгүй. Цаг үе, нөхцөл байдал, улс төрийн шалтгаан нь өөр өөр. Гэхдээ нэг ижил үр дүн ажиглагддаг нь сонирхолтой. Албан тушаалаасаа ухарсан улс төрч дараа нь дахин өндөр албан тушаалд хүрч ирсэн түүхтэй.
Энд улс төрийн шинжлэх ухааны нэг ойлголтыг авч үзье. Үүнийг стратегийн ухралт гэж нэрлэж болно.
Улс төрч заримдаа эрх мэдлээ хадгалахын тулд албан тушаалаа хамгаалах биш, харин албан тушаалаас түр холдох шийдвэр гаргадаг. Учир нь тухайн мөчид албан тушаалаа хамгаалах нь улс төрийн өртгийг нэмэгдүүлж, харин ухрах нь хохирлыг хязгаарлаж, өөрийгөө дахин байршуулж, дараагийн боломжийг хүлээх нөхцөл бүрдүүлж болно.
Гэхдээ энэ нь заавал амжилттай хэрэгждэг арга биш. Ухралтын дараа улс төрийн капитал нэмэгдэх үү, эсвэл алдагдах уу гэдэг нь олон нийтийн үнэлгээ, институцийн хариу үйлдэл, дараагийн үйл явдлаас шалтгаална.
У.Хүрэлсүхийн хувьд өмнөх улс төрийн замнал нь энэ асуултыг тавих үндэслэл болж байна.
ХОХИРОГЧИЙН ДҮР БОЛ СОНГОДОГ АРГА
Энэ удаагийн үйл явдлын хамгийн чухал хэсэг нь Ерөнхийлөгчийн огцрох шийдвэрээ олон нийтэд тайлбарласан хэлбэр юм.
Тэрээр өөрийнх нь нэр төрд халдсан гүтгэлгийг таслан зогсоож, үнэн худлыг хуулийн байгууллагаар шалгуулан тогтоолгохын тулд албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдсэн. Энд улс төрийн харилцааны маш чухал нэгэн механизм ажиллаж байна.
Асуудлыг өөрийнх нь эсрэг тавьсан байхад улстөрч түүнийг өөрийнх нь ёс суртахууны шийдвэр болгон хувиргаж чадлаа.
Эргээд харцгаая. Анх төрийн тэргүүнтэй холбоотой ноцтой мэдээлэл гарч ирэв. Дараа нь төрийн тэргүүн өөрөө ажлаа өгөхөөр шийдэв. Үйл явдал хүчээ авахад тэрээр өөрийгөө шалгуулахын тулд албан тушаалаасаа татгалзаж буй ёс зүйтэй хүн хэмээн тайлбарлав.
Харин одоо улс төрийн маргааны төвд байсан асуудал аажмаар түүний гаргасан шийдвэрийн зориг, ёс зүйн тухай хэлэлцүүлэг болж хувирав. Энэ бол асуудлын хүрээг өөрчлөх буюу Framing хэмээх олон нийттэй харилцах харилцааны арга юм.
Анх “Төрийн тэргүүнтэй холбоотой авлигын мэдээлэл үнэн үү, худал уу?” гэх асуулт тайлбар нэхэж байсан бол одоо “Төрийн тэргүүн нэр төрөө хамгаалахын тулд албан тушаалаасаа татгалзсан нь хэр зоригтой үйлдэл вэ?” болж хувирч байна.
Эхнийх нь баримт, нотолгоо, мөрдөн шалгах ажиллагаа, хариуцлагын тухай. Хоёр дахь нь хувь хүний зан чанар, ёс суртахуун, зоригийн тухай.
Ингэснээр анх тавигдсан асуудал шийдэгдээгүй байхад олон нийтийн анхаарал өөр сэдэв рүү шилжиж эхэлжээ. Сэтгэл судлалын үүднээс үүнийг хохирогчийн дүрээр дамжуулан олон нийтийн өрөвдөх, өмгөөлөх сэтгэл хөдлөлийг өдөөх боломж гэж тайлбарладаг аж.
Гэхдээ нэг зүйлийг заавал ялгах ёстой. Хүн өөрийгөө гүтгүүлсэн гэж үзэж, нэр төрөө хамгаалахаар шийдэх эрхтэй. Харин албан тушаалаасаа чөлөөлөгдсөн явдал нь тухайн хүний эсрэг гарсан мэдээлэл худал болохыг нотлохгүй. Үүнийг зөвхөн баримт, хараат бус шалгалт, хууль ёсны ажиллагаа тогтооно.
ЭРХ МЭДЛИЙН ТАТАЛЦЛЫН ХУУЛЬ
Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдааныг ажиглахад нэг зүйл анзаарагдана. Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэх үеэр гишүүдийн олонх нь түүний ажилласан жилүүдийг магтаж, төрийн тэргүүний хувьд гаргасан гавьяа, олон улсын тавцанд Монголын нэр хүндийг өргөсөн үйл ажиллагааг онцолж байлаа.
Ерөнхий сайд Н.Учрал хүртэл Ерөнхийлөгчийн ёс зүйн манлайллыг өндрөөр үнэлсэн.
Эцэст нь санал хураалтад оролцсон гишүүдийн 92.3 хувь нь чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив.
Энэ дүр зургийг улс төрийн онолын үүднээс тайлбарлахад Макс Веберийн эрх мэдлийн тухай үзэл санаа сонирхолтой. Вебер эрх мэдлийг зөвхөн албан тушаал, хууль ёсны эрхээр хэмждэггүй. Тэрээр эрх мэдлийн легитим буюу хүмүүсийн хүлээн зөвшөөрөл, захирагдах бэлэн байдлыг онцолдог.
Улс төрчийн эрх мэдэл гэдэг нь зөвхөн гарын үсэг зурах, шийдвэр гаргах эрх биш. Түүний байр суурийг бусад улстөрчид хэрхэн хүлээн зөвшөөрч, түүнд хэрхэн хандаж байгаагаар ч хэмжигдэнэ.
Улс төрийн хүчтэй төвийг тойрон бусад тоглогчид байр сууриа тодорхойлдог үзэгдэл бий.
Үүнийг эрх мэдлийн таталцал гэж нэрлэж болно.
Эрх мэдэлтэй хүнийг эсэргүүцэхэд улс төрийн эрсдэл өндөр, харин магтаж дагах нь харьцангуй аюул багатай үед улстөрчид өөрсдийн бие даасан байр суурийг бүдгэрүүлж, хүчний төвтэй нийцэх хандлагатай болдог.
Одоо харин бүлгийн сэтгэлгээ хэрхэн ажилладаг талаар нэг бодох хэрэг гарна.
Бүлгийн сэтгэлгээ гэдэг нь бүлгийн гишүүд бие даан шүүн тунгаахын оронд эв нэгдэл, дотоод нийцлээ хадгалахыг илүүд үзэхийг хэлдэг. Ингэхэд шүүмжлэлтэй асуулт багасаж, өөр байр суурь илэрхийлэх хүсэл сулардаг. Энэ сэтгэлгээнд өчигдрийн байдлаар эсрэг санал өгч, шүүмжлэлтэй хандсан 8 гишүүнээс бусад нь автсан гэж хэлж болохоор байлаа. Мэдээж 92.3 хувийн санал дангаараа бүлгийн сэтгэлгээний нотолгоо биш. Хууль зүйн болон улс төрийн өөр өөр үндэслэлээр гишүүд нэг шийдвэрт хүрч болно.
Гэхдээ парламентын үүрэг бол зөвхөн нэг хүний шийдвэрийг ёслол төгөлдөр батлах биш. Төрийн эрх мэдэлд хяналт тавих, олон нийтийн өмнө тайлбар шаардах, эргэлзээтэй асуудлыг тодруулах явдал юм.
Хэрэв парламентын гишүүд асуулт тавихын оронд магтаалын үг хэлэхэд илүү их цаг зарцуулж байвал ардчиллын хяналтын механизмын чанарын тухай асуулт зайлшгүй тавигдана.
Төрийн тэргүүн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж болно. Харин парламент түүнийг магтаж үдэхээс илүүтэй яагаад ийм нөхцөл байдал үүссэнийг нягтлах ёстой байв.
ЭСЭРГҮҮЦЭГЧИЙГ ДАЙСАН БОЛГОХ НЬ
Энэ үйл явдлын бас нэг сонирхолтой хэсэг нь Ерөнхийлөгчийн мэдэгдэлд өөрийг нь гүтгэж, доромжилж байгаа хүмүүсийн тухай асуудал онцгой байр суурь эзэлсэн явдал.
Ингэхдээ улс төрийн маргаан тодорхой нэг асуудлаас хувь хүний нэр төр, халдашгүй байдал, түүнийг өмгөөлөх тухай сэдэв рүү шилжиж байна.
Сэтгэл судлалд үүнийг In-group / Out-group буюу «өөрийн бүлэг» ба «гаднын бүлэг» гэсэн
Нэг талд нь Ерөнхийлөгчийн нэр төрийг хамгаалагчид, нөгөө талд нь Х.Нямбаатар мэтийн төрийн тэргүүнийг гүтгэгчид гэсэн хоёр тал бий болжээ.
Гэтэл ардчилсан нийгэмд Ерөнхийлөгчийг шүүмжилсэн хүн автоматаар гүтгэгч болдоггүй. Мөн Ерөнхийлөгчийг хамгаалсан хүн автоматаар үнэнийг хэлж байгаа гэсэн үг биш.
Улстөрчийг шүүмжлэх эрх, гүтгэлгээс хамгаалуулах эрх хоёр зэрэгцэн орших ёстой.
Энэ хоёр эрхийн аль нэгийг нөгөөгөөр нь дарах нь ардчилсан хэлэлцүүлгийн орон зайг хумина. Тиймээс энэ хэрэгт тавигдах үндсэн шаардлага нь хэн хэнийг гүтгэсэн бэ гэдгээс гадна гаргасан мэдээлэл бүрийг баримтаар шалгаж, хариуцлагыг хуульд нийцүүлэн тогтоох явдал юм. Яг л УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хэлээд байгаа шиг.
ОДОО ХЭН ХЭНД ХЯНАЛТ ТАВИХ ВЭ?
Улс төрийн хувьд хамгийн том асуудал одоо эхэлж байна. Ерөнхийлөгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөр түүний эсрэг тавигдсан асуудлууд автоматаар алга болохгүй.
«Бодь Интернэшнл»-ийн 110 сая ам.долларын асуудал, Х.Нямбаатарын мэдэгдлүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон гэх мэдээллүүд тус тусдаа баримтаар шалгагдах шаардлагатай.
Энд гурван зүйлийг хооронд нь хольж болохгүй.
Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн нэр хүндийг хамгаалах асуудал.
Хоёрдугаарт, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийн үнэн зөвийг тогтоох асуудал.
Гуравдугаарт, төрийн өндөр албан тушаалтнуудын улс төрийн болон хууль зүйн хариуцлагын асуудал.
Эдгээр нь өөр өөр шалгууртай, өөр өөр хариу шаарддаг асуудлууд.
АТГ-аас өмнө нь Ерөнхийлөгчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт зөрчил илрээгүй, «Бодь»-ийн 110 сая ам.долларыг бэлнээр тараасан баримт тогтоогдоогүй тухай мэдээлсэн. Гэхдээ уг төслийн санхүүгийн асуудлаарх шалгалт, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг эцэслэн тогтоосон гэж ойлгож болохгүй.
Иймд Ерөнхийлөгч ажлаа өгсөн нь шалгалтыг зогсоох, харин түүний нэр холбогдсон мэдээллийг баримтгүйгээр үнэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Харин ч эсрэгээрээ, одоо энэ асуудлыг улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байдлаар шалгах шаардлага улам нэмэгдэж байна. Хууль бол эрх мэдэлтэй хүнийг хамгаалах бамбай биш, эрх мэдлийг хязгаарлах хэрэгсэл байх ёстой.
Хэрэв жирийн иргэн хууль зөрчсөн эсэхээ шалгуулах ёстой бол төрийн тэргүүн ч мөн адил шалгуулдаг байх ёстой. Хэрэв жирийн иргэний нэр хүндийг гүтгэлгээс хамгаалдаг бол төрийн тэргүүний нэр хүндийг ч хамгаална. Гэхдээ энэ хамгаалалт нь түүнийг шүүмжлэлээс ангид байлгах эрх биш.
Хуулийн өмнө эрх мэдэлтэй, эрх мэдэлгүй хоёр өөр стандарт үйлчилж болохгүй.
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХ МЭДЭЛГҮЙ БОЛСОН УУ?
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Гэхдээ энэ нь улс төрийн тавцангаас бүрмөсөн явсан гэсэн үг биш.
Харин ч түүний улс төрийн дараагийн алхам юу байх вэ гэдэг асуулт одоо тавигдаж байна.
Тэрээр өмнө нь албан тушаалаасаа ухарсан ч улс төрийн замналаа үргэлжлүүлж, дараагийн шатанд хүрч байсан. Гэхдээ энэ удаагийн нөхцөл байдал өмнөхөөсөө өөр. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө албан тушаалаа өгсөн нь улс төрийн шинэ нөхцөл үүсгэж, дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тов, эрх мэдлийн шилжилтийн асуудлыг нээж байна. Одоо түүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч нам доторх улс төрийн нөлөө, холбоо харилцаа, дэмжигчдийн хүрээгээ хадгалж үлдэх боломж бий.
Тиймээс улстөрчийн дараагийн карьер ямар байх нь нэг асуудал. Түүний өмнөх албан тушаалд байхдаа гаргасан шийдвэр, үйл ажиллагаанд хариуцлага тооцох эсэх нь огт өөр асуудал.
ТӨРИЙН ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ТӨРӨӨС ДЭЭГҮҮР ХҮН ҮҮ?
Өчигдрийн УИХ-ын чуулганы танхимд нэгэн сонирхолтой дүр зураг өрнөлөө. Төрийн тэргүүн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, парламентын гишүүдийн олонх түүний ажил үйлсийг магтан сайшааж,”долоож”, өндөр хувиар дэмжин үдэв.
Гэхдээ ардчилалд улстөрчийг магтаж үдэхээс илүү чухал зүйл бий. Түүнийг хуулийн өмнө хариуцлага хүлээдэг, шүүмжлэлд нээлттэй, эрх мэдлээ хязгаарлуулдаг байхыг шаардах явдал. Төрийн хүн гэдэг шүүмжлэлээс дээгүүр хүн биш. Харин бусдаас илүү хариуцлага хүлээх ёстой хүн юм. Улстөрчийн жинхэнэ ёс зүйг албан тушаалаа өгөхдөө хэлсэн үгээр нь бус, эрх мэдэлтэй байхдаа ямар шийдвэр гаргаж, эрх мэдэлгүй болсон хойноо хуульд хэрхэн захирагдаж байгаагаар нь хэмжих ёстой.
Эцэст нь нэг асуулт үлдэж байна.
Монголын улс төрд албан тушаалаасаа огцрох нь хариуцлага хүлээж буй хэрэг үү эсвэл улс төрийн дараагийн шатанд гарах гарц уу?
Хэрэв огцрох бүрдээ улс төрч илүү өндөр албан тушаалд хүрдэг, харин түүнийг хянах ёстой парламент нь магтаж үддэг хэвээр байвал бид хувь хүний улс төрийн амжилтыг ярьсаар, төрийн институцийн хариуцлагыг мартах аюултай.
Төр хүчтэй байхдаа биш, эрх мэдэлтэй хүн ч хуулийн өмнө жирийн иргэнтэй адил байхдаа л хүчтэй байдаг. Тэрээр төрийн хүн үү эсвэл төрөөс дээгүүр хүн үү гэдгийг дараа дараагийн үйл явц харуулах биз ээ.
Л.Нарантөгс
2-н өдрийн өмнө
Нийтлэгч
Нарантөгс
Коммент (0)
Та сэтгэгдлээ үлдээнэ үү...
Сэтгэгдлүүд ачааллаж байна...






